Хүүхдийн тоглоомын талбай нэрээр барилга барьж байгаад их хэмжээний хохирол учруулжээ

db6ff86b7a97ba57ee850faf99befbb0Баянгол дүүргийн зургадугаар хороо, 10-р хорооллын 48а, 48б, 49-р байрны дэргэд баригдаж байсан 16 давхар барилга дээрээс их хэмжээний мод чулуу унаж, доор нь байсан зургаан автомашиныг эвдэж, айлын тагтны цонх хагалжээ. Тодруулбал, энэ сарын 15-наас 16-нд шилжих салхитай шөнө тус барилга дээрээс их хэмжээний хүрэн хавтан, барилгын суурь тулгуур моднууд унаж, оршин суугчдын зургаан машиныг эвдэж сүйтгэсэн төдийгүй хоёр машин нь сэлбэнд очихоос өөр найдваргүй болсон байна.

Тус барилгын ажлыг “Глоб кредит”-ийн Ж.Мэндбаярын нэр дээр байсан 2 тэрбумаар үнэлэгдэх газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийнхэнтэй хуйвалдаж 70-хан сая төгрөгөөр авсан гэх н.Оюунбилэг захиралтай “Өү энд Би Эн” ХХК гүйцэтгэж байсан аж.

Түүгээр ч үл барам, “Өү энд Би Эн” ХХК  нь 48а, 48б, 49-р байрны оршин суугчдын эзэмшлийн 28 гражаас 26-г нь буулгаж, 16 болон 18  давхар орон сууцны барилга, оффис барьж байсан байна. Уг барилгууд нь барилгын норм дүрэм зөрчиж, хэт ойрхон баригдсанаас 48 болон 49-р байруудын сууринд нөлөөлж, нурж болзошгүй нөхцөл байдал үүсгээд байгаа ажээ.

Тухайлбал, 48а байрны хананд цууралт үүссэнийг Нийслэлийн мэргэжлийн хяналтаас шалгаж, баригдаж байгаа “Өү энд Би Эн” ХХК-ийн орон сууцны барилгаас болсон эсэхийг тодорхойлохоор ажиллаж буй юм байна.

Мөн тус барилгууд нь оршин суугчдын амьдарч байгаа байрны дулаан, цэвэр бохир усны шугамтай маш ойр учраас шугамуудыг гэмтээх эрсдэлтэй төдийгүй байгалийн гэрлийг бүтэн хааж, оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцөл алдагдахад хүрчээ.

Энэ талаар 48а, 48б, 49-р байрны СӨХ болох “Эрдэнэс”-ийн дарга А.Төгсжаргалаас тодруулахад “48а байрны залгаа зүүн талд, 49-р байрны зүүн хойд талд 16 давхар үйлчилгээтэй, хоёр а, б блок орон сууцны барилга барих, мөн 18 давхар оффисын барилга, нийт гурван барилга барих зөвшөөрлийг иргэн н.Эрхэмбилэгт Улаанбаатар хотын ерөнхий архитектур болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга н.Нацагдорж 2013 оны долдугаар сарын 16-нд Баянгол дүүргийн 670 тоот архитектур төлөвлөлтийн даалгавраараа баталж өгсөн байдаг юм билээ.

Архитектур төлөвлөлтийн зөвшөөрлүүдээ авахдаа манай “Эрдэнэс” СӨХ-ийн дарга асан н.Баярмаатай нийлж хуурамч бичиг үйлдэн, СӨХ-ийн тамга тэмдэг ашигласан байдаг. Тодруулбал, оршин суугчидтай зөвшилцөөгүй, зөвшөөрлийг нь аваагүй, СӨХ-ийн удирдах болон хяналтын зөвлөлд мэдэгдээгүй мөртлөө “Оршин суугчид бид энэ барилгын компанитай хамтран ажиллахад таатай байна” гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлж авсан байсан. Ингээд иргэд зөвшөөрсөн гэх уг хуурамч баримтаар архитектур төлөвлөлтийн зөвшөөрлүүдээ авсан байдаг.

Мөн манай оршин суугчдын 28 грашын хоёроос бусдыг нь худалдаж авахдаа оршин суугчдыг төөрөгдүүлж, хуурч мэхэлж, хоёр давхар дулаан граш дээр хүүхдийн тогтоомын талбай барих гэж байгаа гэж гэрээ байгуулсан байдаг. Гэтэл юун тоглоомын талбай. Өнөөдөр тэр газарт 16 давхар а блокын орон сууцаа барьчисан, одоо б блокоо барих ажил үргэлжилж байна” хэмээн мэдээллэв.

Одоогоор тус барилга дээр Мэргэжлийн хяналтаас акт тавьж, үйл ажиллагааг нь зогсоосон байгаа аж. Бид энэ талаар ахин мэдээллэх болно.

Х.Маргад

 

Эх сурвалж: www.TODAY.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих