Япон самурайд дурласан орос бүсгүйн түүх
ОХУ-ын Прогресс тосгоны оршин суугч, 94 настай эмээ Клавдия Новиковаг сүүлчийн замд нь үдэхээр хэдхэн хүн цугларсан байлаа. Түүнд хамаатан садан бараг үлдээгүй, найз нөхөд нь ч хэдийнэ нөгөө ертөнцөд очжээ. Харин орос эмээгийн үхлийн талаар Япон даяар шуугиж, төв телевизээр нь “Ясабүро саны орос эхнэр нас барлаа” хэмээн мэдээлж байв. Клавдия Новиковагийн амьдралын талаар хэдэн арван нийтлэл, ном хэвлэгдэж, кино гаран, жүжиг хүртэл тавигдаж байсан. Энэ эмэгтэй Японд хайр дурлалын бэлэг тэмдэг, хайртынхаа төлөө өөрийгөө золиосолсон жинхэнэ дурлалын жишээ болсон юм. 37 жил хамт амьдарсан нөхрөө эх орондоо харьж, гэр бүлийнхэн, эхнэр хүүхэд дээрээ оч хэмээн Клавдия өөрөө ятгасан байдаг. Ингээд япон самурайд дурласан орос бүсгүйн түүхийг сонирхуулья.Клавдия, Ясабүро хоёр 1959 онд танилцжээ. Аль аль нь Сталины үеийн хэлмэгдүүлэлтийг даван туулж, Клавдия улсын хөрөнгө шамшигдуулсан хэргээр долоон жил, Ясабүро Японы тагнуул гэгдэн, арван жил шоронд хоригдоод гарсан байв. Хувийн амьдрал нь ч ээдрээтэй, зовлон зүдгүүр туулсан улсууд уулзсан хэрэг. Клавдия дайнаас өмнө нөхөрт гарч, хүүхэд төрүүлэн, бусдын адил эр нөхрөө дайнаас ирэхийг хүлээж байв. Гэвч түүнийг шоронд хорин, Колымд цөлөхөд нөхөр нь ялтан эхнэртэй байхыг хүссэнгүй, Клавдияг хаяж, шинэ гэр бүлтэй болжээ. Ясабүро Хачиягийн хувь заяа ч мөн л гунигтай. Дэлхийн хоёрдугаар дайны өмнө тэрбээр гэргийн хамт Солонгост амьдарч байв. Хүү, охинтой болж, амьдрал нь ид жигдэрч байтал 1945 оны намар Зөвлөлтийн цэрэг Солонгост орж ирлээ. Тэнд байсан бүх япончуудыг тагнуул хэмээн баривчилж, Ясабүрог мөн л Колымд цөлжээ. Түүнээс хойш тэр гэр бүлийнхнээ дахин харсангүй.
Шоронгоос суллагдсан Ясабүрогийн нэрийг Япон руу буцах цэргийн хоригдлуудын жагсаалтад бичихээ мартаж орхисон тул ЗХУ-д үлдэхээс өөр аргагүй болов. Эхнэр хүүхдүүдээ үрэгдсэн гэж бодож байсан учир Японд буцах гэж ч хичээсэнгүй. Ингээд л Зөвлөлтийн иргэн болж, нэрээ Яков Иванович болгон өөрчилжээ. Клавдия “Бид Брянщин тосгонд анх танилцаж билээ. Ази царайтай, туранхай залуугийн нүдэнд шингэсэн гунигийг хараад зүрх шимширсэн. Хиртэй хувцастай мөртлөө хоолныхоо халбагыг уран зураачийн бийр юм шиг л барьчихсан сууж байсан. Буриад, кыргыз юм болов уу гэж бодож байтал харин япон байж таарсан. 1960 оны эхээр нэг найз маань Алс Дорнодын Прогресс тосгонд урьж, би тэнд очсон. Ясабүро надтай хамт байхыг хүсэж байна гээд л захиа бичдэг байлаа. Гэвч би айгаад дандаа татгалзсан хариу өгдөг байсан. Зөвхөн дотнын найздаа л цэргийн хоригдол байсан хүнтэй захидлаар харилцдагаа хэлж, бусдаас тас нуудаг байсан” гэж хожим нь дурсан ярьсан байдаг. Гэвч Ясабүро самурай хүний шаргуу зангаараа бууж өгсөнгүй, Прогресст хүрээд ирлээ. “Хаалга нээтэл Ясабүро зогсож байна. “Үсчин, мужаан ямар ч ажил байсан хийнэ. Гол нь чамтай л хамт баймаар байна” гэж хэлж байлаа. Эхлээд сахлаа хусчих даа гэж хэлээд шууд бид гэрэлсэн” гэж Клавдия ярьж байлаа.
Тэд 37 жил хамт амьдарсан юм. Ясабүро үсчин, зурагчны ажил хийж, зарим үед зүү төөнүүрээр хүн эмчилнэ. Эхнэртэйгээ хамт хүнсний ногоо тарин, ямаатай болж, зөгийн аж ахуй ч эрхэлж эхэллээ. Баян тансаг биш ч эвтэй найртай, тайван сайхан амьдарч байв. Даанч бурхнаас тэдэнд үр хүүхэд заяасангүй. Ясобүрог эхнэрээ загнаж байхыг энэ 37 жилд тосгоныхон нэг ч удаа харж байгаагүй гэдэг. “Миний Ясабүро шиг эрийг хайгаад ч олохгүй. Архи уухгүй, тамхи татахгүй. Тосгоны хүүхнүүд бүгд надад атаархдаг байлаа” гэж Клавдия нөхрөө магтдаг байв. Тэд нэг өдөр хамтдаа нас барна гэж найдаж, ярилцдаг байжээ. Тэтгэвэрт гарсан хойноо Ясабүро хоёр авс хийж, агуулахдаа хадгалан, хамтдаа өнгөрөх цагаа хүлээж байсан юм. Гэвч тэр авс тэдэнд хэрэг болсонгүй.
Өөрчлөн байгуулалт эхэлж, хүйтэн дайн дуусах үеэр нэг танил нь Прогресс тосгонд амьдарч байгаа хачирхалтай япон эрийн талаар япончуудтай хамт бизнес эрхэлдэг найздаа сонирхуулжээ. Түүний япон түншүүд нутаг нэгтнийхээ сонирхолтой түүхийг сонсоод, гэр бүлийнхнийг нь хайж эхэлсэн байна. Ингээд эхлээд ахыг нь, дараа нь эхнэр хүүхдийг нь олж чадлаа. Эхнэр Хисако нь хүнтэй гэрлэлгүй, Ясабүрог 51 жил хүлээжээ. Хүү нь Солонгост нас барж, охинтойгоо Японд буцан ирсэн тэрбээр жижигхэн байшин барих гэж бүх амьдралынхаа турш мөнгө хураасан байна. Эр нөхрөө амьд эсэхийг мэдэхгүй байсан ч Хисако байшингаа нөхрийнхөө нэр дээр бүртгүүлж, банкинд ч нөхрийнхөө нэрээр данс нээсэн байлаа.
Ясабүрогийн ах, охинтой нь цуг Прогресс тосгонд ирж, эх орондоо харихыг ятгасан ч тэр татгалзлаа. “Би чамайгаа юу гэж орхих вэ. Чи бол миний амьдрал” хэмээн тэр гэргийдээ хэлж байв. Ингээд Клавдия өөрөө нөхрөө эх оронд нь буцаахаар шийдсэн юм. Тэр нөхрөө Орост урт наслахгүй гэдгийг нь мэдэж байв. Ясабүрогийн нуруу өвдөж, бие нь доройтсон байлаа. Харин Японы эмнэлэг настан хөгшчүүлд сайн үйлчилдэг, чанартай. Тэгээд ч түүний япон эхнэр үхэхийнхээ өмнө эр нөхрөө харж, тэврэх ёстой. Клавдия Ясабүрод гадаад паспорт гарган өгч, хадгаламжийн мөнгөө доллараар солиулж, гэр бүл салах өргөдлөө өгсөн байна. Учир нь Орост гэр бүлтэй бол Ясабүро Японд тэтгэвэр авч, өв хөрөнгө эзэмших эрхгүй болох гээд байлаа. 1997 оны гуравдугаар сард Клавдия хайртаасаа үүрд салсан юм. “Хисако бид хоёр түүний хууль ёсны гэргий. Ясабүро бид хоёрыг аз жаргалтай амьдарч байхад Хисако нөхрөө хүлээж байлаа. Тийм болохоор тэр ч гэсэн эр нөхрөө харах эрхтэй. Би түүнийг дайнд үдэж буй мэт л гаргаж өгсөн. Дуу дуулж, инээгээд л, надад ямар хүнд байгааг битгий мэдээсэй гэж бодож байлаа. Орой нь гэртээ ирж, орон дээрээ унаад л уйлж эхэлсэн дээ” гэж тэр ярьсан.
Эх орондоо харьсан Ясабүро түүнд байнга бэлэг илгээн, бямба гариг бүр утсаар ярьж, Японд ирэхийг урьдаг байлаа. Японы нэгэн нэртэй зохиолч Клавдиягийн талаар ном бичиж, кино хийснээр, даруу төлөв орос эмээ Япон даяар алдартай болов. Токиогийн ойролцоох Тоттори мужийн иргэд орос эмээгийн Японд ирэх зардлыг цуглуулах аян зохион байгуулж, улс орон даяараа Клавдияг хүлээж байлаа. Клавдия наян нас хүрсэн хойноо Японд ирэхэд түүнийг үндэсний баатар шиг л хүлээж авсан. Онгоцны буудал дээр тэр хайрт Ясабүрогийнхоо япон эхнэртэй анх уулзсан юм. Эмэгтэйчүүд тэврэлдэн, уйлалдлаа. Тэд нэг нэгнээ дэндүү сайн ойлгож байсан тул орчуулагч хэрэг байсангүй.
Клавдия Японд дахин хоёр удаа ирэхдээ нэгд нь япон хоригдол, орос бүсгүйн хайрын түүхийг өгүүлсэн жүжгийн нээлтэд оролцож байлаа. Ирэх болгонд нь түүнийг Японд үлдээх гэж Ясабүро ятгадаг байсан ч Клавдия зөвшөөрсөнгүй. Япон гэргий нь насан эцэслэсний дараа Ясабүро Прогресс тосгонд эргэн очихыг гуйсан ч тэрбээр зөвшөөрсөнгүй. Учир нь тэр хайртыгаа хүн шиг сайхан амьдраасай гэж хүсэж байв. Клавдия насан эцэс болтлоо ганцаараа амьдарч, хэнээс юу ч гуйхгүй амьдарсан. Тосгоныхон нь түүний талаар “Клава эмээ өнгөрөн өнгөртлөө ногоогоо өөрөө тарьж, түлээгээ хагалдаг байсан” гэж дурсаж байна.
Прогресс тосгоны иргэн Алексей Исаакович нь Клавдия, Ясабүро нартай гучин жил нөхөрлөсөн хүн. Ясабүро Япон руу буцахдаа эхнэрийг минь харж яваарай гэж түүнд захьжээ. Алексей Исаакович найзынхаа захиасыг биелүүлж, сүүлчийн өдөр хүртэл Клавдиятай хамт байсан юм. Тэрбээр оршуулгын ёслолыг зохион байгуулж, Клавдияг нэр хүндтэйгээр үдсэн. Клавдия Леонидовна ямар ч харамсах зүйлгүй, аз жаргалтайгаар нөгөө ертөнцийг зорин одсон. Хайрт Ясабүро нь эх орондоо жаргалтай амьдарч байхад өөр юу түүнд хэрэгтэй гэж. Клава эмээ өнгөрөхдөө нүүрэнд нь инээмсэглэл тодорч, Аригато гэж хэлсэн гэдэг.
Клавдия нас барсан мэдээ Японд гарахад Прогресс тосгонд Наран орноос маш олон захиа ирсэн байна. Түүний нэг нь Ясабүрогийн захидал байлаа. Ясабүро хайртдаа зориулан, яг л амьд мэнд байгаа юм шиг бичсэн байдаг.
“Клавдия хайрт минь. Чамайгаа бурхны оронд одсон мэдээг би авлаа. Үнэхээр гунигтай байна. Би наймдугаар сарын 30-нд 96 насныхаа төрсөн өдрөөр чам руу залгаад утсаар ярьж чадаагүй. Орост чамтайгаа хамт өнгөрүүлсэн 40 жилийн турш чи үргэлж надтай хамт байж, дэмжиж тусалж ирсэн. Үнэхээр их баярлалаа. Чиний ачаар л би эх орондоо харьж, чадсан. Би үүнд чинь үнэхээр их талархдаг шүү. Хоёулаа хамтдаа үхнэ гээд авс хийж байснаа эргэн санаж байна. Хэрэв чаддагсан бол чамруугаа нисэж очин, зүрхэндээ чанга гэгч нь тэврэхсэн. Тайван унт даа, хайрт Клавдия минь. Чиний Ясабүро…”
Via-Sugar-Erdene
URL: