“Зоос”-ыг дампуурахад нөлөөлсөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг АТГ шалгана
ТЭРЭЭР АТГ-Т ХҮРГҮҮЛСЭН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГТЭЭ ЗЭЭЛГҮЙ ГЭЖ ХУЛХИДЖЭЭ-
УИХ-ын гишүүд “Зоос” банкыг дампуурахад сандарцгаан төрийн мэдэлд авахаар зүтгэцгээж эхэлсэн. Үүний цаана олон учир шалтгаан байсан нь цухалцаад эхэллээ. Зоос банк дампуурах болсон шалтгаан нь ердөө л 40 хүний нөлөө байсан аж. Тэр нь 40 том зээлдэгч гэсэн үг. Тэр 40 зээлдэгч л “Зоос”-ыг цааш харуулчихсан гэсэн үг. Хмагийн том зээлдэгчээр “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр. тэрээр өөрийн найман охин компанийн нэр дээр нийт 43 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Дараагаар нь
Монголчуудыг элдэв бусаар доромжилдог “Алтан дорнод Монгол”-ын С.В.Паушок 10 тэрбум төгрөгийн зээлтэй, түүнчлэн “Гацуурт”-ын Л.Чинбат 5,6 тэрбум, Хархорин захын босс Ч.Лхагвадорж 2,7 тэрбум, “Алтжин”-гийн Г.Алтан 2,6 тэрбум гээд хөвөрч өгнө.Харин тэдгээр нөхдийн дунд УИХ-ын нэг гишүүний нэр тод томруун дурайж байх аж. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Зоос” банкнаас зээл авснаа нуун дарагдуулсан байжээ. Зоос банкны хэрэг сөхөгдөж эхэлмэгц мань гишүүний “ТБД андууд” компани тус банкнаас 1,5 тэрбум төгрөг авсан нь дэлгэгдсэн. Түүний хувийн өмч болох ТБД андууд 2007 онд Зоосоос 1 тэрбум төгрөг, 2008 онд 600 сая төгрөг авсан баримт гараад иржээ.Энэ зээлийг нь “Зоос”-ынхон хэвийн бус зээлийн төрөлд оруулчихсан байгаа аж. Д.Тэрбишдагва гишүүн ч уг зээлийг аваагүй гэж мэдүүлсэн байна. Тэрээр АТГ-т өгсөн Хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ ямар нэгэн банкинд зээлгүй гэсэн мэдүүлэг гаргажээ. Энэ үйлдэл нь хөрөнгө орлогын мэдүүлгээ худал өгсөн гэх гэмт хэрэгт тооцогдох билээ. Нэг ёсондоо эрхэм гишүүн АТГ-ыг хулхидсан хэрэг. Дампуурч байгаа компанид өртэй байсан гэхээр нэр хүндэд нь муугаар нөлөөлнө, цаашлаад асуудал үүснэ хэмээн нуун дарагдуулсан байх магадлалтай. Тэгэхээр АТГ худал ХОМ-ээ худал гаргаж өгсөн Д.Тэрбишдагва гишүүнийг шалгах ёстой. Хуулинд ч ингэж зааж өгсөн байгаа. Хэдийгээр тэрбэр Н.Энхбаярын талыг баримтлагч боловч албан тушаал нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа АТГ-ын дарга Ч.Сангарагчаа түүний хэргийг хаацайлбал дайны хажуугаар дажин гэгч болох билээ. Зоос банкны хохирогчид ч гэсэн Д_Тэрбишдагва гишүүнийг АТГ-т өгч шалгуулах сураг дуулдаад л байгаа. Мөн Банкны тухай хууль болон Дампуурлын тухай хуульд идэвх зүтгэлтэй оролцсон түүнийг АТГ нэг шалгаадахвал буруудахгүй л байх. Мань гишүүн ч гэсэн буруугүй бол түүнийгээ нотлож нэрээ цэвэрлэж авах билээ. Хэрэв АТГ түүний ХОМ-ээ худал гаргаж өгсөн эсэхийг шалгахгүй бол “жараахай”-тай ноцолддог нэрнээсээ мөд салахгүй биз ээ.
URL: