Монгол хүн өс хонзон санадаггүй

527-1439944997600x600Засгийн газраас МАН-ын зургаан сайдыг хөөснөөр олонхыг бүрдүүлж буй Ардчилсан нам Засгийн газраа “Шударга ёс” эвсэлтэй хамтран бүрдүүлэхээр болсон билээ. Тиймээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл эвслийнхээ даргатай энэ тухай зөвлөлдөхөөр эх орондоо ирэхийг хүсчээ. Н.Энхбаяр ч ирэв.
Харин нэг хүн цочиж, аягатай цайгаа тургих шахуу юм болоотхов. Уг нь Монгол Улсын иргэн эх орондоо ирэх нь гайхаад байх зүйл биш л баймаар. Тэгтэл тийм биш бололтой. Тэр хүн Н.Энхбаярыг ирэх, ирээд ард түмэн, ахан дүүстэйгээ уулзахаас үнэн голоосоо айж, үзэн ядаж байна.
Улсын Ерөнхийлөгч ийм байхын чинээ монголчууд даанч санасангүй. Мэл гайхаж, цэл хөхөрч сууна. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө тунхаглаж, нэг хүн рүү илт дайралт хийгээтхэв. Прокурорын байгууллагын ойн баярын хурлын индэр дээрээс Ерөнхийлөгч маань маш урт илтгэл тавьсан боловч 50 хувьд нь “БИ”, үлдсэн хувьд нь “ЧИ” гэх маягаар Өршөөлийн хуулийн нэрэн доор өс санасан сэтгэлээ уудлав.
Үнэндээ Ерөнхийлөгчийн хориг тавьж буй Өршөөлийн хуулиар 3000 гаруй иргэнийг өршөөх юм. Үйлдсэн хэргийн хүнд хөнгөн, тухайн ялтны харгалзаж үзэх нөхцлүүдийг тооцож өршөөнө. Мөн бүгд суллагдахгүй. Зарим хэрэгтний ялаас хасч өршөөнө. Өршөөлөөр ялаас чөлөөлөгдөх иргэдийн ихэнх нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүд байгаа юм.
Харин Н.Энхбаярын тухайд түүнийг хэлмэгдүүлсэн гэдгээс авч үзвэл түүнийг өршөөх бус цагаатгах асуудлыг ярьж таараад байна. Тиймээс энэ хууль Н.Энхбаяр гэдэг хүнд огт зориулагдаагүй. Гэтэл Ерөнхийлөгч илтэд 3000 гаруй хүн, тэдний ар гэрийн эрх ашгаас урьтал болгон нэг хүний эсрэг дайрч улайрах нь хачин санагдах болов.
Яагаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаяр гэдэг хүнээс үнхэлцгээ хагартал айж, яаран сандран хуулийнхнийг турхирч, ард түмнээ талцуулсан мэдэгдэл хийх болов?
Энэ тухай ярихын тулд уул уурхайн талаарх өнгөрсөн түүхийг сөхөхөөс өөр гаргалгаа харагдахгүй байна.
Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа Оюутолгойн орд газрыг ард түмэндээ өгнө гэдэг байр суурьтаа хатуу зогсч байсан. Өдгөө ч түүний удирддаг МАХН мөрийн хөтөлбөртөө мөн л “Тавантолгойг ард түмний мэдэлд өгнө” гэсэн үзэл санааг тусгасан юм. Чухамдаа энэ хоёр толгойн талаарх эрс тэс ялгаатай байр суурь л хоёр “Э”-гийн дундах айлгалт ба айдсыг бий болгож, өдгөө манай Ерөнхийлөгчийг сандаргаж байгаа бололтой.
Оюутолгойн орд газрын гэрээг С.Баяр Засгийн эрхэнд байхдаа С.Баярцогтын гараар Монгол Улсад ямар ч ашиггүйгээр байгуулсан. Улмаар нам дамжсан
бүлэглэлээр ажил явдлаа гүйцэлдүүлж чадсан С.Баяр АНУ-ыг зорьж, ар талд нь хамгаалагчаар одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үлдсэн гэдгийг олон хүн барин тавин ярьдаг.
Ингэхээр Н.Энхбаярын эрх чөлөө Ц.Элбэгдоржийн эрх мэдлийн дайтай болчихоод байгаа хэрэг. Оюутолгойг яахав гээд орхилоо гэхэд Тавантолгойн асуудал сөхөгдөж байна. Тавантолгой дээр МСS компани яригддаг. Тэгвэл түүний цаана Ц.Элбэгдорж байгаа гэгдээд бас л удлаа. Энэ ордыг ард түмэндээ өгөөд нийтээрээ жаргах уу, МСS-д өгөөд хувиа авах уу гэдэг дээр хуулиараа ахиж сонгогдох боломжгүй одоогийн Ерөнхийлөгч өөрийнхөө хариултыг өгчихсөн нь нэг компанийн хүн гэгдэхэд хүргэж л дээ.
Тэгэхээр ахиад л Н.Энхбаярын эрх чөлөө Ц.Элбэгдоржийн эд хөрөнгийн дайтай болчихоод байгаа биз. Тэгэхээр одоогийн ийм нөхцөлд Монголын төрийг хэн харлуулаад байгааг төвөггүй харж болохоор байна. Ийм ч учраас Ерөнхийлөгч Өршөөлийн хуулийн хүрээнд өсөрхсөн үгсийг чулуудаж байна хэмээн таахад амархан байна.
Монгол хүн уг нь их уужим сэтгэлтэй. Хэлмэгдээд өшөө авахдаа тулбал улсаа хөгжүүлж өшөө авах тухай боддог байх юм. Гэтэл зарим хүн судлаач Д.Ганхуягийн хэлснээр улс төрийн өрсөлдөгчөө шоронд хийж, улмаар өөрөө шоронгийн түлхүүр эргэлдүүлсэн мангас болтлоо өсөрхдөг байна. Энэ лав монгол хүний араншин, тэр тусмаа монгол төрийн бодлого биш ээ.
Х.Тогтох
Эх сурвалж: Зууны мэдээ

URL:

Нэр: Anonymous Огноо: 19 August 2015

zuwshde yun us honzon ajlaal ywuulii gesen

Сэтгэгдэл бичих