Чанартай боловсрол хямд биш

168042-19082015-1439942768-1494123912-1-Ажилгүй иргэдийн 30 орчим хувийг дээд боловсролтой хүмүүс эзэлж байна-

Оюутнууд бухимдалтай байна. Сургуулиуд нь уламжлал ёсоор хичээл эхлэхийн өмнө төлбөрөө нэмсэн болохоор тэр. Оюутны холбооны зүгээс их, дээд сургуулийн удирдлагуудад хандаж, төлбөр нэмсэн үндэслэлээ тайлбарлахыг шаардав. Захиргааны зардлаа танаж, бусад эх үүсвэрээс мөнгө олохын оронд төлбөрөө өндөр хувиар нэмж байгаа нь буруу хэмээн тэд үзэж буй. Харин сургуулийн удирдлагууд нь “Төлбөрөө нэмэхээс аргагүй боллоо, үүнээс илүү нэмэгдэх байсан ч харьцангуй бага хувиар өсгөсөн” хэмээн тайлбарладаг. Яамны мэргэжилтнүүд нь болохоор “Бид сургуулийн төлбөрийг хянах, тодорхой хувьд барих боломжгүй” гэсэн хариултаар ам таглах. Ийм нэг гурвалжин, дөрвөлжин хэрүүл жил бүр л яригддаг болохоор бид ч яваандаа дөжрөх шинжтэй.

Уг нь яамны зүгээс сургуулиудыг төлбөрөө инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэхийг чиглэл болгодог. Энэ жилийн хувьд инфляци долоо орчим хувьтай байгаа ч ихэнх сургууль арав гаруй хувиар төлбөрөө нэмжээ. Нэгдүгээр дамжаанд орох оюутны төлбөрийг 40 хувиар нэмсэн сургууль ч байна. Тухайлбал, МУИС-ийн төлбөр л гэхэд10-12 хувиар нэмэгджээ. Харин АШУҮИС-ийн төлбөр 6-25 хувиар нэмэгдсэн байв. Нэгдүгээр дамжааны оюутнуудын төлбөрийн нэмэгдэл хамгийн их буюу 25 хувьд хүрсэн юм. Түүнчлэн ШУТИС нэгдүгээр дамжааны оюутны төлбөрийг 25 хувь, бусад дамжааныхыг арав гаруй хувиар нэмсэн мэдээ байна.

Жил бүр босож ирдэг төлбөрийн асуудлыг яах ёстой вэ. Зах зээлийнхээ зарчмаар яваг гээд зөнд нь орхих уу, төр засгийн зүгээс оролцох ёстой юу?

Бид энэ асуудлаар зарим хүний байр суурийг сонирхов. “Cover Mongolia” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхдөл сургуулийн удирдлагууд төлбөрийн нэмэгдлээ юунд зарцуулах гэж буйгаа сайн тайлбарлах ёстой гэж үзэж байна. Тэрбээр “Манай их, дээд сургуулиудын төлбөр бусад орнуудтай харьцуулахад хямд. Гэхдээ бага, дунд орлоготой иргэдийн хувьд хүндхэн тусдаг байх. Сургуулиудад улсаас мөнгө өгөхөө больсон тул зардлын мөнгөө төлбөрөөсөө олохоос аргагүй. Багш нарын цалин ч бага шүү дээ.

Ер нь ерөнхий боловсролын сургуулиа төгссөн хүн бүр дээд боловсрол эзэмших гээд байх хэрэггүй. Үүний оронд эрэлттэй байгаа тусгай мэргэжлээр суралцах нь илүү ирээдүйтэй байж мэднэ. Сүүлийн үед нэлээд хэдэн МСҮТ байгуулагдсан нь сайн хэрэг” хэмээн ярилаа.

Харин сургалтын төлбөрийн тухайд “Мөнгөгүй бол дээд боловсрол эзэмшиж чадалгүй үлд гээд орхиж болохгүй л дээ. Энэ нь баян, хоосны ялгааг улам нэмэгдүүлнэ. Үнэхээр хичээлдээ сайн хэдий ч төлбөр төлөх боломжгүй хүүхэд байвал улсаас дэмжих хэрэгтэй. Мөн хувийн хэвшлийнхний оролцоо чухал. Зарим компани сурлага сайтай хүүхдийн төлбөрийг тодорхой хувиар дааж, дараа нь өөрийн байгууллагад ажилд орох гэрээ байгуулдаг. Үүнийг л олон болгох хэрэгтэй байгаа юм.

Манай сургуулиуд олон хүүхэд элсүүлэх тусам орлого нэмэгдэнэ гэдэг. Гэхдээ үүнийгээ дагаад чанарын асуудал яригдаж байгаа юм. Уг нь цөөн хэдэн чанартай хүүхэд сургавал зардал багасна шүү дээ. Төлбөр нэмэгдлээ гээд оюутан, эцэг эхчүүд эсэргүүцэж байгаа нь зөв. Харин сургуулийн удирдлагууд төлбөрийн нэмэгдлээ юунд зарцуулах, энэ нь ямар өөрчлөлт авчрахыг сайн тайлбарлах ёстой болов уу. Хэрэв тэгвэл ийм их эсэргүүцэлтэй тулгарахгүй. Ер нь манай улс их, дээд сургуулийн төлбөрийг яваандаа багасгаж, бүр төлбөргүй болгох ёстой. Тэгээд элсэгчдэд тавигдах шалгуурыг нэмэгдүүлбэл үнэхээр сайн хүүхдүүд л дээд боловсрол эзэмшиж, зөв гольдиролдоо орно” хэмээсэн юм.

Харин АНУ-ын Арканзас мужийн Төв Арканзасын их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн О.Ананд өнөөгийн төлбөрийг боломжийн гэж үзэж буйгаа илэрхийлэв. “Миний сурч байсан сургуулийн төлбөр Америктаа хямдханд тооцогдоно. Жилийн төлбөр нь 14 мянга орчим ам.доллар байсан юм. Одоо улсын их, дээд сургуулийн төлбөр дунджаар хоёр сая орчим төгрөг байх шиг байна. Үүнээс сар бүр 70 мянга гээд 600 мянгыг нь авчихаж байна. Тэгээд үлдсэн мөнгийг сар хагасын цалингаар төлнө гэж бодохоор боломжийн. Гэхдээ манайд оюутнууд сурч байгаа зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлэхэд дутмаг санагддаг. Шинжлэх ухааны хичээл гэхэд номноос уншсан зүйлээ амьдрал дээр турших боломж хомс. Бас бизнесийн чиглэлээр сурч байгаа оюутан гэхэд том компанид дадлага хийх боломж бараг олддоггүй. Уг нь хүн бүр дээд сургуульд сурна гэхийн оронд зарим нь нарийн мэргэжил эзэмших нь зөв санагддаг. Сайн гагнуурчин, сайн слесарьчин гэхэд ажил олдохгүйн зовлон байхгүй. Гэхдээ монголчууд ийм ажил хийхийг хүсэх, эсэхийг сайн мэдэхгүй юм. Хүний эрхийн л асуудал байлгүй дээ” хэмээн Анар хэлсэн юм.

Ерөнхий боловсролын сургууль төгссөн хүн бүр дээд боловсрол эзэмших гээд байх хэрэггүй

Үндэсний статистикийн хорооноос гаргасан эхний долоон сарын нийгэм, эдийн засгийн байдлын судалгаанд дурдсанаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 45.2 мянгад хүрсэн байна. Үүний 30 орчим хувийг их, дээд сургууль төгсөж, бакалаврын диплом өвөртөлсөн хүмүүс эзэлж байгаа аж. Үүнээс гадна дээд боловсрол эзэмшсэн хэрнээ худалдагч, кассчин хийж, лангуун дээр бараа зарж буй хүний тоо хэд болохыг тооцоолоход бэрх. Ингээд бодохоор хүн бүр дээд боловсрол эзэмшихээр тэмүүлж, сургалтын төлбөрийн мөнгө, хайран цаг хугацаагаа алдах хэрэггүй мэт. Гэвч дээд сургуульд сураагүй л бол хүн биш, боловсролгүй, бүдүүлэг гэж үздэг бидний өвөрмөц зан үүнд тээг болсоор. Үүнийгээ дагаад болсон, болоогүй хувийн их, дээд сургууль борооны дараах мөөг шиг олширч, чанаргүй боловсон хүчин бэлтгэсээр удлаа.

Харин сүүлийн үед их, дээд сургуулийн тоо цөөрсөөр байгаа гэсэн эерэг мэдээ байна. Тухайлбал, 2003-2004 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежийн тоо 183-д хүрсэн бол дөрвөн жилийн дараа дээрх тоо 162 болж багассан байв. Харин 2014-2015 оны хичээлийн жилд 101 сургууль үйл ажиллагаа явуулжээ. Тэгвэл айсуй улиралд суралцах оюутны тоо ноднингийнхоос хоёр дахин багассан мэдээ сургуулийн удирдлагуудын санааг зовоож буй. Тиймээс дээрх тоо багасна уу гэхээс нэмэгдэхгүй. Сайн нь торойн үлдэж, чанаргүй нь хаалгаа барьдаг зах зээлийн зарчим үйлчилж байгаа нь энэ аж.

Бид нэгэнт л төлбөрөө төлж байгаа учраас чанартай боловсрол эзэмших нь зүйн хэрэг. Хэрэв сургууль энэ шаардлагыг хангаж чадаж байвал боломжтой хүмүүс нь хэдэн саяыг ч хамаагүй төлөөд сурах л болно. Учир нь чанартай боловсрол хямд байдаггүйг гаднын нэр хүндтэй сургуулиудаас харж болно.

Бас сургуулийн удирдлагууд төлбөрөөс гадна өөр эх үүсвэрээс мөнгө олдог болох зайлшгүй шаардлага бий. АНУ, Канадын ихэнх сургуульд хөрөнгө оруулалтын сантай байдаг. Санд цугларсан мөнгийг өсгөж, арвижуулах үүрэгтэй менежментийн баг хүртэл ажилладаг. Бидний жишээ авдаг Харвардын их сургууль гэхэд дээрх сандаа 35 тэрбум ам.доллар хуримтлуулжээ. Зөвхөн АНУ-д хөрөнгө оруулалтын сандаа тэрбум ам.доллараас дээш хөрөнгө цуглуулсан 89 сургууль байдаг аж.

Монголын зарим сургууль ч иймэрхүү ажил хийгээд эхэлжээ. Тухайлбал, МУИС 2011 онд нийт орлогынхоо 80 орчим хувийг сургалтын төлбөрөөсөө олдог байсан бол 2016 онд дээрх тоог 51 хувьд хүргэх зорилготой байгаа аж. Энэ мэтээр сургууль бүр санаачилгатай ажиллавал оюутнуудад ирэх ачаа хөнгөрөх бололтой.

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих