“Өндөрбуянт холдинг”онцгой обьектод халдаж байна
Мөнгө, эрх мэдэлтэй нь энгийн иргэдийн нарыг хааж, газрыг булааж эрхийг нь зөрчиж барилга барьдаг асуудал нэг үеийг бодоход цэгцэрсэн. Өөрөөр хэлбэл, хууль дүрэм зөрчиж, дураараа авирлаж байгаа нөхдийг хэрхдэгийг ХУД-т баригдсан 12 давхар барилгыг нураасан явдлаас харж болохоор. Гэхдээ ХУД-т нураалгасан барилга бол оршин суугчдын нарыг хаасан, газрын хэмжээгээ нэмэгдүүлсэн зэрэг “жижигхэн” асуудалтай байсан. Харин энэ удаагийн “Барилга-Асуудал” буландаа онцолсон “Өндөрбуянт Холдинг” компанийнх тэс өөр. Тодруулбал, маш том асуудал юм. Аль ч улс орны Шинжлэх ухааны академи гэдэг бол тус улсын онц чухал обьектын нэг байдаг. Тэр дундаа хөрс, ус, ашигт малтмал зэргийг лабораторийн шинжилгээнд хамруулж, олон төрлийн химийн бодистой харьцаж, эрдэм шинжилгээний ажил хийдэг газар бол ШУА-ийн Физик технологийн хүрээлэн. Тэгвэл өвөлдөө өөрийнхөө байрыг ч хангалттай халааж чаддаггүй тус байрны дулааны шугамыг “Өндөрбуянт Холдинг” компани булаажээ. Тус компани Баянзүрх дүүргийн XIII хорооны нутаг дэвсгэрт XIV сургуулийн урд барьсан 12 давхар орон сууцаа дулаанаар хангахын тулд ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн дулааны шугамыг гаргаж хаячихаад, өөрсдөө шөнө оройн цагаар шинэ шугам тавьсан байна.
Хамгийн гол нь компанийн дулаанаар хангах гэж улсын онцгой обьект руу халдаад байгаа 12 давхар орон сууц баригдаад 5-6 жил болж байгаа. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн өмнө нь хариуцаж байсан инженерүүд дулаанаар хангаж чадахгүй доголдол үүснэ хэмээн дулаан татах зөвшөөрөл өгдөггүй байжээ. Харин энэ жил гэнэт дулааны шугам татах зөвшөөрөл гаргуулсан байна.
Энэ талаар Физикийн хүрээлэнгийн захирал н.Орлох “Манай хүрээлэнгийн дулааны шугамыг булааж, оронд нь шугам татчихаад биднийг салбарлаж ав гэсэн. Ноднин өвөл манай байрны дотоод температур 15 хэм байсан. Тиймээс өвөлдөө ажилчид маань гадуур хувцастайгаа суудаг нөхцлөө хүндрүүлж хүрээлэнгийнхээ эзэмшлийн шугамаас салаалж татуулах ямар ч боломжгүй. Хэрэв энэ янзаараа дулааны шугамаа салаалах болвол манай байгууллагын 147 ажилтан энэ өвөл ажлаа хийж чадахгүй. Мөн дээр нь лабораторийн багаж, төхөөрөмжүүд саатах аюултай” гэлээ. Харин тус хүрээлэнгийн сантехникч Жаргалсайхан “12 давхар өндөр барилгыг халаахын тулд хүчтэй насос тавина. Ийм нөхцөлд манай хүрээлэн халахгүй. Нэг нь халахаар нөгөөх нь доголдоно гэсэн үг. Анх шугамаа хийгээд эхлэхээр нь болохгүй ээ гэж хэлэхэд манай компанийн ард сайд бий гээд халгаадаггүй байсан” гэлээ.
Физик технологийн хүрээлэнгээс дулааны шугам сүлжээ татуулах боломжгүй гэдэг асуудлыг “Өндөрбуянт Холдинг” компани, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн холбогдох албан тушаалтнуудад удаа дараа бичгээр мэдэгдсэн ч хариу өгөхгүй байгаа аж. Тиймээс бид “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн инженер н.Уугангэрэлээс тодруулахад “Манайх зөвшөөрөл өгөөгүй. Албан бичигтэй танилцаж байгаад тодорхой хариу өгнө” гэсэн хариултыг өглөө. Харин “Өндөрбуянт Холдинг” компанийн дэд бүтэц хариуцсан захирал Л.Эрдэнэбатаас лавлахад “Манай байгууллагын бүх бичиг баримт албан ёсоор, зөвшөөрөлтэй байгаа. Манайх албан бичгээ Физик технологийн хүрээлэнд өгсөн боловч захирал нь амарчихсан байсан” гэлээ.
Мөн өөр эх сурвалж “Өндөрбуянт холдинг” компанийн дулаан татах гээд байгаа 12 давхар барилга газрын зөвшөөрөлгүй, дээр нь XIV сургуулийн биеийн тамирын талбай дээр хууль зөрчиж барьсан. Энэ барилгаа 1000 оюутны байр гэж байгаа ч түрээсийн орон сууц болгох юм гэсэн” гэж байна.
Өнгөн дээрээ шударга өрсөлдөөн, бизнесийн ёс зүйг эрхэмлэн дээдэлнэ хэмээн уриалаад цаагуураа төрийн өмч рүү, улсын онцгой обьект руу халдаж байгаа компанийн эзэн хэн бэ гэдгийг уншигчид андахгүй.
С.УЯНГА, О.ЦЭРЭНХҮҮ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: