Буудай ургаагүй нь Р.Бурмаагийн буруу

34dabb143c185b63original“Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо”-ноос нийт ургацын 70 хувийг алдах тухай тооцоог өчигдөр танилцууллаа. Тэдний хувьд таван аймгийн 40 орчим аж ахуйн нэгжийн тариаланчдыг төлөөлж байгаагаа дуулгасан. Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн О.Амаржаргал “Солонгос улсад ургацынхаа 20 хувийг алдахад яамнаас тодорхой бодлоготой үйл ажиллагаа явуулж эхэлдэг. Төр засгийн тэргүүн нь тариланчиддаа сэтгэлийн дэмжлэг үзүүлдэг. Гэтэл манай улс ургацынхаа 70 хувийг алдахад хүрээд байхад яамны зүгээс анхаарахгүй байна” хэмээсэн. Тэдэнд байгаа тооцоогоор энэ жил 55 мянга гаруй га талбайд тариалалт хийжээ. Үүний 47 мянган га талбай буюу 72 хувийн ургацыг авч чадахгүй гэдэгт тэд санал нэгдсэн аж. Хэрэв тэдний хэлж буйгаар 10 гаруй мянган га талбайгаас ургац авахаар болбол энэ нь өнгөрсөн жилээс 2-5 дахин бага үзүүлэлт болох юм. Тиймээс энэ бурууг салбарын яам дангаараа хариуцах учиртай тухайг ч тэд хэлэв. Учир нь энэ жил яамнаас нийт талбайн 85-аас багагүй хувьд зөвхөн улаанбуудай тариалах шийдвэр гаргажээ. Мөн зарим сумдад сэлгээний ургамал огт тариулаагүй нь алдагдлын хэмжээ өсөх шалтгаан болсон байна. Тэгвэл ХХАА-н сайд Р.Бурмаа Сайдын цаг уулзалтад орох үеэрээ алдах ургацын хэмжээг 40 орчим хувь хэмээн ярьсан нь бий.

 

Д.БУЛГАН

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих