Намрын улс төр ба МАН-ын “Ардын хүч” фракц

7057s4ono20qp48715aqjg244lМАН-д шинэ жигүүр байгуулагдсан байгуулагдаагүй хэмээх хэлцэл маргаан гарсан ч хэсэгтээ намжиж байгаа боловч сүүлийн үед эрчимжиж эхэлсэн тухай цуу гарсан нь огт худал зүйл биш бололтой.

МАН-ын угшилтай төрийн албан хаагчдын “Зүүний хүчний холбоо” хэмээх байгууллага яг улс төр, намын үйл ажиллагаа явуулах боломжоор хомс тул “Шинэчлэлийн хороо” экс НАМЗХ-ны удирдагч нараас бүрдсэн Г.Занданшатарын тэргүүлдэг “Бид Нэг Монгол” ТББ-ууд хамтран Ардын нам – Ардын хүч зөвлөлдөх уулзалтыг МАН -ын 6 сайд ЗГ-аас хөөгдөхөөс өмнө зохион байгуулж, “Ардын хүч” нэртэй фракц байгуулсан тухай МАН дотор яригдаж тухайн үеийн Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, НАМЗХ-ны Ерөнхийлөгч асан Л.Оюун-Эрдэнэ нар толгойлж буй тухай мэдээ гараад мөн л хэсэгтээ намжсан.

Тэгвэл намрын улс төрийн өнгийг Д.Цогтбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарын эрдмийн оройд гарсан залуусаар өнгөлүүлээд эдүгээ МАН-ын төдийгүй улс эх орны асуудлыг шийдэлцэж яваа УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, УИХ-ын гишүүн асан, Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар, Алтай Холдингийн захирал О.Одбаяр, Шинэчлэлийн хорооны Б.Ганхуяг, Н.Батсүмбэрэл, “Их засаг”-ийн Н.Учрал, Жиргээчин Б.Цогтгэрэл, Хөрөнгийн биржийн захирал асан Х.Алтай, Эдийн засагч Ч.Хашчулуун, Хуульч Б.Энхбаяр нарын өргөн бүрэлдэхүүнтэй намрын улс төр эхлэх шинжтэй байна.

Тэдний ойрын эх сурвалжуудын хэлж байгаагаар намын асуудлууд ихээхэн сонирхол татахаар байгаа бөгөөд эхлээд МАН-ын дотоод асуудал хурцдаж мэдэхээр юм байна. Учир нь, “Ардын хүч”-ийн нэгэн томоохон хэсэг болох Шинэчлэлийн хорооноос мэдэгдэл гаргаж, МАН-ын III Бага хурлыг яаралтай хуралдуулж намын санхүүгийн асуудлыг яаралтай ил болгох шаардлага тавьсан юм. Энэ нь саяхан болсон олон томилгоонууд түүнийг дагасан мөнгө төгрөг, тохироонууд хэрхэн хэний гараар орж гарсан нь тэдний сонирхлыг татсан нь тодорхой. Мөн МАН-ын удирдлагууд 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвших сонирхолтой хүмүүстэй уулзан гэрээ хийж эхэлсэн тухай мэдээлэл ч байгаа юм. Энэхүү гэрээ нь мөн их хэмжээний мөнгө дагуулж байгаа гэх хардлага олон хүнийг бухимдуулж, МАН-ын дүрмийн дагуу чөлөөт өрсөлдөөн бус хөрөнгө мөнгөөр хэмжих гэрээ сэлт байгуулж байгаа нь  таалагдаагүй нөхдүүд ийнхүү “адуугаа хурааж анд мордож” байхыг үгүйсгэхгүй юм.

Саяхан болсон залуучуудын зодоон буюу НАМЗХ-ны эрх мэдлийг олигархиудад алдсандаа бухимдалтай байгаа хэсэг ч зүгээр хараад удаан суухгүй нь нэгэнт тодорхой билээ. Ирэх намрын улс төр ийнхүү МАН-ын Ардын хүчээр эхлэх нь тодорхой болоод ирлээ.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр тэд “салхилах зарлал”-аа жиргээгээр түгээцгээж байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих