Баруун өмнөд хэсгийн бохир усны асуудлыг шийднэ
Улаанбаатар хотын бохирыг дангаараа шахуу үүрсээр өнөө мөдгүй нурж унах дээрээ тулсан Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг бууруулахаар БХБЯ-аас Дэд бүтэц төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Тодруулбал төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн хэрэглэгчдийн бохир усыг цэвэрлэх байгуумжийн ажлыг эхлүүлээд байна.
20000м3 хүчин чадалтай тус цэвэрлэх байгууламжийг Герман улсын технологийн дагуу Турк улсын “НNC” ХХК барьж байгаа.
Хэдийгээр тус цэвэрлэх байгууламж Төв цэвэрлэх байгууламжаас даруй арав дахин бага хүчин чадалтай ч ашиглалтад орвол Улаанбаатар хотын баруун өмнөд хэсгийн ахуйн бохир усыг тэр чигт нь хариуцан ажиллаж чадна гэдгийг БХБЯ-аас мэдэгдээд байгаа юм.
Уг байгууламж нь сараалжийн барилга, элс тос баригч, физик цэвэрлэгээний анхдагч тунгаагуур, биологийн цэвэрлэгээ хийх анаэроб сан, бичил биетээр идүүлэн ариутгах аэротенк хэсэг, хоёрдогч тунгаагуур, шүүлтүүр, халдваргүйжүүлэх төхөөрөмж, лаг боловсруулах байгууламжуудаас бүрдэх бөгөөд механик цэвэрлэгээнээс гарч байгаа түүхий лаг, биологи цэвэрлэгээнээс гарсан илүүдэл лагийг боловсруулж, метан хийг цахилгаан энерги болгон хувиргаж байхаар удирдлагууд нь төлөвлөөд байгаа аж.
Түүнчлэн бүрэн автоматжсан, компьютержсан, телемеханикжсан, байгаль, цаг агаар, гидравликийн ямарч горимд тохируулан ашиглах боломжтой, экологийн өндөр шаардлага хангасан, эдийн засгийн хувьд ашигтай, цэвэрлэгээний үр дүн өндөртөй лаг тундасыг механик аргаар боловсруулах нөхцлийг бүрдүүлж байгаа гээд олон давуу талтай гэх.
Гэвч гүйцэтгэгч компани болох Турк улсын “HNC” ХХК нь өмнө нь гүйцэтгэж байсан цэвэрлэх байгууламжаа бүрэн ашиглалтад оруулалгүй, тоног төхөөрөмжүүдийг ашиглах монгол хэл дээрх заавруудыг нь өгөлгүй нутаг буцсан гэдгийг салбарын мэргэжилтнүүд нь хэлж байгаа юм.
URL: