Эрүүл хооллолтын суурь бүтээгдэхүүн гэж юу вэ?
Та эрүүл урт насалж, аз жаргалтайгаар өдөр бүрийг угтахыг хүсч байна уу. Тэгвэл одооноос эхлэн эрүүл зохистой хооллолтын талаарх бүх мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлээрэй. Үүнээс өмнө бид та бүхэндээ эрүүл зохистой хооллолтын суурь бүтээгдэхүүний талаарх мэдээллийг бэлдлээ.
Төрөл бүрийн жимс, хүнсний ногоо нь эрүүл, зохистой хооллолтын суурь бүтээгдэхүүн юм. Тэдгээр нь илчлэг багатай, хүний бие махбодод чухал шаардлагатай аминдэм, эрдэс бодис, үл исэлдүүлэгч /антиоксидант/, эслэгийг агуулсан байдаг. Тийм учраас жимс, ногоог өдөрт идэх хоолондоо заавал хэрэглэх шаардлагатай бөгөөд өдөрт дор хаяж таван удаа амттан байдлаар идэх хэрэгтэй.
Жимс, ногоонд агуулагддаг үл исэлдүүлэгч, бусад шим тэжээлт бодис зарим төрлийн хорт хавдар, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ач тустай. Зарим төрлийн хүнсний ногоог түүхийгээр нь идэх нь илүү тустай байдаг тул тэдгээрийг сайтар угааж, ариутгаж идэх бөгөөд хэт удаан чанаж, жигнэлгүй, жижиглэж хэрчилгүй, аль болох бүтнээр, шинээр нь хэрэглэх хэрэгтэй.
Өдөр бүр өнгө алагласан жимс, хүнсний ногоо их хэрэглэхийг хичээх хэрэгтэй.
Учир нь цайвар тунгалаг, гүн өнгөтэй жимс жимсгэнэ, хүнсний ногоо нь аминдэм, үл исэлдүүлэгч, бусад шим тэжээлт эрдэс бодисыг маш их хэмжээгээр агуулсан байдаг ба өнгөнөөсөө хамааран янз бүрийн ашиг тусыг өгдөг. Жишээ нь:
Тод ногоон өнгөтэй навчит ургамал, хүнсний ногоо: Эдгээрт кальц, магни, төмөр, кали, цинк зэрэг химийн элементээс гадна А, С, Е, К зэрэг аминдэм агуулагддаг учир хүний биеийн цусан хангамж, амьсгалын системийн үйл ажиллагааг сайжруулдаг. Иймд салатны навч, байцаа, хятад байцаа, ногоон чинжүү гэх мэт ногоон өнгөтэй навчит ургамал, хүнсний ногоог түлхүү хэрэглээрэй.
Чихэрлэг хүнсний ногоо: Чихэрлэг ногоо нь хоолны амт чанарыг сайжруулахаас гадна чихрийн төрлийн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлахад ач холбогдолтой байдаг. Чихэрлэг ногоонд эрдэнэшиш, лууван, манжин, улаан манжин зэрэг орно.
Жимс, жимсгэнэ: Төрөл бүрийн жимс, жимсгэнэ нь эрүүл хоолны дэглэм барихад амин чухал ач холбогдолтой. Жимсний агууламжид эслэг, аминдэм, үл исэлдүүлэгч их хэмжээтэй агуулагдсан байдаг учраас хавдраас сэргийлдэг. Манайд ургадаг нэрс, үхрийн нүд, аньс зэрэг нь С, РР, В бүлгийн аминдэмээр баялаг тул чихрийн шижин, зүрх судасны хатуурлаас сэргийлэхээс гадна дархлааг сайжруулах ач холбогдолтой тул боломжоороо нөөцлөн авч хэрэглэхийг хичээгээрэй. Мөн импортоор гаднаас нийлүүлэгддэг алим, жүрж, усан үзэм, улаан, хар чавга, гадил, хан боргоцой гэх мэтийн жимсийг аль ч улиралд худалдан авч, хэрэглэх боломжтой.
Чацаргана: Чацарганыг аминдэмийн зоорь, нөөцлүүр гэдэг. С аминдэм 360 мг, каротин 350 мг, Е аминдэм 165 мг, фолийн хүчил 0,8 мг, В1, В2, Р аминдэмийг агуулдаг, үр жимсний ес хүртэл хувьд нь биологийн үнэт чанартай тосагуулагддаг. Мөн төмөр, бор, цахиур, титан, магни зэрэг 15 төрлийн эрдсийг агуулдаг. Бодисын солилцоог эрчимжүүлэх, бие махбодыг чийрэгжүүлэх, үрэвслийн эсрэг гэх мэт олон зориулалтаар чацарганыг уламжлалт болон орчин үеийн анагаах ухаанд ашигладаг.
Ихэнх хүн жимс, ногоог ихээр хэрэглэх ёстой гэдгийг мэддэг ч хангалттай хэмжээгээр хэрэглэж чаддаггүй. Та өдөрт дор хаяж таван удаа жимс, ногоо идэх хэрэгтэй гэдгийг мэдэх үү?
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
URL: