АН-ыг Н.Энхбаяр ахиад шантаажилсан уу?

527-1439764693527-1439266949нэМАН-ыг засгаас хөөсөн Ардчилсан намын дотоод тэмцлийг өөртөө ашигтайгаар эргүүлж, Өршөөлийн хуулийг батлуулж дөнгөсөн Н.Энхбаяр дараагийн шаардлагаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тулгаж эхэлсэн гэсэн мэдээлэл саарал ордноос хөвөрч байна.

Ааруул идэхээр ирэхдээ Н.Алтанхуягийн засгийн онхолдуулаад одсон тэрбээр энэ удаа салхилахаар ирснийхээ маргааш өглөө “Төрийн ордон”-д зочилсон юм. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд өрөөндөө хүлээн авч, хагас цаг үргэлжилсэн богино уулзалт хийхдээ засгийн асуудлаар хоёр намын хамтарсан ажлын хэсэг гаргах болсныг дуулгасан юм.

Н.Энхбаярыг Ч.Сайханбилэгийн танхимд Шадар сайдаар орж ирнэ гэсэн яриа саарал ордноос түгсэн ч, тэрбээр өөрөө “Сайд болох сонирхолгүй”-гээ дуулгаж, харин хэд хэдэн саналыг АН-ынханд тулган тавьсан байна.

Тодруулбал, УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдтой уулзахдаа нэгдүгээрт, Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьбал түүнийг нь УИХ-аар хэлэлцсэний дараа Засгийн асуудлыг УИХ-д оруулж ирэх, хоёрдугаарт “Шударга ёс” эвсэлд гурван яам өгөх шаардлага тавьжээ. Түүний шаардлагын талаар УИХ-ын дарга Увс нуурын эрэг дээр болж байгаа АН-ын баруун бүсийн чуулга уулзалтад мордохын өмнө Ч.Сайханбилэг сайдтай ярилцсан ч нэгдсэн шийдэлд хүрээгүй байгаа гэнэ.

Ерөнхийлөгчийн хориг тавих хугацааг УИХ харзнаж байгаа. Хэрэв хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцсэний дараа Засгийн асуудлыг оруулж ирэхээр АН болон “Шударга ёс” эвслээс гаргасан ажлын хэсгийнхэн тохиролцсон бол байдал ч бас л сунжрах төлөвтэй байна.

Ардчилсан намын хувьд дөрвөн яамаа авахаар фракциуд нь тохиролцож, хүмүүсийнхээ нэрийг тодруулжээ. Энэ удаа Сангийн сайдад Н.Батбаяр, Зам тээврийн сайдад Л.Эрдэнэчимэг, Барилга, хот байгуулалтын сайдад Я.Санжмятав, БОАЖ-ын сайдад Г.Баярсайханыг дэвшүүлэхээр фракциудын дарга нар нь тохиролцож. Харин бүлгийн гишүүд нь “Зам тээврийн сайдад Л.Эрдэнэчимэг тохирохгүй”, “Г.Баярсайхан яам аваад явчих хүн биш” хэмээн эсэргүүцэж байгаа сурагтай. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг сайд болговол АН-ын нэр хүндэд халтай гэж зарим хүмүүс эгдүүцэж байгаа гэнэ.

Гэхдээ, хамгийн сонирхолтой нь АН-ын энэ тохиролцоог Н.Энхбаяр эвдэж, “Шударга ёс” эвсэл гурван суудал авна хэмээн тулгасан гэх. Засаг хэзээ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах нь тодорхойгүй хэвээр.

Одоо Ерөнхийлөгчийн хориг тавих хугацааг УИХ харзнаж байгаа. Хэрэв хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцсэний дараа Засгийн газрын асуудлыг оруулж ирэхээр АН, “Шударга ёс” эвслээс гаргасан ажлын хэсгийнхэн тохиролцсон бол байдал бас л сунжрах төлөвтэй байна.

Т.СОЛОНГО

 


URL:

Сэтгэгдэл бичих