Хүүхдийн тоглоомын талбайг булааж барилга барих гэж байна
Оршин суугчдаас зөвшөөрөл авалгүй хүүхдийн тоглоомын талбайг булааж барилга барих гэж байна
Манай нийслэл хотод өдрөөс өдөрт барилга байгууламж нэмэгдэж өнгө нэмсээр. Гэвч сүүлийн жилүүдэд газрын маргаан хаа сайгүй гарах болсон нь нууц бишээ. Эрх мэдэлтэй, хөрөнгөтнгүүд хүүхдийн тоглоомын талбайг буулган авч барилга, орон сууц барих болж иргэдийг бухимдуулах явдал их болжээ.
Өргөн уудам газар нутагтай Монгол түмэн бид алга дарам газрыг булаацалдаж бяцхан үрсийн тоглоомын талбайд шунах нь харамсалтай. Тодруулбал Таван шар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 12-р байрны арын талбайд байрлах хүүхдийн тоглоомын талбайд барилга барих гээд хашаа татаж хааж эхэлсэн байна. Уг газар Чингэлтэй дүүргийн тамгын газрын ажилчидын 5 давхар 24 айлын орон сууц баригдах гэнэ. Тоглоомын талбайгаа алдаж байгаа хүүхдүүд болон тэдний эцэг эх тоглоомын талбайгаа өгмөөргүй байна гэхэд нь зөвшөөрөл авсан буцаах боломжгүй хэмээсэн гэнэ. Тэрээр оршин суугчдаас тоглоомын талбай ашиглах санал асуулга аваагүй байж “Танай оршин суугчдаас санал авсан, зураг төсөл гарсан, боломжгүй″ хэмээн гүрийж байгаа аж.
Энэ мэтчилэн хүүхдийн тоглоомын талбайг булааж байгаа компани тэдгээрт зөвшөөрөл олгосон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хүүхдийн эрхийг боогдуулж байна. Хэдэн айлын орон сууц, оффисын өндөр барилга барьж мөнгө олж байвал хүүхдүүд тоглоомын талбайгүй үлдэнэ үү, оршин суугчид нар үзэх эрхээ хязгаарлуулж харанхуй хана ширтэнэ үү тэдэнд ердөө “падгүй″ бололтой. Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн талбайд хүүхдийн тоглоомын талбайг нурааж дураараа барьсан, айлуудын цонхыг хаасан барилгууд ар араасаа нэмэгдсээр л байна.
Харин Нийслэлээс энэ байдлыг хязгаарлах үүднээс хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, орон сууцны дундах нийтийн эзэмшлийн зам талбайд барилга барих бол эргэн тойрны оршин суугчдаас зөвшөөрөл авах ёстой гэсэн журмыг баталсан. Гэтэл энэ журмыг уг барилга барьж буй компани огтоос мөрдөөгүй, иргэдээс ямар ч санал асуулга аваагүй байж”оршин суугчдаас санал авсан” хэмээн гүрийж байгаа нь дэндүү хэнэггүй.
Бидний бяцхан үрс ирээдүйд гүйж харайх тоглоомын талбайгүй, оршин суугчид гишгэх газаргүй болох цаг ойрхон ирж дээ…
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: