Долоон жилд нэг удаа “аргадуулна”
Далд эдийн засгийг ил болгох гээд л арваад жилийн өмнө их ярьдаг байж билээ. Тухайн үед айл бүрийн нэг гишүүн Солонгост “хараар” ажиллаж, тэднээс ирсэн индүүн ултай кет тэргүүтнээр хүүхдүүд гангардаг байв. Монголыг хөгжүүлэх гурван толгойн тухай “онигоо” гараагүй үе гээд бодоход, манай эдийн засагт тэрбум тэрбум ам.доллараар нь гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирдэггүй байсан биз.
Тухайн үед гаднын оронд хараар ажилладаг монголчууд л эх орондоо ам.доллар явуулж, тэр нь одоогийнхоор өнөөх шууд хөрөнгө оруулалт болдог байв. Үүнийг батлах яриаг Ерөнхий сайдын зөвлөх (тухайн үед Монгол банкны ерөнхийлөгч) О.Чулуунбат 2003 онд ярьсан нь “Өнөөдөр” сонины хуудаснаа тодоор үлджээ.
Тухайлбал, 2002 оны эцсийн байдлаар манай ДНБ- ийн өсөлт 3.7 хувьтай тэнцсэн гэнэ. Үүнийг худал үзүүлэлт болохыг тэрбээр онцлоод, ДНБ бодитоор 10 орчим хувиар өссөн гэв. Өөрөөр хэлбэл бараг долоон хувийн зөрүүтэй ДНБ-г хэлэхэд өнөөх далд эдийн засаг нөлөөлсөн гэнэ.
Далд эдийн засагт 14.5 их наяд төгрөг бий гэж горьдож сууна
Товчхондоо үсчин, лангууны худалдагч гээд орлого нь тодордоггүй бизнес эрхлэгчдээс аваад манайд гадаадын шууд хөрөнгө оруулалт хэлбэрээр ам.доллар илгээдэг Солонгосын “ажилчин ангийнхан” нөлөөлсөн аж. Тэрбээр үүнийгээ банкны салбарын тухайн үеийн зээлийн статистикийг эш татан баталжээ.
Нөгөө талаас, далд эдийн засаг өсөхтэй зэрэгцээд инфляц гаарч байсныг тоон дүнгүүд гэрчилнэ. Тухайлбал, 2003 онд 4.7 хувиар хэмжигдэж байсан инфляц жилийн дотор 6.3 хувиар өсч, 11 хувьтай тэнцэв. Өөрөөр хэлбэл, улсад татвар төлөлгүй овоо орлого олдог хүмүүст өнөөдөр талх 500, маргааш 555 төгрөгтэй тэнцэх нь падгүй байсан бололтой. Харин үнэнчээр татвар төлөөд, өнөө маргаашаа аргацаадаг хүмүүст талхны 55 төгрөгийн зөрүү том цохилт болдог байж. Тиймээс ч дээр дооргүй далд эдийн засагт боомилуулсаар байна гэж ярьсаар, төрөөс “аргадах” бодлого хэрэгжүүлэн, тэднийг өршөөх замаар ил болгохоор шийдсэн түүхтэй. Үүнийг манайхан 2007 оны Татварын өршөөлийн хууль гэж нэрлэдэг.
ҮР ДҮН
Дээр дурдсан Татварын өршөөлийн тухай хуульд 2800 орчим аж ахуйн нэгж хамрагдсан гэх тоо бий. Албан ёсны мэдээллээс үзвэл, 2008 оны хоёрдугаар сарын байдлаар 4.5 их наяд төгрөгийн орлогод ногдох 431.6 тэрбум төгрөгийн татварыг чөлөөлсөн гэнэ. Тухайн үед манай ДНБ 6.5 их наяд төгрөгтэй тэнцэж байв. Тэгэхээр бид бодитоор 11 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж байсан бололтой. Нийт ДНБ-ийн 40.9 хувь нь далд хэлбэрээр эдийн засагт эргэлдээд, татвар төлдөггүй л байж.
Тоймловол, гурван хүн цалингаасаа татвар төлөхөд, хоёр хүн төлөлгүй мурьчихдаг байжээ. Тэгтэл гурван хүний татварт төлсөн мөнгөөр тавууланд нь хоол хийж өгдөг гэсэн үг. Тэгэхээр өнөөх хоёрыг илрүүлсэн нь энэхүү хуулийн үр дүн болсон гэнэ. Зөвхөн нэг удаа л ийнхүү өршөөнө шүү гэж сануулаад, төрөөс тэднийг уучилсан юм. Аль ч өнцгөөс нь харсан 2007 оны Татварын өршөөлийн тухай хууль байгаа оножээ.
ДАВАРСАН МОНГОЛЧУУД
Ганцхан удаа уучлуулна гэчихээд монголчууд даврав. Тэд дахиад л төр засгаар толгойгоо илүүлэхээр боллоо. Өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш дуншсан, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль энэ сарын эхээр батлагдлаа. Нэг бүлэг, долоон зүйл бүхий уг хууль энэ сарын эхнээс арван хоёрдугаар сарын 31-н хүртэл хүчинтэй. Ойролцоогоор 120 хоногийн хугацаанд татварынханд шинэ тайлан балансаа ирүүлэх боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, татвар төлөхөөс зайлсхийж, энд тэнд нууж бултуулсан эд хөрөнгө, орлого байвал үүнийгээ үнэн зөвөөр нь мэдүүлээд, өршөөгдөх учиртай юм. Мөн л нэг удаагийнх гэнэ.
Дээрх хуулийг батлуулахаар бизнесийнхэн ч чамгүй хөөцөлдсөн. Тэд өөрсдийгөө 2007 оны Татварын өршөөлийн тухай хуульд хамрагдаж чадаагүйг онцлоод, одоо л эцсийн удаа уучлаач гэж гуйсан юм. Тэдний гуйлтыг МҮХАҮТ-ынхан төр засгийнханд хүргэхийн тулд өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий сайдтай цаг товлож уулзсан билээ.
Энэ ч нөлөөлсөн үү, эдийн засаг шалдаа буусан нь ч мэдрэгдэв үү, бүү мэд. УИХ-аас ямартай ч өнөөх хуулийг батлаатахсан. Тодорхой хэлбэл, долоон жил тутамд нэг удаа татвар төлөөгүй байсан ч торгуулж шийтгүүлэлгүй, өршөөлд хамрагдах юм байх. Хуулийн төслөөс харахад, өмнө нь хамрагдсан аж ахуй нэгжүүд ч хамрагдах боломжтой ажээ. Тэгэхээр нэг удаа орлогоо нуусан нөхөрт дахин нуух “ноу хау” буюу гарц гаргалгаа байх нь ойлгомжтой. Үүнийгээ ашиглаад л, долоон жил тутамд өршөөлд хамрагдах теорем бий болж байгаа юм уу даа. Амьдралд батлагдаад байвал теорем гэдэг байх аа?
Хамгийн хачирхалтай нь, далд эдийн засгийг ил болгох замаар өдгөө хэдий хэмжээний хөрөнгө ил гарна гэж хүлээгээд байгаа нь сонин. Хуулийн төслийн талаар хэлэлцэх үеэр өмнөх Татварын өршөөлийн хуулийн үр дүнгээр түрий бариад л, ДНБ-ийн 40 хувь ил гарна гэх тоог танилцуулаад байна билээ. Тэгтэл энэ нь хэдэн төгрөгтэй тэнцэхийг бодож үзсэн үү?
Өнгөрсөн оны эцсийн байдлаар манай ДНБ 21.8 их наяд төгрөгтэй тэнцжээ. Тэгэхээр бид 14.5 их наяд төгрөг далд эдийн засагт байгаа гэж хардаад, үүнийг ил гарна гэж найдсан хэрэг. Өмнөх хуулийн үр дүнгээс даруй 10 их наяд төгрөгөөр давсан дүнг горьдож сууна.
Тэгээд ч, 2007 он болоод түүний өмнөх жилүүдийнх шиг далд эдийн засгийн нөлөө инфляцад мэдрэгдээд, биднийг боомилоод байгаа юу гэвэл, үгүй.
Биднийг өнөөх алдарт гадаадын шууд хөрөнгө оруулалт тэтгэж тэжээгээд, өдгөө манайхаас “гараад явчихсан” нь сөхрүүлээд байгааг эдийн засагчид дуу нэгтэйгээр онцолдог шүү дээ. Өөрөөр хэлбэл, эдийн засаг “өвчилсөн” шалтгаан нь 2007 оныхоос өөр байгаа юм.
Тэгтэл гадаадын шууд хөрөнгө оруулалтаас болж өвдчихөөд, 2007 оныхоо жороор эмнэх гээд байгааг юу гэх вэ? Тэгээд ч энэхүү жорын эсрэг талд биднийг юу хүлээж байгаа нь сонин.
Өөдрөгөөр төсөөлөөд, 14.5 их наяд төгрөг далд эдийн засагт байгаа нь батлагдлаа гэж бодъё. Мэдээж ойрын хугацаанд дээрх эх үүсвэрээс татвар авч чадахгүй нь ойлгомжтой. Хоёроос гурван жилд л үүний үр нөлөө гарна. Түүнчлэн энэ нь далд эдийн засгийг бүр ч “өдөөх” магадлалтайг мартаж болохгүй. Амташсан хэрээ 13 дахидгийн үлгэрээр дахиад л “ганцхан удаа” гээд л гуйх вий дээ.
Тэртэй тэргүй яаж ийгээд, төрийн түшээдийг лообийдоод өршөөлд хамрагдчихаас хойш үнэнч царайлаад, орлогын албан татвар төлөх хэрэг байгаа гэж үү? Энэхүү асуулт ашиг хайдаг бизнесийнхнийг ээрэх нь гарцаагүй. Харин хариулт нь хэрхэн өрнөхийг харахын тулд дахин долоон жил хүлээх үлдсэн бололтой.
Э.Хулан
Засгийн газрын мэдээ
URL: