Эвсэл 4 сайдын суудал авахаар санаархаж байна

143972375755d070ed805bbХалуун намрын эхнээс авахуулаад л улс төрийн үйл явц халуухан өрнөж эхэллээ. Тэр тусмаа өнгөрсөн долоо хоногоос эхлэн улам хурцаар үргэлжилж байна.

Гэвч ээдрээт хэргийн зангилаа өнгөрсөн долоо хоногт эхэлсэн биш юм.

Ээлжит бус чуулган зорилгоо ерөнхийдөө 100 хувь биелүүллээ. Засгаа “шороотой” хутгалаа, хүмүүсээ ч өршөөчихлөө. Ингэдээ бүр өршөөлийн “хос хууль” гаргаж байгаад өнгөрсөн 20 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлж ирсэн бүх ажлаа үгүйсгэчихсэн.

Одоо АН өөрсдийнхөө ухсан нүхэнд уначихаад яахаа мэдэхгүй байгаа. Сайдын квотоо хувааж чадахгүй долоо хонолоо. Учир нь өнгөрсөн зургаан сарын сүүлээр МАХН-ын дарга Н.Энхбаяр Буриад очиж мөргөл үйлдсэн. Мөргөл үйлдэхээсээ илүүтэй засгийг хагалан бутаргах “хорон” төлөвлөгөөгөө боловсруулсан. Яг энэ үеэр Их хурлын дэд дарга Р.Гончигдорж ч гэсэн Буриадыг зорьсон аж. Эх сурвалжийн мэдээлснээр энэ нь тохиолдолын хэрэг биш гэнэ. Тэр үедээ л МАН-ыг засгаас “хөөж” МАХН болон АН асуудлыг үргэлжлүүлэн гартаа авахаар тохирчээ. Мөн хоёр нам ирэх сонгуульд нэг эвсэл болж орохоор тохирсон.

Харин үүнийхээ оронд Өршөөлийн хуулийг олонхоороо баталж албан тушаалаа урвуулан ашиглсан хэрэгтэй Н.Энхбаярыг “цэвэрлэх”-ээр тохирсон байна.

Ингээд бүх зүйл зураг төслийн дагуу өрнөж МАН-ыг тойргоос гаргалаа. Гэтэл АН-ынхан сурсан зангаагаарай газар дээрээ хувирах нь тэр. Шударга ёс эвсэлд ердөө 2 сайдыг нь өгөхөөр санаархав. Хариуд нь эвслийнхэн ухсан нүхэндээ орсон АН-ынханг “шантаажилж” эхлэв.

ШАНТААЖ НЭГ: Зургаан сайдын дөрөв нь эвслээс байх ёстой .

ШАНТААЖ ХОЁР: МАХН Хууль зүйн сайдыг авах гэнэ. Хууль зүйн сайдаар яригдаж байгаа хүн нь Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү гишүүн.

МАХН гарцаагүй “мэх”-ээ хийсэн. Тэд хэрвээ засагт орохгүй гээд эвслээ задалбал АН-ынхан МҮАН болон бие даагчдыг цуглуулаад ч засаг байгуулж чадахгүй. Ямар буцаад МАН-д “хайрын захиа” илгээлтэй нь биш. МАХН-ын хувьд дөрвөн сайд авах нь ашигтай, өгөхгүй бол засгаас гарах нь бүр ч ашигтай болчихоод байгаа юм. Учир нь 2016 онд АН, Н.Энхбаярын намтай эвсэл болж орохгүй бол дангаараа сонгуульд ялахгүй гэдэг нь тодорхой. Буриадад болсон тохирооч тийм утгатай байсан.

МАХН засгаас гараад ирэх сонгуульд дангаараа орсон ч саяны хэмжээний суудлаа хадгална. Тэгэхээр нэр хүндгүй болсон  намтай эвсэл болж орж байхаар дангаараа сонгуульд ороод, аль олон суудал авсан намтай нь зөвшилцлийн Засгийн газар байгуулаад явах нь ашигтай. 2016 онд МАН хамгийн олон суудал авах магадлалтай . Тиймээс  МАН-тай ч бас хамтарч магадгүй гэсэн өөр нэг хувилбар байж болно.

Нөхцөл байдал эвслийн талд байгаа учраас тэд ирэх өдрүүдэд Засгийн газарт дөрвөн суудал авахын тулд бүхнийг хийнэ. Харин АН-ынхан асуудлаас ямар гарц олж гарах вэ гэдэг сонин байна. Магадгүй өнгөрсөн өдрүүдэд явсан Шадар сайдын тухай яриа ч биелэлээ олж мэднэ. Гэхдээ нэн түрүүнд Ерөнхийлөгчийн хоригийг Их хурал яаж хүлээж авахыг хамтдаа харцгаая.

Г.Ган

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих