“Tian Poh Resources” компани “Нүүрст” төслийг худалдан авна

167919-17082015-1439772351-897618913-n55nxu8wАвстралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Tian Poh Resources” компани эрчим хүчний нүүрсний “Нүүрст” төслийг “Modun Resources” компаниас худалдан авахаар болсон гэж мэдэгдлээ.

Мөн нэн даруй төслийг хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна. “Tian Poh Resources”-ийн мэдээлснээр “Modun Resources”-тай байгуулсан гэрээний хүрээнд 110 мянган ам.долларын урьдчилгаа төлөөд байгаагаас гадна төслийн санхүүжилтэд зарцуулсан 2.1 сая ам.долларын зээлийг шилжүүлэн авахаар болжээ.

Түүнчлэн худалдан авалтад шаардлагатай хөрөнгийг босгохоор хэд хэдэн хөрөнгө оруулагчидтай хаалттай хүрээнд хувьцаа гаргахаар ярилцаж байгаа аж. “Modun Resources” компанийн зүгээс энэ оны эхэнд мэдээлснээр нийт 480 орчим сая тонн эрчим хүчний нүүрсний нөөцтэй Нүүрст ордыг найман сая ам.доллараар худалдахаар болоод байв.

Хэдий тийм боловч тухайн худалдан авагчтай эцсийн тохиролцоонд хүрч чадаагүй учир шинэ худалдан авагчид ордоо зарахаар болсон тухай мэдээлсэн юм. “Modun Resources” “Нүүрст” төслөө зарж, програм хангамжийн салбарт хөрөнгө оруулж байгаа аж. “Нүүрст орд нь Төв аймагт, Транс-Монголын төмөр замын ойролцоо оршдогоороо давуу талтай” гэж “Modun Resources”-ээс онцолсон байна.

Өнгөрсөн онд Австралийн Хөрөнгийн биржид бүртгүүлсэн “Tian Poh Resources” компани Монголд худалдан авалт эрчимтэй явуулж байгаа бөгөөд Нүүрст ордоос өмнө зэс молибдены “Зуун Мод” төслийн 51 хувийг худалдан авах опшн гэрээг “Erdene Resources” компанитай байгуулжээ. Гэрээний дагуу ирэх таван жилд “Erdene Resources”-т 4.8 сая ам.долларыг төлөх бол төсөлд зургаан жилийн хугацаанд 10 сая ам.долларын хөрөнгө оруулах юм.

Түүнчлэн тус компани Баянхонгор аймагт 229 сая тонн нүүрсний нөөцтэй “Хуабэй Куангэй” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахаар ажиллаж байгаагаас гадна Өмнөговь болон Говь-Алтай аймагт алт, зэс, нүүрсний гурван хайгуулын талбай эзэмшдэг байна. Мөн цаашид Сингапурын Хөрөнгийн биржид бүртгүүлэхээр төлөвлөжээ.


URL:

Сэтгэгдэл бичих