Эрүүгийн хуульд юу гэж заав?!
1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.
Иргэд, улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалж хайхардаггүй манай өнөөгийн “Төрийг хүн төрөлхтний аюулгүй байдлыг” хамгаал гэж хэн шахаад байгаа юм бол!
1.7 дугаар зүйл. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэх
3.Тухайн улсын хуульд зааснаар цаазаар авах ял оногдуулах, эрүү шүүлт тулгах хангалттай үндэслэл байгаа тохиолдолд гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тухайн улсад гэмт хэрэгт шалгуулах, ял эдлүүлэхээр шилжүүлэн өгөхгүй.
Цаазын ялтай гадаадын гэмт хэрэгтнийг манайх ял шийтгэлээс хамгаалж нутагтаа орогнуулах нь тэгээд хүн төрөлхтний аюулгүй байдлыг хамгаалж байгаа нь тэр юм уу! Дээрх заалтууд нь энэ хуулийг гадны захиалгаар боловсруулж батлах гэж байгааг гэрчилнэ.
1.10 дугаар зүйл. Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа
2.Хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно.
Гэмт хэрэгтнийг ял завшуулах нөхцөл сайжирч байна!
2.5 дугаар зүйл.Гэмт хэргийн хохирол, хор уршиг
1.Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эдийн болон эдийн бус хөрөнгийн эрхэд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.
3.Энэ хуульд заасан ноцтой хохирол гэдэгт хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн чухал ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд хохирол учирсныг ойлгоно.
4.Энэ хуульд заасан их хэмжээний хохирол гэдэгт тооцооны нэгжийг гучин мянга дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээг ойлгоно.
Хүний амь зүгээр л хохиролд, олигархийн эд хөрөнгө бол ноцтой хохирол, их хэмжээний хохирол гэх мэтээр тооцогдох болж байна!
5.6 дугаар зүйл.Хорих
2.Нээлттэй, хаалттай хорих байгууллагын нөхцлийг хуулиар тогтооно.
Хорихдоо хүртэл нээлттэй, хаалттай гэсэн ялгавартай байх нь ээ!
10.2 дугаар зүйл. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах
1.Өөрт нь болон ойр дотны хүмүүст нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Их ууртай этгээд “санаа сэтгэл нь цочрон давчдаад” хүн алж байх нь
10.4 дүгээр зүйл. Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх
1.Эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрх мэдэлтэй, , олигархиуд, зохион байгуулалттай бүлэглэлийн үйлдсэн хүн амины хэрэгт хүлээлгэх ялын хэмжээ нь энэ байна!
13.1 дүгээр зүйл. Хүн худалдаалах
1.Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтнийг нь авч мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж буй хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан, хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хүн худалдаалах гэмт хэрэг нь гадаад дотоодын эрх мэдэл, хөрөнгөтэй этгээдүүдийн оролцоотойгоор, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн үйлддэг гэмт хэрэг.
17.1 дүгээр зүйл.Хулгайлах
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга тогтвортой үйлдсэн;
3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэхүү хулгайн ялыг хүний амины болон хүн худалдаалахтай зэрэгцүүлээд харахад хүний үнэ цэнэ эд хөрөнгөнөөс хямд үнэлэгдэж байгааг харж болно.
19.1. Эх орноосоо урвах
1.Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны болон дайн бүхий байдал, зэвсэгт халдлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Дайны байдал, зэвсэгт халдлага мөргөлдөөнөөс бусад үед улс орноо, тусгаар тогтнолоо худалдвал энэ нь эх орноосоо урвасан хэрэгт тооцогдохгүй нь байна.
19.6 дугаар зүйл. Туйлширсан хууль бус ажиллагаа явуулах
1.Олон нийтийг хэт туйлширсан хууль бус үйл ажиллагаанд уриалсан, хэт туйлширсан үйл ажиллагаа явуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.1 дүгээр зүйл. Террор үйлдэх
1.Төр, олон улсын байгууллагаас тодорхой шийдвэр гаргуулах, гаргасан шийдвэрийг өөрчлүүлэх, шийдвэр гаргахаас татгалзуулах зорилгоор галдан шатаах, цахим сүлжээ, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх, цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, хими, биологийн хортой, эсхүл аюултай бодис ашиглаж, эсхүл ашиглахаар заналхийлж хүн амыг айдаст автуулсан, хүнийг алсан, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, зэвсэгт мөргөлдөөний нөхцөлд сөргөлдөгч аль нэг талд идэвхтэй оролцоогүй хүний амь бие, бие махбодид халдсан хүнийг арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Төр засгийн эрх баригчдын улс орны эрх ашгийн эсрэг бодлого, үйл ажиллагааг зогсоохыг шаардсан олон нийтийн эсэргүүцлийн дуу хоолойг “туйлширал”, “террор” гэх мэтээр хориглож, яллах нь ээ!
Энэ мэтээр олигархиуд дураар дургиж, гэрт хэргийн ертөнцийг өөгшүүлэн хамгаалах, ард иргэдийн амь нас, амьдралыг золиослоход хуулийн заалтууд чиглэжээ.
О.Лхагвадорж
URL: