Өөдөө хаясан чулуу өөрийн чинь толгой дээр бууж байна даа, Ерөнхийлөгчөө

11150156_1090975344250914_5385801980592272457_nНийтэлсэн: 2015-04-13 06:36:12

/Цахиагийн Элбэгдоржид хаягласан ил захидал/

2009 оны 2 дугаар сарын 17-нд өдөр тутмын нэгэн сонинд гарсан Цахиагийн Элбэгдорж таны ярилцлагыг эргээд харсан чинь тун сонин санагдав. Энэ ярилцлагаа та “Манай Ерөнхийлөгч” гэж нэрийдээд бие даасан номонцор болгож, нийтэд бас тараасан юм билээ.

Би энд тэр бүхнийг дурдахгүй зөвхөн Монгол орны өнөөгийн дүр төрх, ард түмний бухимдал, арга барагдсан байдал, ядуурал зүдүүрлийг таныг Ерөнхийлөгч болохоосоо өмнө 2009 онд юу ярьж байсантай харьцуулан жишиж, баримт түшиж, зарим нэг дүгнэлт хийхийг оролдлоо.

Миний бие таны хэлсэн зүйлсийг ярилцлагаас чинь үг үсгийн зөрөөгүй авлаа. Харин миний санал бодол бол ганц минийх биш, ард олон бараг бүгдээрээ л иймэрхүү бодол тээж явна. Уг нь та тэр үед эргэцүүлж бодмоор сүрхий сүрхий үг хэлж байсан юм билээ. Гэтэл олон жилийн дараа өнөөдөр хууль хяналт, шүүх засаглалд хэн гэгч этгээд эрээ цээргүй нөлөөлж, эрхэндээ оруулж, дөртэй юм шиг хөтөлж байгааг тэнэг биш хойно, бүх монголчууд мэдэж л байгаа.

Ц.Э: “Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж үг байдаг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд алба хашиж байгаа тэр хүмүүсийн нэг үг, өчүүхэн хөдөлгөөн хүртэл шаардлагатай газраа бол цахилгаан гүйдэл адил нөлөөлдөг. Яг унтраалга дарах, асаахтай адил. Тэд толгой дээрээ байгаа эрх мэдэлтний мессежийг ямар ч орчуулгагүй, гуйвуулгагүй шууд авдаг. Ерөнхийлөгч нь шүүхийн хараат бус байдлыг эрхэмлэдэг, түүнийг үнэлдэг байхад л өнөөгийн нийгмийн өнгө тэнгэр цэлмэсэн юм шиг л өөрчлөгдөнө. Зөвхөн улстөрийн өс хонзонгоор, эсвэл хувийн ашиг хонжоогоор шүүхэд Ерөнхийлөгч дарамт болохгүй байхад л манай оронд юм их өөр болно.”

Хэлснээ мөрдлөг болгож чадсан бол таны энэ үг уг нь тустай л байж. Даанч та үгээ үйл болгож чадсангүй. Чадахгүйгээр барахгүй, тэгэхээс тэгэх гэсэн юм шиг яг эсрэгээр нь явсан гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр шүүх, хуулийн байгууллага яагаад хараат байна, хаана улстөрийн хийгээд хувийн өс хонзон авч, захиалга биелүүлж байна, албан тушаал, гавъяа шагнал, эд мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй, “эрх мэдэлтний мессежийг ямар ч орчуулгагүй, гуйвуулгагүй хүлээж авдаг” өөрийн толгойгүй, амьгүй албат нар хаагуур буглаж, даргын даалгавартай бол хэний ч хувь заяагаар яаж ч тоглохоос сийхгүй болчихоод байгаа нь түмэн олонд хуруу дараад нэрлэсэн ч болохоор тов тодорхой байна. Тэнгэр цэлмэх бүү хэл, харин ч бүр харанхуйлчихлаа.

“Хаан хүний явдал гэвээс үс хялгасын төдий хуурмаггүй, үг бүр үнэн болбоос тэр сая хааны явдал” хэмээн эзэн Чингис айлдсан байх юм. Гэтэл ажиглан харж, үлгэр авах ёстой, бидний өмнөөс шийдвэр гаргадаг та бүхний үйлс хир буртаг бүхнээр бузартжээ. Тэрнээс чинь улбаалаад нийгэм бүхэлдээ гүн булингар дунд төөрч гүйцэж байна. Тэр талаар тоо томшгүй олон жишээ дурдаж болно.

Дээд албан тушаалтнуудын гадаад томилолт гэж нэг цадигаа алдсан юм байна. Та бүхэн гадаад улс орнуудад явж байгаа байр байдал, хэм хэмнэл, үг хэлээ эргэн харж, эргэцүүлж нэг бодмоор юм. Манай улсад нэгдмэл гадаад бодлого гэж юм байна уу, үгүй юу? Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар шил шилээ даран, бие биедээ жөтөөрхөж атаархсан юм шиг ганц хоёр оронд ар араасаа ахин дахин очицгоох юм. Үгүй, тэгээд очсон хойноо та нарын хэлж ярьж, аашилж аяглаж байгааг! Хэл яриа чинь алдаа мадагтай, үйл хөдлөл чинь ав сав, түмний элэг доог болж байгаа чинь нэг л биш ээ!

Ерөнхийлөгч өө, та нар ёстой ичиж зовохгүй худал залах юм. Худал хэлбэл нэр төрөө уландаа гишгэлээ гэж ухаангүй айдаг, тэгснээрээ түмэн олондоо тоогдож, улс орноо хөгжүүлж, толгой дээгүүр явдаг гадаад орнуудын төр засгийн тэргүүн олон байна. Манай ойр зэргэлдээ нэг улсын төрийн тэргүүн, “Би хэзээ ч давж дийлшгүй, биелж бүтэшгүй үүрэг амлалт авч байсангүй. Харин амлаж гэмээнэ үргэлж биелүүлж ирсэн” хэмээн ард олондоо ам бардам хэлсэн байна билээ. Өнөөдөр нэгийг хэлээд, маргааш нь тэс өөр хүн болчихсон явдаг та бүхэнд энэ үг сургамжтай л баймаар юм. Гэвч алтыг гууль, рашааныг угаадас гэдэг улсыг яалтай ч билээ.

Биегүй, гоё ганган үгс гэдэг тэр дорхноо л хумхын тоос болж, ам хамраар чихэж, амьсгал давчдуулах юм. Уран үгээр улсыг хуурч, усан балингаар лусыг хуурлаа гэж худалч хулгайчийг жигшин зэвүүрхдэг ард түмэн та нарын худал үг, хуурамч дүр төрхийг байнга харж байгаа болохоор төрийн тэргүүн танд хэрхэн яаж итгэх юм бэ? Олон түмэн гэдэг та бүхний боддог шиг юу ч сийхгүй амандаа орсноо бурж болдог, тэр бүхнийг нь үнэгний гавар шиг мартчихдаг, наад зах нь ам асуух тэнхэлгүй, арчаагүй тэнэг амьтад биш юм шүү.

: “Ардчиллын агуулга, амин сүнс нь шударга ёс, нэг үгээр хэлбэл, хуулийн хэлбэрэлтгүй тэгш үйлчлэл. …Манай ардчиллыг дүрсэлбэл, ардчилал гэсэн шуудай, дотор нь дүүрэн авлига. Хажууд нь хаан малгайтнууд”, ”Монголд ардчилал бий. Гэхдээ буу, шоронгоор асуудал шийдэж болохгүй. Тэгвэл энэ улс буруу тийш явна”, “Хүн байхдаа гол нь биш. Хүн эрх, эрх чөлөөтэй байснаар хүний нийгэм илүү утга учиртай, бүтээлч болдог. Тэр эрх нь зөрчигдөхөөр хүний нийгэм барайгаад эхэлдэг”

Авилга, хээл хахууль манайд улам бүр өсч, улам бүр эрээ цээргүй болж байгаагаас биш, буурсан юм нэг ч алга. Юм бүхнийг шоронгоор айлгаж, шоронгоор шийдвэрлэх гэж хэний үед оролдож, бас хэний үед энэ санаа зорилгоо гүйцэлдүүлж байгаа билээ?

Өнөөдөр нийгэм нэг л түгшүүр айдастай, чухамдаа дарьтай торх шиг болчихоод байна. Танаас эхлээд манай дээд гурван дарга харуул хамгаалалттай машинаар явдаг, очих очихгүй газраа дураараа шилдэг, олны дунд нэг ч ордоггүй, магтвал малилзаж, баалбал барайж, дуугарсныг нь өө олоод номхруулах, айлгах, элдэв янзаар гутаах үүрэг даалгавар өгч, үүлэн дээгүүр хөвөн хөөрөх адил жаргалтай жаатай байгаа болохоор жирийн ардын амьдрал ямар байгааг яаж мэдэх вэ!

Улс орон хямарлаа гэх боловч гэтлэн давах талаар арга зам эрэлхийлсэн юм алга. Ийнхүү өдөр хоног аргацааж байтал өр зээл урьд хожид байгаагүй хэмжээнд хүрч, өдрөөс өдөрт Монгол орныг залгих үр могой болон өсч торниж байхад ард олны царай барайхаас өөрөөр яах юм бэ?

Эх орны эрдэс баялаг одоо л хэрэг болж, түмэн олныг тэжээх нь гэж баярлаж байтал Оюутолгой, Тавантолгой, Гачуурт зэрэг ордуудыг ашиглах гэрээ хэлцэл ард олонд хусам ч оногдохооргүй, харийнхан хийгээд төрд шургалсан хэд гуравхан этгээдэд л уул овоо шиг ашиг олохоор хийгдэж байхад бид барайхаас өөрөөр яах юм бэ?

Монгол улс шоронжсон орон боллоо. Шоронд хэн байна, залуус байна, шоронд хэний үрс байна, цагийн золиос болсон ядуусын үр хүүхдүүд байна гэж дээр дооргүй шагшраад байхад өршөөлийн хуулийг ч булзааруулаад, эрүүгийн хуулиа ч өөрчлөхгүй хатуурхаад байгаа хэрнээ өөрсдийгөө, мөнгөтэйгээ цуг аврах эдийн засгийн өршөөлийн хууль гэгчийг болохоор өнөө маргаашгүй гаргана гэж түмнээ биш өөрсдийнхөө хар толгойг бодоод байхаар чинь бид барайхаас өөрөөр яах юм бэ?

Муу муудаа дээрэлхүү, муна гадсандаа дээрэлхүү гэгчээр гадныханд болохоор яаж ч чаддаггүй, амыг нь дагаад баялгаа тавиад туучихдаг дээдэс та нар иргэддээ болохоор ямар хайр найргүй байна вэ. Ганц жишээ дурьдахад, хил орчмоор нутагладаг манай иргэд хоёр улсын боомтоор гарч, ганц нэг шуудай будаа гурил үүрч орж ирэхэд Хятадын тал татвар авахгүй байтал харин манайхан болохоор авч л байж салдаг гэнэ. Ийм зүйл танд хариугүй мэт санагдавч арай ядан амь зууж яваа хүмүүсийн хувьд ёстой амь амьдрал юм шүү.

Гэтэл татвараас бултуулж, будлиулж байгаа өдий төдий тохиолдол, бүр ноцтой гэмээр барим тавим баримт нүдэн дээр ил байхад яаж байна? Монгол орон мөнгө төгрөгөөр бялхаж цалгиж байгаа юм шиг татвар төлөгчдийн арай ядаж цуглуулсан хөрөнгийг баруун солгойгүй цацах нь энүүхэнд. Захын жишээ гэхэд л, гадаадын хоёр иргэнд хууль эрхийн зөвлөлгөө авсан гэж 17 тэрбум төгрөг зүгээр л өгчих юм, Ерөнхийлөгч өө!

УИХ-ын нэг гишүүн улаан цайм ярьсан зүйлийг та анзаарсан байх. Тэр тухай бид бүгд сонсч, үнэхээр цочирдсон. Монголын настан буурлуудын нэг жилийн тэтгэврийг өлхөөн нэмчих тэр их мөнгийг таны найз, америкийн эмч гэр бүлийн хоёр хүнд бэлэглэчихжээ. Би үүнийг хэлээгүй, Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан, өдгөө УИХ-ын гишүүн нэгэн хэлсэн юм. Захын энэ жишээ бол таны шударга байцгаая гэж хэлээд яг түүнийхээ эсрэг явж, олон түмний дургүйцлийг хүргээд байгаа өдий төдий зүйлийн өчүүхэн нэг хэсэг юм шүү.

Тэгтэл болоогүй 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж анхан шатны шүүхээс ял авсан гадаадын иргэдэд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад яаран сандран уучлал үзүүлээд явуулчих юм. Нөгөө “шүүхэд Ерөнхийлөгч дарамт болохгүй байхад л манай оронд юм их өөр болно” гэсэн чинь яасан бэ? Гэтэл таны уучилсан тэр хүмүүс хохиролоо төлөхгүй гэж одоо гэдийж байна. Тэр хүмүүсийг буруутгах юм алга. Харин Ерөнхийлөгч таны хоёр нүүртэй, хуулийг гууль болгодог, эрх мэдлээ хэтрүүлдэг, өөрөө бол төрийн ямар ч байгууллагын үйл ажиллагааг үгүйсгэдэг зан авир чинь их тодорч ирсэн дээ.

Гэтэл гол усаа хамгаална гэж явсан, аягүй ч бол Ноён уулын тухайд нутгийн олныг доороос нь та нар тэмцээд өгөөрэй, би дээрээс нь дэмжээд өгнө гэсэн таны хошгоруулалтанд итгэж байсан шиг найдаж, гарсан хуулийг сахиулах гэж, нэгэнт гарсан хуулийг санаан зоргоор өөрчлүүлэхгүй гэж итгэж тэмцэж явсан нэг залууд болохоор хуулиар түрээ барьж яасан их хатуурхана вэ! Ойр дотны хүмүүсийнх нь ярьж байгаагаар бол тэрээр урьд нь хоёр ч удаа уучлал гуйсан юм байна. Та болохоор ялтан Мөнхбаяр уучлал гуйгаагүй гэсэн. Хэн нь худлаа яриад, хэн нь үнэн яриад байгаа хэрэг вэ? Цаанаа та хатуурхаад наанаа уучлал эрээгүй гэж худал хэлээд байна уу, цаад зөвлөх чинь танд танилцуулалгүй өөрөө мэдэж, хариу өгөөд байна уу? Энэ мэт нэг талаас өөрийн орны жирийн иргэддээ болохоор яс хэрэгждэг, аранга болсон хууль бариад, нөгөө талд нь өчнөөн төчнөөн хохирол учруулсан гадаад, дотоодын томчуул, эрх мэдэлтэн, мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүс монголын хуулийг тойрч, танаас эхлээд тэр хүмүүсийн толгойг нь илээд байгаа нь ёстой нөгөө ариун явдал уу, Ерөнхийлөгч өө?

Шударга үнэнийг хэлж, ярьж байгаа ТББ, иргэд, улстөрийн үйл ажиллагаа явуулж байгаа нам хүчнийг шахаж хавчих, дарамт үзүүлэх, үйл ажиллагааг нь хаах хүртэл ардчилсан нийгмийн хувьд амиа хорлолт болсон юм ярьж ч байх шиг. Бүгдийг өөрсдийн гарын дор байлгах, хууль, хүчний байгууллагууд, тэр ч бүү хэл, чөлөөт хэвлэлийг хүртэл зарцын адил ашиглахыг санаархаж, санаа зорилгоо гүйцэлдүүлж байгаа чинь дэндэж байна. Энэ бүхэн ардчилал уу, Ерөнхийлөгч өө?

: “…ардчиллаар олж авсан монголчуудын ололтыг сонгуультай холбож ойлговол хүн бүр өөрийнхөө сонголтоор төр засгаа бүрдүүлнэ л гэсэн үг. Гэтэл тэр дархан эрхээ эдлээд дархан шийдвэрээ сонгогчид гаргачихсан байхад нь ард түмний нүдэн дээр “урж” хаясан. Үүнээс илүү доромжлол гэж байж болох уу? Бүр дарангуйлалаас дор. Сонгууль гэж баахан түмний мөнгө, нерв, ажил, алтан цагаар нь тоглодог. Тэгээд эцэст нь үр дүнг нь үгүй хийдэг. Ингэснээс эрх баригч анги нь эрх тушаалдаа үлддэг, сайн дур нь хүрвэл сандал суудлын өнцгөө заримтай нь найр тавьж хуваалцдаг. Үүнийг харсан байтугай, энэ тухай бодсон хүний уур хүрмээр байгаа биз дээ!”,” Шударга сонгууль болно гэж итгэх нэр дэвшигч байтугай, сонгогч бараг байгаа юм уу, энэ оронд.”

Ерөнхийлөгч өө, таны энэ их уур хилэн, энэ их халаглал гомдлыг монголчууд өнөөдөр яг өөр рүү чинь эргүүлэн шидэж, хариулт нэхэн шаардаж байна. Монгол түмэнд, ахиад тэгэхгүй биз, ухаарах биз гэх хүлээцтэй тэвчээртэй уугуул сайхан чанар бий нь бий. Гэхдээ хэдий хэр тэвчиж тэсэх бол! Хууль үйлчлэхээ больсон тэр газар, тэр цагт хүчирхийлэл дэгддэг гэдэг хатуу боловч үнэнийг тоохгүй байж болдоггүйг хол ойрын түүх сануулсаар байна.

Таны магтаад байгаа тэр хар машинаар ард түмний сонгох эрхээ эдэлсэн шийдвэрийг ёстой урж тасдаж байгааг юу гэх вэ? Ардчиллын нэг үзүүлэлт, Үндсэн хуулиараа тунхагласан сонгох, сонгогдох эрхийг ийнхүү багалзуурдаж, амийг нь тасалж байгааг та яагаад таслан зогсоох битгий хэл, ташуур өгөөд байна вэ? Тэр хар машины “тусламжаар” илэрхий луйвар хийгээд байгааг ганц би биш бултаараа ярьж байна. Бусад орнуудад луйвар будлианы эх үүсвэр болохыг нь мэдэж хэрэглэхгүй болсон энэ аргыг хэн нь хүсээд, хэн нь зөвлөөд, хэн нь оруулж ирснийг таах юмгүй.

: “Шударга ёс бол эв нэгдлийн суурь. Жирийн хүн нэг нэгнээсээ мөнгө зээлээд төлж чадахгүй болохоор тэр нь залилан болоод шоронд орж байна. Гэтэл нэг хүн түмний хөрөнгөнөөс тэрбумаар нь ил цагаан идээд ордонд суугаад л байна”

Өнөөдөр засарсан юм алга. Бидний хойч ирээдүй элбэг хангалуун аж төрж, эрдэм соёлын шим хүртэж байх ёстой атал голдуу нийгмийн буруугаар хулгай, дээрэм, хүнд ноцтой янз бүрийн гэмт хэргийн золиос болсоор байгааг Ерөнхийлөгч та олж үзэхгүй, олигтой анхаарахгүй байна.

Юм л бол айлгах, шийтгэх, баривчлах, дарамтлах, цагдаа, шүүх, прокурор, шорон, гадаад зорчихийг хориглох … дэндүү явцгүй, дэндүү хүнлэг бус… Сэтгэл сэрдхийлгэсэн ганц жишээ татъя. “Гансүх гуайг… эмч нар нь гадаадад яаралтай шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж зөвлөсөн. Гэтэл АТГ-аас хилээр гарах эрхийг нь хаачихсан. Амьд үлдэхийн тулд хуруугаа/хөлийн/ тайруулж шинжилгээнд явууллаа. …Яаралтай шинжилгээ хийлгэж, оношоо тодруулах шаардлагатай байсан учраас хуруугаа тайруулсан гэж өөрөө тайлбарлаж байгаа” гэж “Өдрийн сонины” саяхны дугаарт гарчээ. Энэ чинь юу болж байна аа! Сэжигтэн битгий хэл хүний амь хохироосон хэрэгтэн ч эрүүл байх эрхтэй шүү дээ. Мафийн толгойлогч, алан хядагч, хорлон сүйтгэгчийг цагдаж байгаа юм шиг энэ их хийрхэл, тэр их сүржигнэл хичнээн хүний эрүүл мэндийг хохироож, амь насанд нь хүрч байгаа бол?! Хэргийн учир цагдан хоригдож байгаад нас барсан хүнийг шүүх таслан шийдвэрлэж, ял шийтгэл оноосон явдал ч гарлаа. Урьд хожид ийм явдал гарч байгаагүй юм шүү! Жирийн иргэддээ яасан их хатуурхаж байна вэ? Гэтэл тэрбум тэрбумаар нь идэж, сүйтгэсэн этгээдүүд, цулайтал хөлжиж, монголд битгий хэл тив дэлхийд гайхуулах хөрөнгө зоорьтой болчихоод үрж ядаж байгаа нь илтэд сэжигтэй атал, ёстой таны хэлдгээр төрийн ордонд, харуул хамгаалалт дор санаа амар алхаж байна.

Цадиггүй, даруулгагүй, улаан цагаандаа гарсан шуналаа гүйцэлдүүлэхийн тулд хүнийг яаж ч хохироохоос буцахгүй авирлаж, хувь заяагаар нь тоглож байна.

Тэр бүгдийг дуулсаар, мэдсээр атал та яагаад арга хэмжээ авахгүй байна вэ, Ерөнхийлөгч өө?

Ц.Э: “Зовлон үзсэн зарим улс гүрэн, тухайлбал, Германы Үндсэн хуулинд хууль бус аргаар иргэдийн сонгох эрхэнд халдвал, төрийн эрх авбал герман хүн бүр байгаа суугаа газар болгондоо бүх боломжит аргаараа тэмцэл өрнүүлэхийг баталгаажуулсан байдаг гэж би сонссон” Ийм эрхгүй учраас, 2008 оны 7-р сарын 1-ний үйл явдал зэргээр айлгаж дарамталсан учраас хүмүүс айдас хүйдэст баригдаад тэмцэж чадахгүй байна.

Таны хэлдгээр, “зовлон үзсэн улс орны иргэд” шиг тэмцэл хийвэл хийхээр бүх нөхцөл бүрдчихээд байна. “Хүмүүс айдас хүйдэст баригдаад тэмцэж чадахгүй байна” гэж та зургаан жилийн өмнө халаглаж байсан бол одоо тэр айдас хүйдэс чинь бүх нийтийг бүрхжээ. Айдасгүй хүн өнөөдөр Монголд хаана байна? Ажилгүй болчих вий, бизнесээ булаалгачих вий, юухан хээхнээр өөнтөглөөд шоронд аваачаад хийчих вий гэх зэргээр, наад зах нь утас чагнана гэж бие биетэйгээ үнэн үгээ ярихаас ч айдаг болжээ. Ардчилал гэдэг айдастай байхыг хэлдэггүй байтал, тэгж айхаас ч аргагүй үйл явдал ар араасаа хөвөрсөөр өнөөг хүрлээ.

Нэг хоёрхон жилийн өмнө тантай өрсөлдөөд сонгуулийн дараа бие биедээ амжилт хүсч, хамтарч ажиллана шүү хэмээн гар барьж, инээж хөхрөлдөж явсан, биднийг бодвол бараг таны анд гэхээр хүнийг, тэр өдөр төрийн ордноор орж гарч байхад нь зүв зүгээр байснаа хэдэн зуун цагдаагийн хүчээр үүр шөнийн заагаар алан хядагч шиг баривчлах юм. Үзэл бодлоо илэрхийлж, өлсгөлөн зарлаж байсан хүмүүсийг хар шөнөөр бас л цагдаагаар далайлган хүчээр эмчилгээнд оруулах юм. Болохгүй байгааг хэлсэн хүмүүс уварч цувран юманд өртөх юм.

Үзэл бодлоо хэнээс ч айхгүй, чөлөөтэй илэрхийлэх, жагсаал цуглаан хийх гэдэг бол хатуу ч гэсэн нийгмийн гажуудлыг хөнгөлөх эм тариа. Таны нүүрэн дээр монголын нийгэм эм тариандаа орох болчихоод, амь тавих шахаж байхад тэрнийг нь хорино гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ард олон чинь, одоо бас яах бол гэсээр нуруугаа авсан морь шиг хавталзаж байна. Үүнээс цааш тэвчих тэвчээр бараг дуусч байгаа байх!

Ард түмэн, сонгогч олноо олон дахин мэхэлж, хошгируулж болохгүй гэдгийг, тийм цаг хугацаа дахиад байхгүй гэдгийг Ерөнхийлөгч та эрхбиш ойлгож байгаа биз!

Ц.Э: “Хүчирхийлэл дандаа эрх мэдэлтэй холбоотой байдаг. Ард түмний зүгээс хүчирхийлэл гардаггүй юм. … Эрх мэдэлтэй этгээдүүдийн хийсэн хэрэг, тэр бүү хэл үйлдсэн аллагууд ил байвч олдохгүй болдог. Харин тэдний тойрогт багтаагүй бол эгэл мөрөөрөө явсан жирийн иргэд тамлуулж, яргалуулж, амь амьдралаа алддаг систем Монголд бий болсны тод гэрч” Эрх баригчид, луйварчид, “МАНАН” эвсэл байгуулагчид үүний үлгэр дууриалыг ч үнэхээр хангалттай, бүр хэтэрхий гэж тодотгомоор үзүүлж байна даа.

Эрх мэдэлгүй байхдаа та юу ярьж байж вэ? Та эрх мэдлийн өндөрлөгт гарсан энэ олон жилд тэр бузар булай зүйл, луйварчдын эсрэг юу хийж, юу сайхан болгов? Өнөөдөр гэхэд дарангуйлал хүчирхийллээр дүүрлээ гэж ард олон чинь байж сууж ядаж байна. Гэхдээ танаас олон зүйлийг нэхээд ч яах вэ, тэгэх ч хэрэггүй хүн юм гэж энэ хугацаанд би бүрэн ойлгосон. Ганцхан зүйл л асууя. Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийг алсан аллагыг яагаад өнөөдрийг хүртэл гойд анхаарахгүй, илрүүлэх талаар алхам хийхгүй байна л гэж асууя. Энэ асуултыг монгол хүн бүхэн тавьж байна! Хэргийг илрүүлэхгүй байх сонирхол та нарт арай байдаг юм биш биз! Төрийн механизм тэр чигээрээ таны гарт байсаар байтал тэр талаар ярих нэг л дургүй болчихоод байгааг чинь хараад тэгж санагдах юм. Тэр ч байтугай тэр аймшигт аллагын мөрөөр хувиараа мөрдөж, сэжиг таамаг дэвшүүлсэн Д.Дожоодорж гуайн номыг гарангуут нь, зарж байгаа газар бүхнээс бөөнөөр нь хураан авч, устгасан тухай яриа олны дунд явсаар байгааг та мэдэх үү?

1990 оны ардчилсан хөдөлгөөний талаар бичиж нийтлүүлж байсан сонин хэвлэлүүд аль ч номын санд байхгүй болчихож. Тэр бүхнийг зориуд хураан авч устгасан тухай хүмүүс баримттайгаар яриад байгааг та дуулсан уу? Түүхийг түүхийрүүлж, үнэнийг гажуудуулж, жинхэнэ эх оронч үзэл бодолтой, үйл хэрэгтэй тэр хүмүүсийн оронд өөрсдөө гарч ирэх, байр суурийг нь булаах, тийнхүү ардын баатар болох үйл ажиллагаа явагдаж байгаа юм биш биз? Угсаа залгасан хаан биш, сонгож гаргаж, өөрсдийгөө төлөөлүүлсэн удирдлагаасаа асуух эрхтэй, бас буруу үйл ажиллагааг нь хардах ч эрхтэй, шүүмжлэх ч эрхтэй учраас ийнхүү асууж байгаа юм, Ерөнхийлөгч өө?

: “Би юунд бухимдаж байна гээч. …өөрөөсөө бусдыг өт хорхой гэж хардаг тийм тогтолцооны төлөө хүн бүрийг дуугүй, толгой гудгар, амьдрал баргар явуулах гээд байгаад л бухимдаж байгаа юм. Манай шорон бол хүн шиг амьдрах, үнээ мэдэрч эдэлж амьдрах гэж зүтгэсэн, тэмцсэн хүмүүсээр хахаж цацаж байна”.

Таны энэ үг яг өнөөдрийн болж байгаа үйл явдал, дээр гараад суучихсан хэдэн нөхөдтэй яасан их таарч, ямар адилхан байна вэ? Өнөөдөр хийе, бүтээе гэсэн бүхнийг дарамталж, нухчин дарж, орон шоронд явуулж байна. Хорих газарт хичнээн олон бизнес эрхлэгчид ар араасаа очиж, баялаг бүтээхийн оронд хуулийнханд ээрэгдэн, цаг хугацаа алдаж, эрүүл мэндээрээ хохирч байгаа билээ. Монголынхоо баялаг бүтээгчдийг чөдөрлөчихөөр чинь яаж энэ улс орон урагшлан хөгжих юм бэ, Ерөнхийлөгч өө?

Ц.Э: “Төр бол би. Хууль бол би” гэж өөрийгөө хардаг, тоосгон, хүйтэн зүрхтэнүүдээс ард түмэн салах гээд байдгаараа үзэж байна”, ”Манай хууль бол эрх мэдэлтэй, төр мөнгийг хослуулсан олигархиудад бол цаас, жирийн хүмүүст цааз болж хувирчихаад байна”

Та энд яг өнөөдрийн үнэнийг урьдчилаад хэлчихэж. Монголын хууль эрх баригчид, олигархиудад бол хумхиж базаад хаядаг цаас, ард иргэдэд бол хумьж баривчлаад хорьдог цааз болчихоод байна. Өнөөдөр худал амлагчид, амиа бодогчид, олигархиудаас хэрхэн яаж салах вэ гэдгийг монгол хүн бүр боддог боллоо.

Үүнийг Ерөнхийлөгч та мэдэрч байна уу? Мэдсэн ч мэдэн будилсаар байна уу?

Өнөөдөр Монголын хууль жирийн хүмүүст аранга болчихоод байгаа нь үнэн. Улстөрийн нам, мөнгө хөрөнгөтэй бүлэглэл төрийн механизм, хууль хяналтын байгууллагуудыг зэвсэг болгон ашиглаж, улс төрийн өрсөлдөгч, сөрөг хүчнээ дарж, тооцоо хийж, өс хонзон авч байгаа нь ч бас үнэн. Тэгэхийн тулд зохиомол хэрэг үүсгэж, хилс хэрэгт холбогдуулан хорих, шийтгэх явдалд гаршиж байна. Тэр бүхэн нүдэн дээр чинь улаан цагаан ил байхад, “заавал хэрэг болго, шийтгэ” гэдэг захиалга өгч, улам улайрч байхад та яагаад таслан зогсоохгүй, өөгшүүлээд байна вэ, Ерөнхийлөгч өө?

Таны телевизийн нэвтрүүлэгт орж, ярьж хэлж байгаа байр байдлаас чинь харахад, захиалгат хэргийн цаад эзэд нь хэн бэ, хэн гардан хэрэгжүүлж, хэн хэн хамтарч дэмжээд байна вэ гэдэг нь нийгэмд маш тодорхой болсон! Ийм бусармаг, бурангуй явдлыг таслан зогсоох, нийгмийг айдас хүйдэсгүй болгоход өөрийн эрх мэдэл, бүрэн эрхээ дайчлаач хэмээн хүсье, гэвч бүтэн зургаан жил хөдлөөгүй хүн хоёрхон жилд тодорхой юм хийхгүй нь дээ гэж итгэл алдарч байгаагаа нуугаад ч яахав.

Ц.Э: “Монголын сонгууль тоглоомын сонгууль, төр нь тоглоомын төр болж хувирсан”, ”Естой л нөгөө түрийний бөөс толгойд гарна гэгч л болоод байгаа юм” Түрийний бөөсүүд ч үнэхээр толгойд гараад улс орон, ард түмнээр тоглож гүйцээд байна. Авилга, хээл хахууль, ажилгүйдэл, ядуурал Монголд үнэхээр дэндлээ. Хүн амын хоёрхон хувь нь л язартлаа баяжиж, дөчин хувь нь хоосорлоо. Дундаж түвшнийхний бараа харагдахгүй хэвээрээ байна.

Төрийн албаны хууль үнэн хэрэгтээ гууль болчихоод байна. Төрийн алба төрлийн алба болчихоод байгааг хэн хүнгүй мэддэг ч өөрчлөх тухай та бүхэн нэг ч ярихгүй юм. Харин бүр Төрийн албаны зөвлөлийг ад үзэж, татан буулгах тухай танаас эхлээд нэлээд шаардангуй ярьдаг болоод удаж байна. Боловсон хүчний халаа сэлгээ, цомхотголыг дураараа хийж, хамаатан садан, төрөл төрөгсөд, танил тал, өөрийн гэсэн хүмүүсээр дүүргэж, төрийн албыг бусниулах боллоо. Хүмүүсийг цомхотгол нэрээр, намын харьяаллаар халж сольж байгаа нь үнэн хэрэгтээ хоморголон хийж байгаа “улстөрийн хэлмэгдүүлэлт” юм. Шинэ үеийн энэхүү хэлмэгдүүлэлтийг таслан зогсооё гэж та лав хүсэхгүй байх шиг байна, Ерөнхийлөгч өө!

Ц.Э: “Монголын ардчиллын бараг алдагдаагүй нэг ололт бий. Тэр нь монголчууд толгой дээрх хүмүүсээ ерөнхийд нь хэн нь хэн бэ гэдгийг таньдаг болсон явдал”

Тийм ээ, олон түмэн таныг, таны тарыг танихаараа нэг боллоо. Таних тусам айх ч шиг, гайхах шиг болцгоож байна. Та өөрийн дотоод сэтгэлээ, хийсэн ажил үйлээ ойрдоо өнгийж харсан болов уу? Та нэг бол эрх мэдлийн оргилд гартлаа үнэн төрхөө хав дарж явж, эс бол эрх мэдэл аваад өөрөө ч мэдэхгүй ингэж муухай өөрчлөгдсөн байх. Н.Энхбаяр гэдэг хүнд муу муухайн баг бүхнийг өмсгөж, бах таваа хангасан тэр хүн-та өөрөө яг дүрээрээ, өөрийнхөө амаараа бүтээсэн “мангас” болчихоод сууж байх юм.

Шүүх цагдаад нөлөөлөх төдийгүй дарамталдаг, сонгуулийн ямар ч завхралыг эс тоодог, авлига хажуу хавиргаар нь дүүрэн байхад “хаан малгайтайгаа” хараагүй юм шиг суудаг, ард түмэн нь идэх хоолгүй шахам байхад өөрөө хагартлаа баяждаг, үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан хийе гэхлээр төрийн янз бүрийн механизмаар хааж боодог, орон шоронд хорьдог, хүссэн зүйлээ хэрэг болгодог хүсэхгүй бол ус болгодог, хүмүүсийг айлгаж “дуугүй, толгой гудгар, амьдрал баргар” явуулдаг, хүн шиг амьдрах гэж зүтгэсэн, тэмцсэн хүмүүсийг шоронгоор дүүргэдэг, “төр бол би, хууль бол би” гэж өөрийгөө үздэг, эрх мэдэлтэй, төр мөнгийг хослуулсан олигархиудад бол хуулийг цаас байлгадаг, авилга, хээл хахууль, ажилгүйдэл, ядуурлаар монголоо дүүргэдэг, хүн амын өчүүхэн хувийг язартал баяжуулж, бусдыг гаргуунд гаргадаг таны бүтээсэн нийгмийн дайсан, нөгөө айхавтар мангас чинь та өөрөө биеэрээ Элбэгдорж гэдэг мангас болчихоод амьтан хүн айлгаад, ард түмэндээ нийгмийн дайсан болж харагдаад сууж байх юм.

Энэ чинь юу болж байна вэ? Хувь заяаны тоглоом шоглоом уу? Хүн дээр тохож, бузар муухайг нь гайхаад далдуураа хүсч мөрөөдөж явсан зорилго тань юм уу, Ерөнхийлөгч өө?

Телевизийн камерын өмнө таны жүжиглэл хэтрээд одоо бүр дэндсэн. Монгол Улс парламентын засаглалтай орон. Гэтэл УИХ-ын дарга, өөрөөсөө хамаагүй настай хүнийг, Ерөнхий сайдтай цуг дуудаад үүрэгдэх, цагдаагийн даргыг өрөөндөө оруулаад мөрдөстэй чинь ярина гэж сүрдүүлэх, УИХ-ын гишүүн, сайд хүнийг олон камерын өмнө үг дугаруулахгүй омогдох, Засгийн газрын хуралдаанд орж ирээд яах гэж байгаа нь мэдэгдэхгүй суух, муу сайн ч төр барилцаж байгаа гишүүдээ Их хурлын танхимд нь толгой түрүүгүй загнах, УИХ-д үл итгэх, нэгэн цагт сонгуульд хамт орж явсан өрсөлдөгч -улстөрд дөрөө харшуулж явсан нэг нөхрөө орон шоронд байхад нь хотын төлөөллийг цуглуулж байгаад хурлын индэр дээрээс хүний ёсноос гадуур баалах, өөрийгөө “хаан” хэмээн Тамгын газрын даргаасаа эхлээд цоллуулах зэрэг танд бол эр бяр, эрх мэдлээ харуулсан сайхан л зүйл байдаг бололтой юм.

Гэтэл ардчилсан ерөнхийлөгч гэж дуудуулах дуртай таны хувьд ардчиллыг хангах юм ер харагдахгүй юм. Таны талаар ард түмэн чинь үнэн бодитой мэдэж байгаа юм алга. Овог гэхэд л Мухулай байгаад Монгол болоод сүүлдээ Элбэг болоод дуусч байх шиг байна. Төрсөн өдөр гэхэд 3-р сарын 30 байгаад сүүлдээ 3 сарын 8 болоод ирэх шиг боллоо. Үндэс язгуур гэхэд халх байгаад захчин болоод одоо ямар болсныг бүү мэд. Та хүний өөрийн нийлсэн олон хүүхэдтэй гэж хэлэх дуртай ч нэрийг нь мэдэхгүй хөглөх юм. Уул нь үнэхээр ардчилсан ерөнхийлөгч юм бол ардчилал хөгжсөн бусад орны тэргүүн нар шиг ямар орлоготой, юунд түүнээ зардаг, эхнэр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд нь хаана хаана байдаг, юу хийдгээс авахуулаад бүх зүйл алган дээр тавьсан юм шиг ил байх учиртай. Бусдыг шилэн бай гэж шаардах атал өөрөө болохоор төмөр бортогон дотор, бин битүү, юу ч харагдахгүй үзэгдэхгүй суух юм.

Ерөнхийлөгч өө, та өөрөө санаачлаад хөрөнгө оруулгын мэдүүлгээ ил болгочих л доо. Тэгвэл таны тухай хагартлаа баяжсан, том том уурхайгаас хувь хүртдэг, мянгаар ярих уран зургийн цулуулгатай, 7 тоот орон сууцны асуудал гээд зүсэн зүйлийн хов жив дарагдана. Ер нь ч та “костюмаа өмсөөд, зангиагаа зүүгээд” гоёж гангалаад хууль хяналтын газар очих дуртай хүн шүү дээ.

Ерөнхийлөгч таныг, одоо л нэг авч өгөх байх гэсэн юман дээр бол бүр таг. Ноён уулаа авраарай, тэмцээд өгөөрэй гэсэн. Тэмцээд ирэхээр таг. Шударга бус юмтай улаан гараараа үзэлцэнэ гэсэн. Захын жишээ, сая доллараа офшор дансанд мартах, асар их өртөг зарж, зориулалтаар нь барьсан эмнэлгийг оффис болгох, зохих хууль тогтоомжгүйгээр шүүгчид цалингаа дангаараа сая саяар нэмэх, олон нийтийн радио телевизийн удирдлагуудыг намын дарга нараар тавих, замын осол аваар, гэмт хэргийн золиос, ядуурлын балаг, архидалтын уршиг, утаа тоосны угшил зэргээр монгол хүн дайн болж байгаа юм шиг олноороо амь үрэгдэх зэрэгт болохоор таг. Хуульзүйн сайд нь ноцтой баримт дэлгэхэд таг, Оюу-Толгой, Тавантолгойг тавиад туучихад мөн л таг, ард түмэн нь дуугараасай гэсэн мөн ч олон юман дээр хэл тань татчихсан юм шиг суух юм.

Болж байгаа юм энэ Монголд чинь ховор, ёстой хөл толгойгоо алдчихсан юм шиг, зөв буруугийн үнэлэмж ч алга. Ард түмэндээ ээлтэй юм гэхээр хашин морь, буруу зөрүү юм гэхээр санахгүйг санаж, болохгүйг болгох юм. Ард түмэн, эх монголын минь юугаар ч сольшгүй эрдэнэс, хэдэн үеэрээ бий болгож, бас цуглуулж ирсэн музейн үзмэр ч буруу гараар орсоор байгааг та анзаарч байгаа юу? Гадаадын жуулчдын өмнө нүүр тахалдаг, ард олны минь байгаль түүхээ таньж, нүдээ баясгаж, би монгол хүн гэж бахархдаг байсан Байгалийн түүхийн музей хоёр жил хаалгаа барьчихаад, одоо гэнэтхэн хаа хамаагүй хол, хувийн нэг Хүннү молл гэгчид үзмэрийг нь тавина гэж их л учирлаж, чих дасгаж ярих боллоо. Юу л сэдэж, юу л хийх гээд байгаа бол?

Хүмүүс хамгийн өндөрт суугаа надад л хандах юм гэсэн санаатай зүйлийг та ярьж байна билээ.


URL:

Нэр: зочин Огноо: 16 August 2015

Ерөнхийлөгч хийхэд ухаан нь хүрэхгүй ерөнхийлөгч байх хугацаанд нь улс орон минь ямар эмэгнэлтэй байдалд орсныг өөрийнхөө худал яриа хошигруулалтыг эргээд нь үзчихдэг болоосой.Ахин битгий л улс төрд орж улс орноор минь тоглоосой билээ.

Нэр: Anonymous Огноо: 17 August 2015

өөрт нь нэг уншуулах юм сан, үнэн бичсэн байна

Сэтгэгдэл бичих