“Шударга ёс эвсэл”- ийн шударга бус үйлдэл

shudarga-busПостмодернист яруу найрагч Б.Галсансүхийн “Бурханд өгөх зөвлөгөө” шүлгийн

“Бурхан…

    ….Чи гаргасан зарлал бүхэнд нэжгээд НАЙДВАРТАЙ гэсэн үг байх ёстой гэж
    Чанга дуугаар хэлсэн.
Найдвартай гэсэн зарлал нээрээ хүмүүсийг их залхааж байна 
… “ хэмээх мөр үүнийг бичихийн өмнө өөрийн эрхгүй санаанд орж байна.

Улс төрийн намуудаас  МАХН, МҮАН 2012 оны сонгуулиар эвсэж оролцсон. Тэд эвслийнхээ нэрийг “Шударга ёс” гэж нэрлэсэн байдаг. “Шударга ёс” гэдэг  энэ үг ард түмэнд хамгийн ойр,  тэдний хүссэн хүлээсэн зарчим байдаг бол  улс төрчдийн хувьд хамгийн  хол,  тэдний хувьд хүслээ хэрэгжүүлэх лоозон болдог бололтой. Магадгүй хамгийн их шударга ёс ярьдаг хүмүүс  их хамгийн  шударга бус үйлдлийг хэрэгжүүлдэг  юм биш биз гэж бодол төрж байна.

Өнгөрсөн 3.5 жилийн хугацаанд парламентэд суудалтай  МАХН-МҮАН- ын  “Шударга ёс” эвслээс шударга ёсонд нийцэх дорвитой шийдвэр  бараг гарсангүй  гээд хэлчихэд нэг их  хилсдэхгүй болов уу.  Энэ эвсэлд нэгдэн байж, эл эвслийн нэрээр нэр дэвшин олны итгэлийг хүлээн УИХ-д сонгогдсон  гишүүн  нь хувийн эрх ашгаа  өөрийг нь сонгосон сонгогчдоос дээгүүрт тавьж шударга ёсыг уландаа гишгэж, намаа сольсноор энэ эвслийн үнэн төрх нийтэд ил болж эхлэсэн.

Ерөөс өнгөрсөн хугацаанд Шударга ёс эвслийнхэн хийхийг зорьсон, хийхээр улайрсан, хийхийн төлөө зүтгэсэн, эцэст нь хийж чадсан цорын ганц нийтийг хамарсан үйлдэл бол Өршөөлийн хуулийг батлуулах явдал байлаа. Гэхдээ тэд ард түмнийг бодсондоо биш, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Өршөөлийн хуульд хамруулахаар зорьсондоо, улмаар түүнийг дахин хууль шүүхийн хаалга татуулахгүй байх зорилгыг агуулсандаа тэдний дээрх  хичээл  зүтгэлийн мөн чанар чиглэгдэж байлаа. Эцэст нь “Шударга ёс эвсэл” зорилгодоо хүрч чадсан.  МАХН бол Н.Энхбаярын байгуулсан, Н.Энхбаярт үйлчилдэг, Н.Энхбаярын төлөө нам гэдгийг өнгөрсөн түүх ийнхүү баталлаа.

Н.Энхбаяр өршөөгдсөн. Тэрбээр  Өршөөлийн хууль  батлагдсаны маргааш “шаардлага  гарвал засаг  төрийн хэрэгт  туслая, зөвлөе”  гэсэн “манж үг”  хэлсээр  эх орондоо ирсэн.   Үнэндээ Н.Энхбаяр төрд туслах, зөвлөх биш, төрийн бодлогод гар бие оролцохоор ирсэн нь тодорхой. Н.Энхбаяр их даруу болжээ. Өнгөрсөн  хэдэн жилийн хууль шүүх, шорон гяндан  түүнийг бодсоноо итгэлтэй ил цагаан ярьдаггүй, дотроо хадгалж, гаднаа инээж явдаг болгожээ.

Одоо тэр  “өшөөгөө” авч эхлэнэ. Ингэхдээ тэр аядуу зөөлөн байж, алсаас удирдаж ажиллана. Хүссэн хүсээгүй АН  Н.Энхбаярт буулт хийнэ. Хэрвээ Н.Энхбаяр  өөрийн эвслээ засагт оруулахгүй гэвэл АН хэн ч биш болж, Засгийн хямрал нүүрлэнэ. Иймээс улс төрийн хөзрийн ихэнх нь Н.Энхбаярт байна.

Ийнхүү  “Шударга ёс эвсэл”  ганцхан хүнд үйлчилсээр ирсээр, одоо ч гэсэн  үйлчилж   байгаа нь шударга явдал байж чадах уу?

Яруу найрагч Б.Галсансүхийн “Бурханд өгөх зөвлөгөө” шүлэгт 2 мөр нэмэрлэе…

“Н.Энхбаяраа …

Чи өөрийн намын  улс төрийн тунхаг, уриа бүрд  ШУДАРГА ЁС гэсэн үг байх ёстой гэж Чангаа дуугаар хэлсэн

Чиний “Шударга ёс” гэсэн үгэнд хууртсан хүмүүс шударга бус үйлдлийг хийсээр  байна.

Ц.Мөнх

 Ugluu-logo2015

 


URL:

Нэр: Зочин Огноо: 14 August 2015

Шударга ёс эвсэлд шударга хүн бараг байхгүй дээ шударга биш болохоороо шударга дүр эсгэж, дүр үзүүлж ард түмний тархийг бид шударга шүү гэж угааж л байгаа хэрэг шүү дээ үнэн нь тийм л байгаа биз дээ

Сэтгэгдэл бичих