”Авлигажсан” Ардчилсан нам

416b4727faaf2502originalДалын  талыг наслахад олон ч зүйл үзлээ дээ. Ардчилал, шударга ёс, тэгш эрх, авлигагүй нийгмийг бий болгохыг  зорьж тэртээх 25 жилийн өмнө улс оронд ардчилалыг бий болгосон АН-ын кадрууд өдгөө ардчилал гэдэг үгний, ардчилсан зарчим гэдэг  ойлголтын эсрэг ажиллахыг өөрийн хоёр нүдээрээ үзэж, 2 чихээрээ сонслоо. Ард түмэн 2012 онд АН-ыг нийгэмд  үүсээд байсан бусармаг зүйлийг  бууруулна,  албан тушаалтны  авлигыг таслан зогсооно, ард түмний нурууг тэнийлгэнэ, улс орноо хөгжүүлнэ  гэсэн сонгуулийн уриа лоозунд итгэж тэднийг  сонгосон.

Ард түмэн авлигагүй нийгмийг буй болгоно гэдэгт АН-д,  Ардчилсан Ерөнхийлөгчид ийнхүү итгэсэн. Гэтэл тэд авлигачдыг чөлөөлөх хуулийг ээлжит бус чуулган зарлан хуралдуулж байгаад, сөрөг хүчингүйгээр батлан гаргалаа.  Олон нийтийн өмнө ярих бүрдээ авлигын эсрэг ажиллана, авлигачдыг цээрлүүлнэ гэдэг  Ерөнхийлөгч маань энэ удаа дуугарсангүй.

2012 оны сонгуулиас хойш  3 жил хагасын хугацаа өнгөрлөө. Ард түмний  итгэж явсан ардчилсан нам сонгогчдын  итгэлийг хөсөрдүүллээ.

АН, ардчилсан засаг  Чингис  бондыг бий болгож улс орны өрийг нэмэгдүүлж байхад ард түмэн чимээгүй харж суусан, Самуурай бондыг босгож Япон улсаас их хэмжээний зээлийг авахад гайгүй байлгүй дээ гээд өнгөрүүлсэн, Засгийн газраа унагаж Н.Алтанхуягыг Ч.Сайханбилэгээр солиход  сайжрах байх гээд итгэсэн,  Ерөнхий сайд нь  Оюу толгойн гэрээр Дубайд очиж  “нууцаар” үзэглээд ирэхэд ард түмэнд ашигтай бол яах вэ гээд орхисон.

Харин одоо тэд авлигачдыг суллаж байна.  Ямарваа зүйлд тэсвэрийн хязгаар, тэвчээрийн эцэс гэж бий.  Олон нийт  АН-д итгэсэн шигээ тэвчсэн. Харамсалтай нь АН тэдний тэсвэрийг барж, тэвчээрийг шалгалаа. Одоо боллоо.

“Олуулаа хөгжих үү, цөөхүүл хөлжих үү?”  гэсэн  АН-ын 2012 оны сонгуулийн урианы утга тайлагдлаа.   Өнгөрсөн  3.5 жилд  лав улс орон хөгжихөөсөө  илүүтэй өрөнд баригдаж, иргэдийн амьдрал дэвжихээсээ илүүтэй доройтон буурлаа. АН-ыг дэмжин, АН-ын “буянаар” төрийн ажил эрхэлдэг болсон  хүмүүсийн хөлжсөнийг  иргэд аман амандаа “шуугиж” байна.

Ганцхан жишээ дурьдахад, 2012 оны сонгуулиас өмнө  унах унаагүй, солих костюмгүй, ардчилал гээд цээжээ  дэлддэг байсан, өдгөө Налайх дүүргийн Засаг даргаар ажилладаг Х.Болбаатар гэх эрхэм 2-3 орон сууцтай болж,  эхнэр хүүхдээ  унаажуулж, гадаад улс руу ойр ойрхон нисэж, Налайхын газрыг  дуудлага худалдаанд оруулалгүйгээр бусад  эзэмшүүлж,  улмаар Нийслэлийн төсөвт 17 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг.

Х.Болдбаатар шиг хэдэн зуун дарга нар Ардчилал нэрээр  Засгийн болон орон  нутгийн эрхэнд гарч улс орон, орон нутгаа  хөгжүүлэхээсээ илүү өөрөө хөлжиж авсан нь олонтоо.

Тэгвэл энэ мэтийн АН-ын үед засаг бариад төрийн өмч хөрөнгийг  идсэн уусан, луйвардсан, зувчуулсан  олон албан тушаалтныг шалгаж, тэдэнд авлига авбал яланд унана  гэдэг ойлголтыг бий болгож байсан  АТГ дээрх  хэрэг бүртгэл, мөрөн байцаалт явуулах, шүүн таслах, шүүхээр оногдсон ялыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байна. Товчхондоо  бол төрөөс идсэн уусан  луйвардсан цагаан захтай гэмт хэрэгтнүүдийг  Ардчилсан засаг   Өршөөлийн хуулиар хаацайлан  хариуцлага үүрүүлэлгүй суллахаар боллоо.

АН-ын энэ үйлдэл нь тэднийг ардчилсан, ард түмэнтэйгээ ойр байдаг нам гэхээс илүүтэйгээр авлигачидтай  ойр байдаг, авлигачдыг дэмждэг, авлигажсан нам гэдгийг ийнхүү олон нийтэд  ил тод харууллаа.

 

 

А.Гал

 


URL:

Сэтгэгдэл бичих