1.3 тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай төмөр зам
Засгийн газраас Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын концессын гэрээ байгуулах эрх аваад байгаа “Aspire Mining” компани төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллээ танилцуулж, хувьцааны арилжаагаа нээлээ. Компанийн мэдээлснээр, концессын 30 жилийн хугацаа нь төмөр замын бүтээн байгуулалт хийгдэх 5 жил дууссаны дараа тооцогдож эхэлнэ. Концессын хугацаа дуусмагц 547 километр үргэлжлэх төмөр замын эзэмшил 100 хувь Засгийн газарт шилжих юм байна.Урьдчилсан ТЭЗҮ-ээр Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замд 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Компани мөн концессын гэрээ байгуулагдсанаас хойш жил хагасын дотор банкны шаардлага хангахуйц ТЭЗҮ боловсруулж, санхүүжилт босгохоос гадна Хятадын Төмөр Замын Барилга Байгууламжийн Корпорацийн охин компанитай ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ байгуулах ёстой юм байна.
Засгийн газрын мэдээлснээр “Aspire Mining”-ийн эзэмшдэг 255 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй Овоотын орд, Таван Толгойн араас бичигдэх том ордод тооцогдож байгаа. Компани 2018 оноос олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөөд байгаа төдийгүй, ордыг ашиглах 21 жилийн хугацаанд жилдээ 5-аас 10 сая тонн сайн чанарын коксжих нүүрс олборлох юм.
Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам нь Талын зам төслийн, Эрдэнэтээс Арц Суурь боомт хүртэлх төмөр замын нэг хэсэг болж байгаа. Улмаар Хойд хөрш энэ чиглэлийг үргэлжлүүлэн Транс-Сибирийн төмөр замтай холбох төлөвлөгөөтэй байгаа талаар “Aspire Mining” компани мэдээлжээ.
Ингэснээр Тувагийн 2.5 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Улуг-хэм нүүрсний бассейн Транс-Монголын төмөр замд холбогдож, урд хөршийн зах зээлд гарах боломж бүрдэж байгаа. Энэ чиглэл нь Сибирийн өмнө зүгийн төмөр замын чиглэлээс 1.25 мянган километрээр богино юм байна.
Монголын санаачилгаар гаргаж ирсэн Талын зам төсөл нь Торгоны зам-эдийн засгийн бүслүүртэй уялдаж, 2 хөршийг холбосон транзит тээврийн дэд бүтэц бий болгох зорилготой.
Ж.Чимэг
builder.mn
URL: