Увсын наадмыг УИХ-ын гишүүн үймүүлэв
Увсын 90 жилийн ой сайхан боллоо. Нутгаа гэсэн, мөн тэнд ажиллаж амьдарч байсан олон хүн очжээ. Х.Баянмөнх аваргын хөшөө сүрлэг сайхан бүтээгдсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөлөө. Наадмын нээлтийн ажиллагаа, бүжиг наадмыг С.Сүхбаатар тун аятайхан найруулсан нь тэнд очсон олон хүний урмыг сэргээв.
Наадмын чимэг нь үндэсний бөх, хурдан морины уралдаан, нум сум байдаг даа. Миний хувьд энэ жил Зүүнговь сумынхаа наадам, Малчин сумын 90 жилийн ойд хэдэн морьтой очиж наадлаа. Тун аятайхан наадсан. Дараагийн наадам Увс аймаг байгуулагдсаны 90 жил, баруун бүсийн хурдан морьдын их хурд байлаа.
Энэ хурдад аймаг, аймгийн шандаст хүлгүүд олноор цугласан нь мэдээж. Миний хувьд Төв аймгийн Баянчандмань сумаас хэдэн морио уралдуулахаар очиж байгаа нь тэр. Энэ олон зуун км газрыг зорин очиж байгаагийн зорилго нь аймаг, аймгийн хурдуудтай шандаст хүлгүүдийн хурдыг сорих явдал байлаа.
Морины уралдаан эхнээсээ будлиантай эхэллээ. “Увсад увсын морь түрүүлнэ” гэсэн дүрэм энд үйлчлэх ёсгүй санагдана. Хэнийх нь морь хурдан байна тэр түрүүлэх ёстой. Эхний хэдэн түрүүг Ховд, Говь-Алтай аймгийн морьд аваад эхэллээ. Энэ нь Увс аймгийн хурдан морины комиссын гишүүдийн хор шарыг хөдөлгөв бололтой.
Энэ комисст:
Дарга: М.Ганбаатар-Аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгч
Нарийн бичгийн дарга: Л.Оюунболд-ГХБХБ-ын газрын дарга
Гишүүд:
Ц.Баатар-Эрдэнэ-ЗДТГ-ын цэргийн штабын дарга
Д.Бадамрагчаа-Цагдаагийн газрын дарга
Ю.Төгсжаргал-Морин уяачдын холбооны тэргүүн
Я.Очир-ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
Ж.Александр-ХХАА газрын дарга
Б.Аменбек-Хилийн 0245-р ангийн штабын дарга
Б.Содном-Аймгийн эрүүл мэндийн газар
М.Балжинням-Аймгийн МХГ-ын улсын байцаагч гэх мэт хүмүүс орсон байв.
Уяачдын холбооны тэргүүн Ю.Төгсжаргал, холбооны гишүүн Ж.Александр нар ч морь будлиулах ажлыг гарамгай зохион байгуулсан.
Хурдан морины уралдаанд нам бас нөлөөлдөг бололтой юм. Үүнд, айргийн дөрөвт давхисан Төв аймгийн Баянчандмань сумын уяач Н.Цэнд-Аюуш миний хүрэн соёолон, айргийн тавд давхисан Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Бямбаагийн халиун соёлонг луйвардан хасаж, УИХ-ын гишүүн, БСШУ-ы сайд Л.Гантөмөрийн хадам аав Амангелдийн хүүхдүүдгүйгээр аман хүзүүдсэн морийг айргын тавд орсоноор цолыг дуудуулж, өөрийн уяач Барсүрэнгийн 9-т орсон морийг айрагдсанаар оруулав.
Энэ нь Л.Гантөмөрийн улс төрийн маапаантай явдал Увсын хурдан морины уралдааны замд луйвар болон үргэлжилж байгаагийн тод илрэл болов. Хазгар хүргэн хадамсгийн үлгэрийг үзүүлж, Увсын хурдыг өөрийнхөөрөө үймүүлэх гэсэн Л.Гантөмөрийн хүсэл энэ.
Огт морь уралдуулаагүй хүн болох аймгийн уяачдын холбооны тэргүүн Ю.Төгсжаргал өөрийнхөө нэр дээр хоёр морь цоллуулж, алдар цуугаа өндөр өргөв. Морь будлиулах асуудлыг урьдаас зохион байгуулсан нь тодорхой байлаа. Гарааны зурхайд очсон морьдын зөвхөн нэг захынх нь /хэсгийнх нь/ торыг нээж гадны голдуу сайн морьдыг гаргасан нь үүний тод жишээ.
Барсүрэн айргийн тавын төлөө УИХ-ын гишүүн, БСШУ-ы сайд Л.Гантөмөртэй нийлж яваа нь “Улсын алдарт уяач” цолд хүрэхээр тэмүүлж байгаа явдал гэнэ.
Мөнгөний сонирхол ч бас цухалзсаныг дурдах нь зүйтэй болов уу. Тухайлбал, эрлийз, дунд насны айргын гуравт давхисан морины шагналын өргөмжлөл дээр 1,000,000 төгрөг гэж бичсэн атлаа дугтуйн дотор нь 550 мянган төгрөг хийсэн байх юм.
Эрхэм уяач та бид шударга сайхан уралдаж сурсан хүмүүс. Гэтэл алс хол нутагт, нүднээс далд, улс төрийн хорчингоор дэмжүүлсэн зарим хүмүүс шандаст хурдан хүлгүүдийн минь хийморь жавхаа, сүлдээр тоглож, нэр алдрын төлөө улайран зүтгэж явааг ойлгуулах үүднээс энэ жигшүүрт явдлын захаас дурдаж байна.
Увс аймагт зохиогдсон баруун бүсийн их хурд наадмаар болсон хуудуутай явдлыг Монголын морин уяачдын холбоо анхааралдаа авч холбогдох арга хэмжээ авна гэдэгт найдаж байна. Та бид их Монголынхоо өргөн уудам нутаг дэвсгэрийн хаана ч хурдан хүлгүүдийнхээ шандасыг үзэж уралдах хувьтай билээ.
Уяачдын морь нь хурдан, ухаан нь сийрэг байх болтугай.
Төв аймгийн Баянчандмань сумын Уяачдын холбооны дэд тэргүүн, аймгийн алдарт уяач Н.Цэнд-Аюуш
URL: