Л.Санжаасүрэн: Монголын хууль иргэндээ биш төрийн албан хаагчдад зориулагдсан
Иргэний холбооны гүйцэтгэх хорооны гишүүн Л.Санжаасүрэнтэй уулзаж ярилцлаа. Тагнуулын сөрөг албаны дарга, хуульч өмгөөлөгч хийж явсан энэ эрхэмтэй энэ удаад хүний эрхийн сэдвийг хөндөн Монголд иргэний эрх, эрх чөлөө ямар хэмжүүрээр үнэлэгдэж байгааг харуулахыг зорьсон юм.
-Иргэний эрхийг энгийн утгаар томъёолбол?
-Арванхоёрдугаар сарын 10-нд тохиох Олон улсын хүний эрхийн өдрийг иргэний хөдөлгөөнүүд хүндэтгэлтэй хүлээн авч байна. Манай улс 1990 онд анх удаагаа хүний эрх, эрх чөлөө байдаг гэдгийг сонссон, мэдэрсэн. Тиймээс ч 1992 онд батлагдсан Үндсэн хуулинд хүний эрх чөлөөний тухай тод заасан. Өнөөдөр иргэний эрх чөлөөг Монгол Улсад тодорхой хэмжээгээр эдэлж байна. Гэлээ гэхдээ хууль эрх зүйн тавцангаас аваад үзэх юм бол Монголд иргэд өөрийнхөө эрхийг мэдэрч, хамгаалж чаддаггүй учир дутагдалтай байдаг. Нэг талаас иргэдийн боловсролын байдалтай холбоотой. Нөгөө талаас төрийн байгууллагын үйлчилгээ гэж алга. 1990 оны ардчиллын эрх чөлөөг иргэд амсахаасаа илүүтэй төрийн байгууллагууд өөр өөрсдөдөө эрх чөлөөг авчихаж. Үүний тод жишээ 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг УИХ-ын тухай хууль нь зөрчдөг. Энэ хуульд УИХ-д хүний эрх чөлөөг төлөөлсөн иргэдийн төлөөллийн нэрийн өмнөөс суугаа Их хурал, Их хуралд суугаа МАХН-ын гишүүд өөрийнхөө бүтцийг бий болгож, өөрсдийнхөө нэрийн өмнөөс санал гаргадаг болсон. Манай бүлэг, нам ингэж эвслээ гэж ичгүүр сонжуургүйгээр маргалдах хэмжээнд хүртлээ даамжирсан. Энэ бүр хэмжээнээсээ халилаа. Сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орж байгаагаар одоогийн хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоог хэрэгжүүлэх нь. Үүнд улс төрийн намыг сонгож урд талын нэрийг дугуйлах гэнэ. Үүгээр бол Үндсэн хуулинд сонгогдох эрх иргэнд олгогдсон байтал үүнийг намд олгохоор шийдүүлж байгаа юм байна л даа. Аягүй бол батлагдчих байх. Үндсэн хуулинд нам, олон нийтийн байгууллага гэсэн томъёолол байдаг. Түүнээс намд онцгой эрх дарх огт олгогдоогүй. Үүнийг эрх баригчид өөрсдөө зөрчиж УИХ-д, улс төрийн намд онцгой эрх олгож сонгуульд оролцох гэж байгаа нь Монголын өнөөдрийн будлианы нэг эх үндэс болоод байна.
-Иргэн хүн өөрийн эрх, эрх чөлөөг нарийн зааглан ханддаггүйгээс төр засгийн байгууллагын хүнд суртал, авлига хээл хахуулийн үндэс улам цэцэглэн хөгждөг гэдэгтэй санал нэгдэх үү?
-УИХ-ын гишүүн эрх зүйн байдлынхаа тухай хуульд УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэжээ. Хэлсэн үгийнхээ өмнөөс хариуцлага хүлээхгүй болохоор танхимд хэрүүл, хараал өрнөх шиг болдог. Тэнд юун хүний эрх. Өөрөө өөрсдийгөө хамгаалсан, дэмжсэн хууль баталдаг. Жишээлбэл, Эрүүл мэндийн тухай хуулинд иргэн хүн хэдий хэр хугацаанд эмнэлгийн ямар үйлчилгээг авах ёстойг тусгаж өгөөгүй. Зөвхөн эмнэлгийн байгууллага өнөөдөр амарна, амрахгүй гэдгийг бид мэддэг. Зарим тохиолдолд дотоод ажилтай, эсвэл орны тоо гүйцсэн гэх мэтээр ам тагладаг. Гэтэл энэ хууль нь зөвхөн төрийн байгууллагын албан хаагчдад үйлчилдэг хууль болж таардаг. Энэ мэтчилэн Монголын бүх хууль иргэдийнхээ эрх ашгийг хохироосон байдаг.
-Эрх мэдэлтэй хүмүүс улсын хөрөнгө идэж шамшигдуулж байгаа явдал гардаг. Тэд ял шийтгэл огт хүлээдэггүй. Иргэн хүн ганц зүү хулгайллаа гэхэд л зохих шийтгэлээ амсдаг. Хууль тэгш биш үйлчлэх
байдал хүний эрхийг ноцтой зөрчих факт болдог уу?
-Үндсэн хуулинд иргэд тэгш эрхтэй гэж заачихсан. Саяхан УИХ-ын гурван гишүүнийг гэмт хэрэгт сэжигтнээр татсаны улмаас эрхийг нь түдгэлзүүлэх саналыг мөрдөн байцаах хэлтсийн дарга улсын прокурорт тавьж л дээ. Гэтэл улсын прокурор нь “Ийм том өндөр албан тушаалтай хүний эрхийг түдгэлзүүлэх зиндааны хүн бол мөрдөн байцаагч, хэлтсийн дарга биш. Түүнийхээр Хууль зүйн яамны сайд, цагдаагийн дарга байх ёстой байж. Үнэндээ Хууль зүйн сайд, цагдаагийн дарга мөрдөн байцаах ажиллагаа явуулах эрхгүй хүмүүс. Хэрэв иргэн хүн байсан бол хэдийнэ барьж аваачаад шоронд хийчихсэн. Харин Их хурлын гишүүдийг болохоор “Ийм том албан тушаалтан” гэж зааглан хандаж байна. Их хурлын гишүүн бол албан тушаалтан биш шүү дээ. Ерөөсөө ард түмний төлөөлөгч. Саяхан ардчилсан Монгол Улсад байгаа биш гэдгээ тод мэдэрлээ. БНМАУ-ын Ардын их хурлын ажиллагаа юм уу даа. “Энэ асуудлыг манай нам тэгж шийдсэн, манай намын бүлгийн үзэжбайгаагаар…Одоо батална, батлахгүй” гэдэг яриаг сонсоход энд юун эрх чөлөө үнэртэх вэ. Өнөөдөр ардчилал нь эрх баригчдын төлөө л байна. Түүнээс хүний эрхийг зөрчиж байгаа агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхгүй байна. Монголын бүх нутаг химийн хорт бодист хордож эхэллээ. Одоо цацраг идэвхт бодис гарч ирж байна. Магадгүй энэ чинь Монголын хүн амыг цөөрүүлэх гэсэн төрийн бодлого биш юм уу. Би ингэж ойлгож байна. Төр засгаас Монголынхоо ажилсаг улсыг ард түмнийхээ нүдэн дээр эрүүл энхийг нь түүж аваад хэдэн мянгаар нь гадаад руу ажиллах хүч болгож байна. Тэдний хоосон орон зайг гадаадынхнаар дүүргэж, Монголын нутгийг химийн хорт бодисоор хордуулж байгаа хэрэг биш үү. Удахгүй хорт бодис саармагжуулах гэж гаднаас урилга заллага авчрах вий. Ирсэн хүн үнэ хөлсөө өндрөөр авна. Эсвэл бүр нутаг орноо тавьж өгнө биз. Өнөөгийн төр засаг ихэнх хүнээ гадагшаа хөөж явуулчихаад траншей, “нинжа” гэж бүр томъёолон ангилдаг. Төрөөс ийм л бодлого явуулж байна. Иргэн хүн төрөөс 800 гаруй нэр төрлийн үйлчилгээ авдаг гэсэн тоо баримт байдаг. Тэгэхэд өнөөдөр иргэн хүн сум, хороо, дүүргийнхээ хэмжээнд хэдэн үйлчилгээг авч байна вэ. Радиусын хэмжээг тогтоож өгөөгүй. Ингэж радиусын хэмжээг тогтоож чадаагүй төрийн булхай ажиллагаанаас болоод иргэд хот руу ихээр нүүдэллэх болсон. Төрийн үйл ажиллагааны завхайрлын их, бага зам гэхээс их, бага нүүдэл гэсэн ойлголт биш юм. Монголын болох бүтэхгүй юмны толгойд УИХ, дараа нь Засгийн газар суудаг. Энэ бүхнийг би цээжээр хэлж байгаа биш. Иргэний холбоо, Ногоон нам бүх талын судалгаа явуулж хууль эрх зүйн үүднээс гарах арга зам эрэлхийлж байгаа.
-Хүний эрхийг зөрчдөггүй нийгмийн тогтолцоог яаж бүрдүүлэх ёстой гэж?
-Хүний эрхийг зөрчихгүй тогтолцоог бүрдүүлэхийн тулд хэд хэдэн асуудлыг нааштайгаар хийх ёстой. Нэгдүгээрт, УИХ зөвхөн хууль тогтоодог байгууллага. Түүнээс томилгоо, өр мөнгөтэй холбогдох ёсгүй. Засгийн газар бол гүйцэтгэх байгууллага. Бизнесээс ангид. Засгийн газрын олон үүрэг функцыг хувийн болоод олон нийтийн байгууллагад шилжүүлэх ёстой. Орон нутаг өөрийн төсвөө мэддэг байг. Иргэний шүүх засаглалын хурц үзүүр УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч рүү чиглэгддэг байг. Ийм зохион байгуулалт хийж чадсаны дараа Монголд иргэний эрх, эрх чөлөөг баталгаажуулж чадах байх аа. УИХ-д сонгогдсон гишүүдийг иргэд буцаан татдаг эрх заавал байх ёстой. Иргэд төр ёсоо барих цаг нэгэнт болжээ. Улс төрийн эрх чөлөөг Үндсэн хуулинд зөвхөн иргэдэд олгосон болохоос биш төр засагт олгочихоогүй юм шүү.
-Таны хувьд өмгөөллийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө шоронд хүртэл хоригдож байсан. Энэ нь таны эрхэнд бүдүүлгээр халдсан явдал мөн үү?
-Өнөөдрийн байр сууринаас харахад ч миний өмгөөллийн үйл ажиллагаа зөв зүйтэй байсан. Чин үнэндээ өмгөөллийн гэхээсээ илүүтэй сайн санааны тус. Монгол Улсын төрийн сайд, том албан тушаалтнууд Герман улсын нутаг дэвсгэрт хүн хулгайлах олон улсын хэмжээнд хориглосон террор үйлдсэн. Өнөөдөр тэдгээр гэмт хэрэгтнүүд албан тушаалтан хэвээрээ л байна. Төр засаг Д.Энхбат гэдэг иргэний амийг санаатайгаар
хөнөөсөн. Д.Энхбатын эсрэг төрийн эрх баригчид хууль бус ажиллагаа явуулсныг би оролцсоноор энэ хэргийг олон нийтэд илчилж илрүүлж чадсан. Түүнээс энэ хэрэг илрэхгүй байх байсан шүү. Ганцхан Энхбатын асуудал сөхөгдөн гарснаас биш хүнийг хэлмэгдүүлэн хохироох, амийг хөнөөх иймэрхүү ажиллагааг эрх баригчид, бүлэглэлийнхэн хийж байгааг таах арга алга. Хэд нь ч гараа цусаар угаасныг хэлж
мэдэхгүй. Лав тэдний гарыг цэвэр гэж хэлж чадахгүй. Улсын хөрөнгөнд гар дүрдэг хүмүүс бусдын аминд хүрэхэд ойрхон байж болох хувилбар бий. Улсын хөрөнгийг идэж шамшигдуулдаг нь ард түмний нүдэн дээр ил байдаг. Хуралдаан дээрх уур амьсгал, хэрүүл маргаан дээр Монголын улстөрчдийн үнэн нүүр царай, рецедив гэмт хэрэгтнүүдээс дор гэдэг нь харагддаг. “Чи намайг мөрдөх гэж байна уу, үгүй шүү, би чамайг илчилнэ шүү” гэх мэтээр нэгнээ занаж зүхэж дарамталдаг. Их хурлын хуралдаан биш
гэмт хэргийн бүлэглэлийн том хэлцэл явагддаг. Ийм Их хурал, ийм бүтэц улс орныг удирдаж байхад хүний эрхийн тухай ярих нь үнэндээ илүүц.
-Таны өмгөөллийн эрхийг сэргээсэн үү. Та энэ талаар гомдол гаргасан уу?
-Үгүй. Би гэмт хэрэгтнүүдээс миний асуудлыг цагаатгаж өгөөч гэж гуйх нь ёс зүйн асуудал биш. Миний эрх чөлөө зөрчигдөж байгаа нь үнэн ч энэ юу ч биш. Өнөөдөр хоёр сая хүний амь нас, Улаанбаатарын иргэд хорт утаа амьсгалж, хорт бодист бохирдож, бохир ус уун үхэх гэж байхад ганц хүний эрх чөлөө юу ч биш. Аливаа зүйлийг би нийгмийн талаас хүлээн авч чаддаг болохоор энэ талаар надад гонгиноод байх шаардлагагүй. Харин эрх баригчид надаас уучлалт гуйх ёстой. Намайг хохиролгүй болгох ёстой
гэдгийг хэлчихье. Би энэ асуудлын талаар Олон улсын байгууллагад асуудал болгон тавьж байгаа шүү. Тэр үед хүн хулгайлахад оролцсон хүмүүс хариуцлагаа хүлээх байлгүй.
-Авлигад идэгдсэн нийгэм гэж бухимдахаасаа илүүтэй гарцаа хайж байгаа нь олон. Тэдэнд та юу гэж зөвлөх вэ?
-Эндээс гарах түмэн олон арга зам бий. Хэрэв өөрсдөө хүсвэл болохгүй бусармагийг нь сонгуулийн хувьсгалаар зайлуулж тогтолцоогоо эрүүл болгох ёстой. Эсвэл зодуулж нүдүүлэн, хөрөнгөө талуулаад, уйлаад сууж байя гэвэл уйлаад сууж л байхаас. Би бодохдоо одоо олон хүн зүгээр суухгүй байх аа. Хамгийн наад зах нь сонгуулиар санал өгөхгүй байх явдал. Заавал нам, хөдөлгөөнийг сонгох албагүй. Өөрсдийн хүсэн хүлээж байгаа хүнээ сонго. Олон нийтийн хүлээн зөвшөөрсөн хүнийг сонгохын тулд оршин суугаа хороондоо эзэн бай. Хорооны дарга, СӨХ-ны дарга, дүүргийн дарга, удирдлагуудтай хариуцлага ярьж эргүүлэн татдаг бол. Түүний дараа УИХ руу ярья. Өөрийнхөө сонголтыг хүлээн зөвшөөрсөн хүнийг олохын тулд арвуулаа, хориулаа, мянгуулаа нэгд. Одоо сонгогчид өөрсдөө УИХ-ын гишүүдийн эрэлд гарах ёстой. Ингээд олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монголд хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хувь хүмүүс, олон нийтийн байгууллагад талархаж явдгаа илэрхийлье. Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн ач буянаар шоронгоос хоёр удаа суллагдаж байлаа. Тэр тусмаа гадны олон байгууллагаас захидал илгээж намайг дэмжсэн. Хүний эрхийн асуудал ганц улс орны асуудал биш болсон. Өнөөдөр зөвхөн Хонгор сумын иргэдийн эрх зөрчигдөөд байгаа биш. Хараа, Ерөө, Сэлэнгээр дамжин Байгал нуурт хорт бодисын аюул орж хөрш Оросын аюул ч болох нь гэсэн мэдээлэл ирж байна.
Б. Долзодмаа
URL: