Цагаан будаа импортлогчдоос ”но” илэрчээ
Ингэхэд “Агь” компанийн импортлон оруулж ирдэг “Слава”, “Булган хүнс” компанийн “Жерак” будааны хугацаа дууссан байжээ. Хугацаа нь дууссан дээрх будаануудыг “Боса”, “Сансар” худалдааны төвүүд худалдаалж байсан нь шалгалтаар илэрсэн байна. Энэ нь цахим ертөнцөд дуулиан тарьж, иргэдийн гомдлыг төрүүлээд байсан нь үнэн болохыг батлав.
Тухайн үед мэргэжлийн хяналтынхан онлайнаар будааны талаар мэдээлэл тараасан иргэд хэн нэгний захиалгаар компанийн нэр хүндэд халдаж байна гэх байр суурийг илэрхийлж байсан билээ. Тэгвэл иргэдийн гомдол үнэн болж, компаниуд хугацаа нь дууссан будаа худалдаалж байсан нь ийнхүү илчлэгджээ.
Манай улсад БНХАУ, ОХУ, Вьетнам, Энэтхэг, Тайланд, Австрали, БНСУ, Япон, АНУ гэсэн есөн улсаас импортын цагаан будаа орж ирдэг. Гэвч БНХАУ-аас ирдэг цагаан будааны 95 хувь нь хаяг шошгоны зөрчилтэй, үйлдвэрлэсэн болон хадгалалтын хугацаа бичигдээгүй байсан аж. Мөн импортын будаа оруулж ирдэг дотоодын томоохон компаниуд тухайн будааныхаа үйлдвэрлэсэн, савласан он сар, хугацааг нь зөрүүлж тавьдаг нь шалгалтаар илэрчээ.
Улсын байцаагчид шалгалтын явцдаа хадгалалтын хугацаа нь дууссан хоёр нэрийн 93 килограмм цагаан будааг устгаж, 228 мянга 800 төгрөгийн торгуулыг “Агь”, “Булган хүнс” компаниудад тавьжээ. Шалгалтаар компани, аж ахуйн нэгжүүд нэрийн бүтээгдэхүүнийх нь хадгалалтын хугацаа нь дууссан байхад хүнсний сүлжээнээс буцаан татан авалт хийдэггүй, шууд борлуулдаг байсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Мөн тухайн будааныхаа савласан хугацааг үйлдвэрлэсэн хугацаа гэж шогшо дээр тэмдэглэсэн байжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: