Эдийн засгийн өсөлт гурван хувьтай
Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний долоон сарын байдлаар 3 хувьд хүрч, ДНБ-ний үйлдвэрлэл 7.1 их наяд төгрөгт болсон байна.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын цөөн нэрийн бүтээгдэхүүний экспорт голлон нөлөөлдөг. Экспортын хэмжээ буурсан нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн хэмээн үзэж байна. Мөн гадаад орноос бүтээгдэхүүн худалдан авах буюу импортын хэмжээ 916 сая ам.доллараар буурсан. Үүнтэй уялдаад худалдаа, үйлчилгээ, тээврийн салбарын орлого саарсан нь эдийн засгийн өсөлтийн хэмжээ буурахад нөлөөлсөн хэмээн ҮСХ-ны Нэгдсэн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг мэдээллээ.
Тэрбээр, “2014 оны эхний долоон сард Монгол Улсын эдийн засгийн өсөлт 8.2 хувийн байсан. Тухайн үед гадаадын шууд хөрөнгө оруулалтаар 400 сая ам.доллар орж ирсэн. Харин энэ онд гадаадын шууд хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон нь мөн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн” гэлээ.
URL: