Хадгалалтын хугацаа дууссан будаа борлуулж байжээ
Хэвлэл мэдээлэл, цахим орчноор өнгөрсөн хугацаанд хуурамч будааны тухай мэдээллүүд ихээр цацагдаж, иргэд хяналтын байгууллагуудад гомдол гаргажээ. Үүний дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нэг сарын хугацаанд Монгол Улсад импортоор орж ирдэг 11-н төрлийн будаанд шалгалт явуулсан байна. Тодруулбал Сакура, Алейка, Бөмбөөлэй, Фүжи, Сувд зэрэг 11 нэрийн цагаан будааг лабораториор шинжилжээ.
Ингэхэд “Агь” компанийн импортлон оруулж ирдэг “Слава”, “Булган хүнс” компанийн “Жераф” будааны хугацааны дууссан байжээ. Хугацаа нь дууссан дээрх будаануудыг “Боса”, “Сансар” худалдааны төвүүд худалдаалж байсан байна. Иргэд хэд хэдэн төрлийн будааг угаахаар цемент шиг үүрч, бутарч байна хэмээн гомдол мэдүүлсэн нь “Боса” компанийн агуулахад хадгалж байсан хадгалалтын хугацаа дуусан “Слава” нэрийн нэг килограммаар савласан 7 уут будаа байжээ. Эдгээр будаа хадгалалтын горим алдагдаж, чийглэгээ алдсан болохыг тогтоожээ.
Улсын байцаагчид Алтан жолоо компанийн 2014 онд оруулж ирсэн 2.5 кг-ийн савлагаа бүхий “Жераф” нэрийн 86 кг будаа гээд нийт 93 кг будааг устгаж, 228 мянга 800 төгрөгийн торгуулийг “Агь”, “Булган хүнс” компаниудад тавьжээ.
Тухайн үед мэргэжлийн хяналтынхан онлайнаар будааны талаар мэдээлэл тараасан иргэд хэн нэгний захиалгаар компанийн нэр хүндэд халдаж байна гэсэн байр суурьтай байсан юм. Тэгвэл иргэдийн гомдол үнэн болж, компаниуд хугацаа нь дууссан будааг иргэдэд худалдаалж байжээ. Монгол Улсад гадны БНХАУ, ОХУ, Вьетнам, Энэтхэг, Тайланд, Австрали, БНСУ, Япон, АНУ гэсэн есөн улсаас импортын цагаан будаа орж ирдэг байна.
Гэвч БНХАУ-аас ирдэг цагаан будааны 95 хувь нь хаяг шошгоны зөрчилтэй, үйлдвэрлэсэн болон хадгалалтын хугацаа бичигдээгүй байжээ. Мөн импортын будаа оруулж ирдэг дотоодын томоохон компаниуд тухайн будааныхаа үйлдвэрлэсэн, савласан он сар, хугацааг нь зөрүүлж тавьдаг нь шалгалтаар илэрсэн.
Түүнчлэн аж ахуйн нэгжүүд нэрийн бүтээгдэхүүнийх нь хадгалалтын хугацаа нь дууссан байхад хүнсний сүлжээнээс буцаан татан авалт хийдэггүй, шууд борлуулдаг байсан нийтлэг дутагдал илэрчээ. Мөн тухайн будааныхаа савласан хугацааг үйлдвэрлэсэн хугацаа гэж шошго дээр тэмдэглэсэн байсныг илрүүлжээ.
Eagle.mn
URL: