Өршөөлийн хуулийн үнэн төрх

527-14394297748.7.3_big- МАХН-ын дарга Н.Энхбаярыг гэм зэмгүйд тооцож, улс төрд эргэн ирэх боломж бүрдлээ -
УИХ-ын гишүүд шөнө дөл болтол хуралдахаараа л “но”-той, ноцтой хууль баталдаг жишиг энэ удаад ч мөн давтагдав. Тодруулбал, өнгөрсөн мягмар гаригийн их үд хүртэл нам жим байсан Төрийн ордонд ажил тарах цагтай зэрэгцэн хөдөлгөөн орж, Хууль зүйн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг хоёронтоо хуралдуулснаар Өршөөлийн хуулийг баталлаа.
Хэдийгээр хуулийг баталсан төрийн түшээд мэдээлэл өгөх тун дургүй байна. Хаалттай хэлэлцсэн асуудал хаалттай чигээрээ үлдэх ёстой гэж тэд үзсэн бололтой. Гэтэл ард түмэн мэдээлэл авах эрхтэй. Тэр дундаа ямар нэгэн байдлаар ял шийтгэл хүлээсэн хэн нэгний ар гэрийнхэнд энэ хууль батлагдсан нь баяртай мэдээ байж таарна.
Харин нөгөө талдаа гэмт хэрэг үйлдэж, торны цаана орсон цөөнгүй хүн өршөөгдөн наранд гарч, бидний дунд орно гэхээр нийгэм багагүй айдастай байгаа нь нууц биш. Ямартай ч хуулийг баталсан цагаасаа эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байгаа. Гэлээ гэхдээ хууль баталсан гээд өршөөлд хамрагдах боломжтой хоригдлуудыг шууд хаалга нээгээд гаргачихна гэсэн үг биш.
Өршөөлийн хуульд хэнийг хамруулах вэ
Шөнө дөлөөр баталсан Өршөөлийн хуулийн талаар УИХ-ын гишүүд тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа ч зарим нэг нь твиттер болон фэйсбүүк хуудастаа төрийн ажлыг цөөн өгүүлбэрээр ч болов тайлбарлаж байгаа. Тэдний жиргэж, мэдээлснээс харвал энэ хуульд анх удаа гэмт хэрэг хийсэн, 50-аас дээш насны эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүд, бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд хамрагдах боломжтой гэнэ.
Мөн Эрүүгийн хуулийн 150, 163 дахь заалт буюу тодорхой албан тушаал эрхэлж байхдаа хахууль авах, өгөх, зуучлах, албан тушаалаа урвуулан ашиглах гэх мэт хэргээр ял эдэлж байсан хүмүүс өршөөлд хамрагдана. Гэхдээ энэ бол өнгөлөн далдлалт гэж ойлгож болно.
Эсвэл албан тушаалаа ашиглан улсаас их хэмжээний мөнгө идэж уусан хүмүүсийн ач буянаар зарим нэг нь эрх чөлөөтөй болно ч гэж ойлгосон болно. Өөрөөр хэлбэл, энэ хоёр угтаа агаар нэг хэрэг болчихоод байгаа юм. Үнэн хэрэгтээ Өршөөлийн хуулийн хүрээнд эмэгтэйчүүд голдуу хамрагдана, төр нигүүлсэнгүй хандах хэрэгтэй гэж байгаа ч бодит байдал энэ хуулийг хэнд зориулан батлав гэдэг асуултад өөр хариулт гарч ирнэ.
Тодруулбал, юуны түрүүнд ээлжит бус чуулганаар оруулан байж, өршөөлийг хуулийг давчдан баталж байгаагийн цаана улс төрийн маш том тохироо байгаа гэдгийг ч хэлэх хүн бий. Энэ нь ч үнэний ортой. Хэрвээ тиймгүйсэн бол эрхэм гишүүд халуун зунаар амарч зугаалахаа мартаад ээлжит бусаар хуралдан байж эрхээ хасуулан иргэдээ өршөөнө гэдэг санаанд багтамгүй хэрэг.
Тиймээс Авлигатай тэмцэхийг үндсэн уриагаа болгоно хэмээн чанга дуугарч байсан АН авлигачдын хоморголон өршөөж байгаа нь энэ. Тухайлбал, энэ хуулийг баталснаас АТГ-т шалгагдаж байгаа55 хэргийн45 нь хамрагдах боломж бүрдэж байгаа юм. Ердөө энэ жишээнээс харахад Өршөөлийн хуулийг хэнд зориулсан нь ойлгомжтой.
Н.Энхбаярыг гэм зэмгүйд тооцно
Ц.Оюунбаатар тэргүүтэй гишүүд энэ хуулийг хоёр ч жилийн өмнө өргөн барьсан байдаг. Харин энэ хуульд үндэслэн Өршөөлийн хуулийг гаргасан гэж үзвэл Н.Энхбаярт зориулаагүй гэж харах ямар ч боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, өдгөө АН-ынхан зургаан сайдыг томилохоор ярьж байгаа энэ үед МАХН Өршөөлийн хуулиар шантаажлан, АН-ынхныг атгандаа оруулаад авч байгаа нь энэ.
Арай илүү ойлгомжтой байдлаар тайлбарлавал, МАХН-ынханд Өршөөлийн хуулийг гаргуулах зайлшгүй шаардлага байсан бөгөөд тэд намын даргаа улс төрд оруулж ирэх туйлын хүслээ ийнхүү АН-ынхнаар дамжуулан батлуулж байгаа хэрэг. Харин АН-ынхан хамтын гэрээтэй учраас МАХН-ынханд3-4 сайдын суудал өгөхөө илэрхийлээд байгаа.
Ийнхүү хоёр талын ашиг сонирхлын уулзвар дээр Өршөөлийн хуулийг баталлаа. Харин одоо авлига, албан тушаалын хэргээр ял сонсч байсан Н.Энхбаяр яагаад ялгүйд тооцогдож байгааг тайлбарлая. Өршөөлийн хуульд гурван төрлийн хөнгөлөлт үзүүлж байгаа аж.
Үүнд нэгдүгээрт, бүрмөсөн чөлөөлөх, хоёрдугаарт, хэсэгчлэн чөлөөлөх буюу нийт ялаас хоёр жил хасах, гуравдугаарт, ял шийтгэлгүйд тооцох. Өөрөөр хэлбэл, шинэ Эрүүгийн хуульд өмнө нь хэрэгжиж байсан ял шийтгэлээ биеэр эдэлсэн ч түүнээс хойш эдэлсэн ялтай нь тэнцэх хугацаанд ялтайд тооцно гэсэн заалтыг хэрэгсэхгүй болгосон юм байна.
Ингэснээр Н.Энхбаяр Өршөөлийн хуулийн гурав дахь хөнгөлөлт буюу ял шийтгэлгүйд тооцох гэдэг хэсэгт хамаарснаар “ариухан амьтан” болон хувирч байгаа нь энэ.
Залилангийн гэмт хэргийг анх удаа өршөөлд хамруулжээ
Өршөөлийн хууль гарснаар өдгөө ял эдэлж байгаа бүх хүн эрх чөлөөтэй болно гэсэн үг биш. Харин хар тамхи, хүний наймаа, санаатай аллага, хүчин, цаазын ял авсан хүмүүс, тагнуул хийсэн, эх орноосоо урвасан, терроризм, хүн худалдаалах, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан гэх зүйл ангиар ял шийтгэл хүлээсэн хүмүүс энэ удаагийн Өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй.
Түүнчлэн өмнө нь зургаан удаа Өршөөлийн хууль гаргаж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн148.3 буюу залилангийн хэргийг өршөөж байсан тохиолдол үгүй юм байна. Тиймээс энэ удаад залилан хийсэн хүмүүс Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой болж байна. Ингэснээр энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, шоронд орсон олон эмэгтэй эрх чөлөөтэй болох боломж бүрдэж байна гэсэн үг.
Эмэгтэйчүүдийн хориход ял эдэлж байгаа хүмүүс үндсэн гурван төрлөөр л ял эдэлдэг байна. Үүний дийлэнхийг хулгай, хүн амь, залилан эзэлсэн байдаг. Тэр дундаа залилан давамгайлдаг ажээ. Залилан ахуйн шинж чанартай байдаг учраас энэ удаад өршөөлд хамруулж болно гэж төрийн түшээд үзжээ.
Хууль батлагдсанаар 2000 орчим ялтан эрх чөлөөтэй болно 
УИХ-ын зарим гишүүний өгч байгаа мэдээллээр өдгөө нийт хоригдож байгаа 8000 орчим ялтнаас1800-2000 орчим нь эрх чөлөөтэй болох тооцоо гараад байгаа аж. Одоогийн байдлаар энэ хуулийн талаар албаныхан тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа ч АТГ-ын албан ёсны цахим хаягт өчигдөр “Ял хойшилсон, уучлал хүртсэн, хугацаанаас өмнө тэнсэн харгалзсан, хорихоос өөр байдлаар ял эдэлж байгаа 205 хүн суллагдахаар байна“ гэх мэдээллийг олон нийтэд хүргэсэн.
Түүнээс гадна эдгээр хоригдлыг суллахад багагүй төсөв хөрөнгө шаардлагатай болох нь ойлгомжтой. Харин энэ хөрөнгийг улсын төсвөөс гаргахгүй бөгөөд холбогдох агентлагууд өөрийн хөрөнгөнөөс шийдээд явах юм байна. Энэ хуульд орж байгаа бас нэг шинэ заалт нь өмнө нь насанд хүрээгүй хүүхэд санаатайгаар хүн алсныг өршөөдөг байсан бол энэ удаад хамруулахгүй байхаар тусгажээ.
Комисс, хууль хүчний байгууллагууд судалгаа гаргаж нэгтгэснээр ирэх сараас эхлэн ялтнуудыг суллана 
Ялтнуудыг суллах хугацааны хувьд тийм ойр биш бөгөөд багагүй хугацаа шаардахаар байгаа аж. Учир нь, УИХ-аас өршөөл үзүүлэх комисс гаргасан. Уг комисст хууль, хүчний байгууллагын төлөөлөөс гадна УИХ-ын гишүүн Су.Батболд, Д.Ганбат, Ц.Оюунгэрэл, О.Баасанхүү нар багтсан. Тэд ажлаа төвлөрүүлж нэгтгэснээр харьяа газрууд 21 аймагт байрлах хорих ангиас мэдээлэл цуглуулах юм байна.
Ингэснээр комисс дээр бүх мэдээллээ нэгтгэн, суллагдах хоригдлуудын судалгааг авснаар ажил цэгцрэх юм байна. Энэ мэт маш их ажилтай учраас Өршөөлийн хуулийг зуны цагт гаргадаг юм байна. Түүнчлэн ийнхүү төрийн хайр хишгийг хүртсэн ялтнуудыг дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх тал дээр ч мөн төрөөс анхаарал хандуулах гэнэ.
Өнгөрсөн хугацаанд өршөөгдсөн хүмүүсийн зургаан хувь нь л давтан гэмт хэрэг үйлддэг гэх тооцоо байдаг гэнэ. Тиймээс эрх чөлөөтэй болсон хүмүүс дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдэгт ерөнхийдөө найдаж байгаа аж.
АН-ын угшилтнууд эрх чөлөөтэй болно 
Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдлыг тусгасан ба үүнд зөвхөн Хээл хахууль авах/Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/, Хээл хахуульд зуучлах/Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар заажээ.
Төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтны албан тушаалын эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх гэмт хэргүүд өршөөлд хамрагдахаар төсөлд тусгасан байгаа юм. Ингэснээр улсад нийт 12 тэрбум 243 сая төгрөгийн хохирол учруулсан 45 албан тушаалтны хэрэг өршөөлд хамрагдаж, эзэн холбогдогчид нь эрх чөлөөтэй болохоор байна.
Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталснаар хуульд заасан хугацаанаас өмнө /2015 оны долдугаар сарын2/ үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг илэрсэн ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болж байна. Ингэснээр олонхи нь АН-ын угшилтай томоохон албан тушаалтнууд наранд гарах боломж бүрдэж байна.
Тухайлбал, ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга Ч.Гансүх нарын хүмүүс, “Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсүх нарын гэх мэт томоохон албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ хэтрүүлсэн эрхмүүд ийнхүү сул чөлөөтэй болох нь.
Ерөнхийлөгч хориг тавих боломжтой ч магадлал бага
Олон нийт энэ удаагийн Өршөөлийн хуулийг албан тушаалтнуудад зориулсан хэмээн ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Чуулганаар эцэслэн баталсан ч Монгол Улсын төрийн тэргүүн хориг тавих бүрэн эрхтэй.
Тэрбээр өчигдөр энэ хуулийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “УИХ-ын хаалттай хуралдаанаар Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Авлига авсан, албан тушаалаа урвуулсан хэтрүүлсэн, хууль бусаар хөрөнгөжсөн, төсвийн мөнгө хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, иргэдийг залилсан этгээдүүдийг өршөөх нь буруу.
Мөн ийм гэмт хэрэг үйлдсэн байж болох үндэслэлээр шалгагдаж байгаа албан тушаалтнуудыг өршөөлд хамааруулж болохгүй. Өршөөлийн хуульд төрийн бодлого, зарчим тусах ёстой. Өмнөх алдаанаасаа авсан сургамжаа ч тусгах учиртай.
Түүнээс бус хууль тогтоогчдын бүрэлдэхүүнд багтсан явцуу бүлэглэл, хууль завшихыг санаархагч, гэмт үйдлээ халхлахыг хичээгчид, тэдний гар хөл бологчид, хамсаатнуудын ил далд хуйвалдаан, хүсэл сонирхлын жагсаалт байж болохгүй. Ийм байдлыг улс орны бодлого тодорхойлогчид- УИХ-ын гишүүд өөгшүүлж урамшуулж болохгүй.
Дээрх үйлдлийг хүн бүр жигшиж, газар авахуулахгүй хориглож байх нь зөв. Монголын төр авлигачдын бус ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үйлчлэх хуультай. Түмэн олон ч сонор соргог, сэрэмжтэй байж хууль шударга ёсны талд хатуу зогсох нь Монголын хөгжил дэвшил, сайн сайханд хэрэгтэй” хэмээсэн.
Гэхдээ энэ нь тэрбээр Өршөөлийн хуульд хориг тавилаа гэсэн үг биш. Цаашид хориг тавих эсэх нь ч эргэлзээтэй. Учир нь, энэ цаг үед УИХ гэж хэнд ч дийлддэггүй байгууллага гарч ирсэн.
Ердөө хамгийн сүүлийн жишээ татахад, МАН-ын зургаан сайдыг засгаас гаргах асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжгүй гэдгээ илэрхийлсэн ч хэдхэн цагийн дараа Ерөнхий сайд танхимын сайд нараа огцруулах асуудлыг өргөсөн удаатай. Тиймээс энэ удаад ч мөн улс төрийн маш том тохироогоор баталсан хууль учраас Ерөнхийлөгч хориг тавих эсэх нь тун эргэлзээтэй.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Сэтгэгдэл бичих