Б.Наранхүү гишүүн ээ, ингэж сайд болбол онигоо шүү!!!

679e8cf5b1f77525originalЗургаан сайдаа хурдан томилоосой, хэн байх нь хамаагүй гэцгээж байтал нүдэндээ итгэмгүй бичиг цахим хуудаснаа дэлгэгдэх нь тэр. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нарт хандан Зам тээврийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Наранхүүг томилуулах хүсэлтэй байна гэсэн утгатай бичиг илгээж Ж.Батзандан, Б.Болор, Л.Гантөмөр, М.Батчимэг, Х.Тэмүүжин нар гарын үсгээ зуржээ. Мөн яг ийм утгатай лобби уулзалт ч гэх үү, дайллага цайллагыг өнгөрсөн баасан гаригийн орой “Metro Mall”-ийн дэргэдэх VIP караокед болсон гэлцэж байна.

Уг нь төрийн сайдын суудал, хурдан хүлэг худалдаж авахаас нь өөр л баймаар юм. Түүнийг ийнхүү ичгэвтэр наймаа хийх зориг гаргахад хүргэсэн хүмүүсийг “Фракциас татгалзъя” гэж хашгирагчид дундаас хайсан нь дээр болов уу. Яагаад гэвэл улстөрчийн хувьд түүнтэй түншсээд байх хүн ховор. АН-ын ҮЗХ-ны суудлыг мөн л “худалдаж авч” орж ирсэн болохоор нэг л их мөрөөрөө, улстөрждөггүй царайлсан суудлын бөглөөс болсон түүнийг ирэх жил Монголд болох АСЕАМ-ын уулзалтын бэлтгэлийг хангаад, “агаар, авто, төмөр болон далайн тээврийг” судлаад уялдуулж ажиллах чадвартай болчихсон гэхэд ер итгэж өгөхгүй юм. Бүр тартагтаа тулчихсан юм бол Дэд бүтцийн сайд асануудаа дахиад залж яагаад болохгүй гэж. Улс төрийн ч, бизнесийн ч түүх намтраараа арай зузаан, АН-ынхны нүүрийг улайлгахгүй Г.Батхүүгээ томилчихож мэдэхээр байна гэсэн сурагаар Б.Наранхүү гишүүн ингэж хэдэн залуусаар гарын үсэг гуйж зуруулав уу. Эсвэл нэгэнт бэлдэж байгаад “гэрэлд цохиулчихсан” тул Л.Эрдэнэчимэг гишүүний оронд Б.Наранхүүг томилуулж утсан хүүхэлдэйгээ болгохоор шийдэв үү.

Нэртэйгээр нь бондын мөнгөөр чанаргүй зам тавьдаг Б.Гарамгайбаатараа томилчихгүй дээ. Түүнийг Сангийн сайд болох нь гэсэн мессеж мөн ч олон хоног нисгэлээ. Сүүлдээ УИХ-ын гишүүн, эсвэл Завханы Засаг даргагэсэн хоёрхон “мэргэжилтэй” Я.Санжмятав, гадаадад данстайгаа мартаж хариуцлагатай улстөрч болохоо харуулсан С.Баярцогт нарын нэр дуулдаж байна.

Ийм л хүний нөөцтэй нам байж дээ, АН-ынхан. Хэт их өлсөж чангасан гишүүд, дэмжигчидтэй, дотооддоо зөрчилтэй энэ намынхан сонгууль хүртэл олон онигоог түүхэндээ үлдээх бололтой. Хэрэв дээрх бичигт гарын үсэг зурсан гишүүд өөрсдөө няцаахгүй бол үнэн бодит явдал болж таарна. Тэр тохиолдолд уг бичгийг хүлээн авсан хүмүүс ямар хариу өгөх бол гэдэг бүр ч сонин байна.

Тэгээд ч саяхан ардчилсан парламенттай болсны баяраа нижгэр тэмдэглэсэн улсын төрийн бүх эрхийг атгаж байгаа нам гэхэд намын бүлгийн хурал дээрээ саналаа нэгтгэж чадахгүй, захиа бичиг шидэлцэж лобби хийж дэмжлэг цуглуулах ч гэж дээ. Тийм бол чуулганы танхим дахь кнопоо ч гэсэн хулгайн аргаар дарж түүнийгээ “төгөлдөр хуур тоглох” хэмээн өхөөрдөж төрийн нэр хүндийг унагадаг юм чинь санал хураах товчлуурыг хураагаад хоорондоо захиа бичилцээд хариугаа хүлээгээд сууж байвал яасан юм бэ.

Хөөрхий дөө, ийм аргаар сайд болох хүнд хэн итгэх билээ. Тэр юуг ч худалдаж авч, бас зарж чадах юм биш үү. Өөр энд тэнд “Сайд болгож өгөөч” гэсэн хүсэлт, түүнийг нь дэмжигчдийн гарын үсэгтэй хүсэлт тааралдаж сонгогчдыг доромжлох вий дээ.

11868678_731188470342190_591018718_n


URL:

Сэтгэгдэл бичих