Тахал гарах эрсдэл нэмэгджээ
Шалгалт хийж эхэлснээс хойш улсын хэмжээнд 300 гаруй тарвага илрүүлэн хурааж авчээ.
2005-2014 оны хооронд тарваган тахлын 11 тохиолдол бүртгэгдсэн байна
Улсын хэмжээнд 17 аймгийн 157 суманд тарваган тахлын байгалийн голомт бүртгэгдээд байна гэсэн мэдээ шинэ долоо хоногийн анхаарал татсан асуудлын нэг байв. Бараг л хоёр сум тутмын нэг нь энэхүү аюулт өвчний голомтоор бүртгэгдсэн гэхээр сэтгэл сэрдхийхээс ч аргагүй. Харин яг тахлын халдвар авсан тохиолдол он гарснаас хойш нэг удаа бүртгэгдээд байгаа юм. Ховд аймгийн Булган сумын харьяат 14 настай хүү уг халдварын улмаас нас барсан мэдээ наадмын дараа нийтэд түгэв. Тахлын 20 гаруй тохиолдол бүртгэгдсэн 1990-ээд оны дунд үетэй харьцуулахад энэ бага тоо. Гэхдээ ганцхан тохиолдол гээд тайвширч, эрдэнэт хүний амь юунаас ч илүү чухал гэдгийг мартаж болохгүй.
ТАХАЛТАЙ ТАНИЛЦСАН ТҮҮХ
Хүн төрөлхтний түүхэнд бүртгэгдсэн халдварт өвчнөөс хамгийн олон хүний амийг авч одсон нь тарваган тахал. Азиас Европт хүрч, цааш дэлхий нийтэд тархсан энэхүү тахлын голомт Монголд байгаа тухай таамгийг бүр 1836 онд гадаадын эрдэмтэд гаргасан байдаг. Харин 1911 оны долдугаар сард Оросын шинжилгээний баг өвчтэй тарваганаас тахлын нян илрүүлж, өмнө нь таамаг төдий байсан зүйл бүрэн үндэслэлтэй болохыг нотолсон юм. Улмаар 1931 онд Монголд анх удаа тарваган тахал эсэргүүцэх мэргэжлийн төв байгуулж, энэ аймшигт өвчинтэй тэмцэх ажлыг эхлүүлж байж.
Түүхийн хуудас сөхвөл 1940-өөд оны сүүл, 1950-иад оны эхээр тахлын дэгдэлт оргилдоо хүрч, олон хүний амийг залгин оджээ. 1949 онд л гэхэд тахлын 37 тохиолдол бүртгэгдсэнээс 34 хүн хорвоог орхисон юм. Харин 1950-иад оны сүүлийн хагасаас 1970-аад оны дунд үе хүртэл тахлын дэгдэлт намжиж, энэ өвчин устаж байна гэсэн дүгнэлт хүртэл гарч байв. Гэвч үүнээс хойш тахал дахин аюулын харанга дэлдэж, 1990 он гарснаас хойш бүр идэвхэжсэн юм. Тухайлбал, 1981-1989 оны тарваган тахлын өвчлөлийг 1990-1998 оныхтой харьцуулахад голомтын тоо 67.7 хувь, өвдсөн хүний тоо 73.4 хувиар өсч, нас баралт 29-өөс 43.7 хувь болон нэмэгджээ.
ОДОО БАЙДАЛ ЯМАР БАЙНА ВЭ
Байгалийн голомтот халдварт өвчнийг илрүүлэх, эмчлэх, хөл хорио тогтоох, хяналт шалгалт явуулах, олон нийтэд сурталчлах ажлыг эрчимжүүлж, төсөв хөрөнгийг шийдэж өгсний үр дүнд тахлын халдвар авсан хүний тоо сүүлийн жилүүдэд эрс буурчээ. 2005-2014 оны хооронд Архангайн Эрдэнэбулган, Хөвсгөлийн Цэцэрлэг, Шинэ- Идэр, Завханы Эрдэнэхайрхан, Улиастай, Отгон, Ховдын Алтай, Говьсүмбэрийн Сүмбэр, Өвөрхангайн Сант гэсэн зургаан аймгийн есөн суманд тарваган тахлын 11 тохиолдол бүртгэгдсэн байна.
Уг нь Монгол Улс гурван жилийн хугацаанд тарвага агнахыг хориглосон. Гэвч хууль бусаар агнаж, арьсыг нь заран, махыг нь идэх явдал гарсаар. Зөвхөн 2014 онд гэхэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид хот руу тарваганы арьс, мах оруулахыг завдсан 372 тохиолдлыг илрүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Энэ бол зөвхөн илэрсэн тохиолдол гэдгийг анхаарах хэрэгтэй байх. Үүнээс гадна хууль хяналтынханд баригдалгүйгээр хэчнээн тарвага “цааш харуулсныг” тоолох аргагүй. Энэ мэт байдлаас болоод тарваган тахлаар өвчлөх тохиолдол жил бүр гарсаар байгаа аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар тарваган тахлын өвчлөл жилд дунджаар 1000-3000 бүртгэгддэг байна. Үүний дийлэнх нь Африк, Ази, Өмнөд Америкийн орнуудад тохиолджээ.
2013 онд дэлхий дахинд 783 тохиолдол илэрснээс 126 нь нас барсан судалгаа байна. Харин өнгөрсөн жил зөвхөн Мадагаскарт 119 хүн тахлаар өвчилж, тэдний 40 нь өвчнөө даалгүй нас баржээ.
300 ГАРУЙ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖЭЭ
Хөдөө, орон нутагт тахлын тохиолдол бүртгэгдвэл тэрүүхэн тэнд нь дарж болчхоод байдаг. Харин нийслэлд орж ирээд тархвал ямархуу гамшиг нүүрлэхийг төсөөлөөд үз дээ. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар товчоод дээр хяналтын баг гарган, хот руу орж ирж байгаа машинуудыг шалгаж байна.
Бид Эмээлтийн товчоон дээр байдал ямар байгааг тодруулахаар очлоо. Энд хэд хэдэн машин саатуулагджээ. Жолооч нар нь мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаа нарыг эргүүлдэн гуйж гувших нь харагдана. Ихэнх нь гарал, үүслийн гэрчилгээгүй мах, малын түүхий эд оруулж ирээд саатуулагдсан гэнэ. Энэ үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сонгино хайрхан дүүрэг дэх улсын байцаагч Ц.Төртүвшингээс зарим зүйлийг тодруулав. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А645 дугаар захирамжаар долдугаар сарын 30-нд цагдаа, онцгой байдлын хэлтэс, замын цагдаа, мэргэжлийн хяналтын төлөөлөл бүхий хяналтын баг гараад ажиллаж байна.
Манай өмнөх гараан дээр дөрвөн тарвага илэрсэн. Үүнийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч, халдваргүйжүүлэлт хийлгээд цагдаагийн хэлтэс рүү шилжүүлсэн. Өнөөдрийн хувьд илэрсэн зөрчил алга. Ер нь шалгалт хийж эхэлснээс хойш улсын хэмжээнд 300 гаруй тарвага илрүүлэн хурааж авсан. Тарвага оруулахаар завдсан иргэнийг хуулийн дагуу 384 мянган төгрөгөөр торгодог. Мөн нэг тарвага 200 гаруй мянган төгрөгийн нөхөн төлбөртэй. Олон тарвага авч яваад баригдвал тэр хэмжээгээрээ нөхөн төлбөр төлнө. Шалгалт хийхэд уурлаж бухимдах, өөдөөс эсэргүүцэх тохиодол зөндөө гарч байна” хэмээн ярилаа. Шалгалт аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
БИДНИЙ ОРОЛЦОО ЧУХАЛ
Тарваган тахал бол тун хурдтай тархдаг онцлогтой өвчин. Агаар, хоол хүнс, хувцас, эд юмс гээд л бүх зүйлийг дамжин халдварладаг гайхал гэнэ. Уг нь хүн төрөлхтний түүхэнд хар мөрөө үлдээсэн энэхүү тахлаас сэргийлэх бүрэн боломжтой гэдгийг албаны хүмүүстэй уулзаж явахдаа ойлгож авав. Ингэхийн тулд бид өөрсдөө л хичээх хэрэгтэй юм байна. Зуны цагт сайхан болгосон тарваганы боодог идэхийг хүн бүр л хүснэ. Гэхдээ үүний цаана аюулт өвчний халдвар нуугдаж буйг санахад илүүдэхгүй биз ээ.
ТАРВАГАН ТАХЛЫН ДЭГДЭЛТ ӨНДӨРТЭЙ БҮС НУТАГ
Г.Баярсайхан
Засгийн газрын мэдээ
URL: