Ц.Мөнхбаяр, Л.Гансүх, Г.Дэнзэн нар өршөөгдөнө
Өршөөлийн тухай хуулийг УИХ хаалттай хуралдаж баталсан нь олон хүний анхаарлыг эрхгүй татсан билээ.
Учир нь энэхүү хуулийг баталсанаар чухам ямар хэрэг үйлдсэн, нэр бүхий хүмүүсийн хэн хэн нь энэ хуульд хамрагдаж, өршөөгдөх гэх мэт олон асуулт хариултгүй олны дунд явж байсан билээ.
Харин энэхүү хуулийн талаар өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл сэтгүүлчдэд мэдээлэл өгч, ард түмний дунд таавар хэвээр байсан асуултад хариулт өгсөн юм.
Тэрбээр “Хуулийн хэлэлцүүлэг хаалттай горимоор явсныг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс тэнд яригдсан бүхий л мэдээлэл, тоо баримтыг нарийвчлан дэлгэх боломжгүй. Гэхдээ албан тушаал, авлигын хэргээр ял эдэлж байгаа хүмүүсээс 10 хүрэхгүй цөөн тооны хүмүүсийг өршөөлд багтаахаар танилцуулж байсан.
Тухайлбал Ц.Мөнхбаярын хэргийг зандалчлах хэрэг мөн эсэх, өршөөлд хамруулах боломжтой эсэх гэхчилэн асуудлаар УИХ-ын гишүүд маш их анхаарлаа хандуулсан. Урьд нь гарч байсан Өршөөлийн хуулиудыг гэмт хэргийг голчлон бөөнд нь хамруулдаг байсан бол энэ удаа зүйл заалт нэг бүрээр нь ярилцсан. Зандалчлах гэдэг зүйл заалт нь өршөөлд хамрагдах боломжгүй байсан ч анх удаа хийсэн галт зэвсгийн хэрэг нь өршөөлд багтаж байгаа. Тиймээс Ц.Мөнхбаяр өршөөлд хамрагдаж байгаа. Мөн Л.Гансүх, Г.Дэнзэн нарын хэрэг ч зүйл заалтын хувьд өршөөлд хамрагдсан” гэв.
Түүнчлэн нийт хоригдлын гуравны нэг орчим нь өршөөгдөх төлөвтэй байгаа гэдгийг ч дуулгасан.
Албан тушаалтнууд бие биеэ өршөөж байгаа хэрэг биш
УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн тохиролцоогоор Өршөөлийн хуулийг баталлаа гэх хардлага байна. Та үүнтэй санал нийлж байна уу хэмээсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Энэ удаагийн Өршөөлийн хууль байнгын ажиллагаатай парламенттай болсны 25 жилийн ойн дээр батлагдаж байгаа. Энэ 25 жилийн хугацаанд парламентаар баталсан хуулиуд дотроос хамгийн гол хууль нь Үндсэн хууль. Үндсэн хуульд цоо шинээр орсон хуулийн гол зарчим нь хүний эрхийг хамгаалах зарчим байдаг. Хүний эрхийг хамгаалах үүднээс хүний эрхийн зөрчил хамгийн их гарч байгаа зүйл заалтууд дээр онцгой анхаарсан зүйлүүд бий.
Гаднаас нь харахад албан тушаалтнууд бие биеэ өршөөж байгаа мэт харагдаж байгаа боловч Хүний эрхийн үндэсний комиссын тайлангуудыг аваад үзвэл яг энэ чиглэлээр хүний эрх хамгийн ихээр зөрчигдсөн байдаг. Хоригдож, шалгагдаж буй хүмүүс нь онож цохсон улс төрийн зорилготой баривчилгаан дээр гомдлууд гаргадаг. Жишээлбэл, сүүлийн үед өмгөөлөгч үйлчлүүлэгчээсээ татгалзах явдал гарч байна. Ийм зүйл аль ч ардчилсан оронд байх ёсгүй. Хэрэв өмгөөлөгч мөрдөн байцаах байгууллагын дарамтад ороод үйлчлүүлэгчээсээ татгалзаж байгаа бол тэр мөрдөн байцаалт хуудуутай явагдаж байгаагийн тод жишээ. Мөрдөн байцаах үйл ажиллагааны явцад гарч буй хүний эрхийн зөрчлийг багасгах үүдээс зөвшилцөлд хүрсэн” гэсэн хариултыг өгсөн юм.
URL: