Хувийн хэвшлийн дээд сургуулиуд элсэгчгүй аргаа барж байна

Энэ хавар анхны 12 дугаар анги төгсөлтөө хийж 19 мянга гаруй  хүүхэд сурагчийн ширээгээ орхилоо. Дунд сургуулиа амжилттай дүүргэсэн хүүхдүүд их сургуульд орох гэж багагүй чармайдаг.  Тэдний ихэнх нь эргээд ажлын байр олдохыг нь бодож улсын их сургуулиудад суралцахыг зорьдог юм.  Тэгвэл энэ жилийн төгсөгчдөд их сургуулийн босго төдийлөн хүнд биш байгаа нь нэг талаараа  сайн хэрэг болж байна. Учир нь өнгөрсөн жилүүдэд 35-40 мянган сурагч ЕБС төгсөж, тэдний ердөө тал нь Боловсролын яамнаас өгсөн квотын дагуу улсын их  сургуульд суралцдаг байсан бол энэ жилийн хүүхдүүд бараг бүгд улсын сургуулиудад суралцах боломж бүрдэж байна.  Харин нөгөө талаараа бусад хувийн хэвшлийн их дээд сургуулиудад хүндээр тусаж байгаа юм.
olloo_mn_1439431485_143839475855bc2986cae2fӨөрөөр хэлбэл, улсын, хувийн гэлтгүй дээд боловсролын байгууллага оюутнуудынхаа сургалтын төлбөрөөр санхүүждэг учир элсэгчдийн тоо буурна гэдэг нь их, дээд сургуулиуд эдийн засгийн хямрал нүүрлэж мэдэх ноцтой мэдээ юм. Тиймээс ч улсын сургуулиуд квотынхоо тоогоор оюутан элсүүлэхийн тулд  босго оноогоо төдийлөн өндөр тавьж өгөөгүй нь элсэгчдэд боломж олгож байгаа юм.

Энэ жилийн тухайд   Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд үүргийнхээ дагуу өнгөрсөн зургадугаар сарын 5-нд А/210 тушаал гарган их, дээд сургуулиудад оюутан элсүүлэх хяналтын тоог зааж өгсөн байна. Хяналтын тоонд дурдсанаар бол энэ хичээлийн жилд Батлан хамгаалахын их сургууль 270, МУБИС 2500, МУИС 3500, СУИС 1000, Ховд их сургууль 350, ХААИС 1600, ХААИС-ын Дархан салбар 200, ХСИС 435, ШУТИС 3980, АШУҮИС 1400, Тээврийн дээд сургууль 250 оюутан нэгдүгээр курсдээ элсүүлж суралцуулна. Энэ хэд нийлээд л 15485 оюутан элсүүлэх боломжтой аж. Тэднээс гадна хувийн хэвшлийн томоохон их сургуулиуд ч бий. Тухайлбал, “Их засаг” их сургууль 900, “Монголын Үндэсний их сургууль” 900, “Этүгэн” их сургууль 700 оюутан элсүүлэх хяналтын тоо батлуулаад авчээ.

Эндээс харахад энэ жил хувийн хэвшлийн цөөн оюутантай  жижиг сургуулиудын хувьд жинхэнэ хямрал нүүрлэхээр байна.  Салбар яамныхан элсэгчдийн тоо буурсан нь төдийлөн нөлөөгүй хэмээж байгаа. Гэвч бодит байдал дээр  бага ч гэсэн хямрах нь мэдээжийн хэрэг.

Тиймээс ч сургуулиуд элсэгч татахын тулд олон хөнгөлөлт, сайн нөхцөлийг санал болгосон зар гадуур нэлээдгүй цацагдаж байгаа. Тухайлбал жилд дунджаар 300 гаруй шинэ оюутан хүлээж авдаг нэгэн сургууль өнөөдрийн байдлаар ердөө 30 оюутан бүртгүүлсэн байгаатай таарлаа. Тиймээс оюутан татахын тулд  Аль нэг хичээлээр улсын хэмжээний олимпиадад шагналт байранд орсон бол эхний жилийн сургалтын төлбөрийг 50-100 хувь, Ерөнхий шалгалтын оноо 600-с дээш тохиолдолд дөрвөн жил төлбөрийн 20 хувийг хөнгөлөх, цэргийн алба хаасан бол сургалтын төлбөрийн 30 хувийг хөнгөлөх зэрэг олон хөнгөлөлт урамшуулал зарлажээ. Гэсэн ч элсэх хүсэлтэй  хүн тун цөөн байлаа. Ерөнхийдөө   дээд сургуулиудын тухайд байдал ийм байгаа аж. Харин улсын их сургуулиудын хувьд элсэгчдийн тоо буурсан зүйл байхгүй гэлээ. Яамнаас олгосон квотын дагуу хүүхдүүдээ бүртгэжээ.

Б.Сансар
olloo.mn

URL:

Сэтгэгдэл бичих