Дотоодод үйлдвэрлэсэн хийн түлшийг экспортолно
“Эрдэм газ” компани байгуулагдаад удаагүй ч импортыг орлох экспортод гаргах шингэрүүлсэн хийн түлш үйлдвэрлэж байна. Манай улс жилдээ зургаан сая ширхэг ахуйн хэрэглээний 220 гр-ын савлагаатай газыг Солонгос улсаас импортолдог ажээ. Энэ хэрэглээг 100 хувь хангах боломжтой хэмээн тус компанийн захирал Ц.Эрдэнэцогт хэллээ.
ДӨРВӨН САРЫН ДОТОР ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГАА БАРЬЖЭЭ
“Эрдэм газ” компани энэ оны дөрөвдүгээр сараас үйлдвэрийн барилгаа барьж эхэлсэн байна. Төр, засгийн санхүүжилтээр барьж буй барилга байгууламж хэдэн жил үргэлжлэн царцдаг. Гэтэл үйлдвэрийн барилгыг дөрвөн сарын дотор барьж дуусгажээ. Энэ төслийг хэрэгжүүлэхэд 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулжээ. Хэдийгээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ, импортыг орлох, экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг ч бодит дэмжлэг дутаж буйг үйлдвэрлэгчид хэлдэг. Энэ компанид ч санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх нь бэрхшээл байсан. Харин Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”-гаас 1.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл авч хэрэгжүүлж буй төсөл юм.
БАЯЛАГ БҮТЭЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Сүүлийн хэдэн өдөрт валютын ханш эрчтэй өссөөр байгаа. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг нь бичигдээгүй хууль. Харин гадагш гарах валютын урсгалыг дотооддоо шингээхийг үндэсний үйлдвэрлэгчид уриалдаг. Тэдний нэг нь “Эрдэм газ” компанийнхан. Тус компанийн захирал Ц.Эрдэнэцогт “Гадагш гарах валютын урсгалыг зогсоох, баялаг бүтээх нь чухал” гэв. Үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь эдийн засгийн хямралыг давах зөв зам. Тиймдээ ч бизнес эрхлэгчид төрийн дэмжлэг хүсэлгүй дор бүрнээ хичээхийг зорьж буй. Тэд ангаахай шиг бэлэн хоол олдохыг хүлээж суухыг хүсдэггүй. Тухайлбал, “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас зохион байгуулсан хөрөнгө оруулалтын уулзалтын үеэр экспортод оёмол бүтээгдэхүүн гаргах замыг нээсэн билээ. “Эрдэм газ”-ынхан ч мөн ялгаагүй. Хэдийгээр үйлдвэрээ нээгээд удаагүй ч экспортод бүтээгдэхүүнээ гаргахаар болж буй. Тухайлбал, ОХУ-д нийлүүлэх боломжтой. Мөн БНХАУ-руу ч экспортлох тухай ярьж байгаа гэнэ. Үйлдвэрлэгчдээ дэмжиж ажилласнаар хямралыг ажралгүй давах гэрэл хонгилын үзүүрт биш нэлээд наана тусч байна.
“ЭРДЭМ ГАЗ” ИНГЭЖ БҮТЖЭЭ
Солонгосоос импортлодог газ 2300-2500 төгрөгийн үнэтэй борлуулагддаг. Харин “Эрдэм газ” үйлдвэрээсээ 1400 төгрөгөөр гарах юм байна. Тус үйлдвэр улсынхаа жилийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой аж. Өөрөөр хэлбэл, нэг цагт 1000 ширхэг, өдөртөө 8-10 мянгыг үйлдвэрлэнэ. Ингэснээр хоёр жилийн дотор импортыг зогсооно гэдгээ “Эрдэм газ” компанийн захирал Ц.Эрдэнэцогт хэллээ. Манайх эрс тэс уур амьсгалтай орон. Тиймээс орчин, нөхцөлдөө зохицсон бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал. Учир нь уур амьсгалын зөрүүгээс гарах алдагдлыг бууруулах юм. Энэ нь эдийн засгийн хэмнэлтийг авчирна гэдгийг эдийн засагчид хэлдэг. Ахуйн хэрэглээний газ үйлдвэрлэгч цорын ганц компани бол “Эрдэм газ” юм.
Аж ахуйн нэгж байгуулан үйл ажиллагаа эрхлэхэд нэн түрүүнд бичиг баримт, зөвшөөрлийн асуудал нэлээдгүй хугацаа авдаг гэдгийг хүмүүс мэднэ. Түүнээс гадна хууль эрх зүйн орчин, хоорондын уялдаагүй байдал саад болж байгааг баялаг бүтээгчид учирласаар байгаа. Манай улсын хувьд энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэхэд хуулийн зохицуулалт дутаж байгааг Ц.Эрдэнэцогт хэлж байлаа.
ДЭМ ДЭМЭНДЭЭ
220 гр-ын савлагаатай ахуйн хэрэглээний газыг үйлдвэрлэхэд сав, баглаа боодол, газ шаардлагатай. Үүнээс зөвхөн газыг хойд хөршөөс импортоор авдаг. Одоогоор 25 тоннын агуулахтай. Энэ нь 15 хоногийн нөөц ажээ. Харин бусад хэрэглэгдэхүүн, түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчдээс авдаг байна. Эхний удаагийн үйлдвэрлэлийг явуулахад шаардлагатай савыг урд хөршөөс импортлосон. Цаашид энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэж буй компаниас авах юм байна. Газны төмөр савыг Дархан-Уул аймагт үйл ажиллагаа эрхэлж буй “Хүнс импекс” компани ирэх сараас үйлдвэрлэх гэнэ. Тус компанийн захирал Ц.Эрдэнэцогт дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд хамтран ажиллах хэрэгтэйг онцолсон.
ИМПОРТЫГ ТАСЛАН ЗОГСООХЫН ТӨЛӨӨ
Манай улсын бараг л 100 хувь импортоос хамааралтай. Тиймээс баялаг бүтээгчдээ дэмжин экспортлогч болохыг зорьж, уриалж байгаа. Ноён Ц.Эрдэнэцогт өнгөрсөн хугацаанд барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэх төсөл хөтөлбөр боловсруулсны нэг нь гагнуурын электродын үйлдвэрлэл юм байна. Тус үйлдвэрийн барилга, байгууламж бэлэн. Харин тоног төхөөрөмж оруулж ирэх дээрээ гацжээ. Тэд ямар техник ашиглах эсэхээ судалж, захиалгаа өгсөн байгаа гэнэ. Харамсалтай нь үйлдвэрлэгчдэд тулгамддаг санхүүжилтийн асуудал хүнд байгааг тэрээр дуулгалаа. Хэрэв асуудал эерэгээр шийдэгдвэл тун удахгүй гагнуурын электродыг импортолдог бус экспортолдог болох нь. Барилгын салбар эрчимтэй хөгжиж байгааг өдрөөс өдөрт сүндэрлэж буй барилгаас харж болно. Тиймдээ ч төр засаг энэ тал дээр түлхүү анхаарч ирсэн байдаг. Одоогоор манай улс жилдээ 980 мянган тонн гагнуурын электродыг импортолдог ажээ.
Валютын гадагшлах урсгалыг сааруулах, баялаг бүтээхийг зорьж буй үйлдвэрлэгч, бизнесийнхэн олширсоор. Энэ нь эдийн засаг сэргэх эерэг дохио болно биз ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: