Өршөөлийн хууль хэн нэгнийг хариуцлагаас чөлөөлөх “түлхүүр” биш

527-14394241624f4a3aadb0734bb71cc30c65f875117c_XLШүүхийн өмнө гэм буруугаа хүлээсэн, гэмт хэргийн замаар олсон орлогоо улсын төсөвт тушаасан тохиолдолд авлига, албан тушаалын гэмт хэргийг Өршөөлийн хуульд хамруулна хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээллээ.
Өчигдөр буюу энэ сарын 11-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийг баталсан. Уг хуулийн талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Оюунгэрэл нар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-аас батлан гаргасан Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш 1991, 1996, 2000, 2006, 2009 онд өршөөлийн хууль гаргасан. Энэ хугацаанд нийт 7000 гаруй ял эдлэгсэд суллагдсан байдаг.
Эрүүгийн өршөөлийн хуулийг 5-6 жил томоохон ой, тэмдэглэлт баярыг тохиолдуулан гаргадаг. Энэ удаагийн хуулийг ардчилсан нийгэмд шилжиж, парламентын засаглалтай болсны 25 жилийн ойд зориулан гаргаж байгаа юм.
Хуульд хөнгөн болон хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ял шийтгүүлсэн 18 нас хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдэгсдийг хамруулахаар тусгасан” гэлээ.
Тэрбээр, “Зарим гишүүд “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын үйлдсэн гэмт хэрэг нь терроризм буюу зандалчлах гэмт хэрэг бус байгаль орчныхоо төлөө тэмцсэн үйлдэл гэж үзэн өршөөлд хамруулахын төлөө ажилласан. Үүний үр дүнд Ц.Мөнхбаярын Эрүүгийн хуулийн 177.1 гэх зүйл ангийг өршөөлийн хуульд хамруулсан.
Иргэд авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг бүгдийг өршөөлөө гэх ташаа мэдээлэлтэй байна. Шүүхийн өмнө гэм буруугаа хүлээх ёстой, гэмт хэргийн замаар олсон орлогоо улсын төсөвт тушаасан тохиолдолд авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөнө. Үүнийг биелүүлээгүй тохиолдолд өршөөлд хамруулахгүй” хэмээв.
Мөн УИХ-ын гишүүн Л.Болд, “Өршөөлийн хууль бол хэн нэгэн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх “түлхүүр” биш. Тодорхой ял эдлэх хугацааг л хөнгөлөх юм. Харин ёс суртахууны болон улс төрийн хариуцлагаа хүлээх болно. Тун удахгүй шинэ Эрүүгийн хууль гарах гэж байна. Энэ хуульд 2012 оны Эрүүгийн хуульд заасан зарим хуулийг хүчингүй болгож, гэмт хэргийн жагсаалтаас хасахаар тусгасан. Тэгэхээр үйлдсэн гэмт үйлдэл нь хуулиас хасагдчихаад байхад тэр хүн ял эдлээд сууж болохгүй.
Үүнтэй зэрэгцүүлэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан. Энэ нь баялаг бүтээж байгаа аж ахуйн нэгжүүдээ ч өршөөнө гэсэн үг. Энэ бол ирээдүйгээ харсан зөв алхам юм” гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултадаа хариулт авлаа.
-Өршөөлд хамрагдагсдыг ялгүйд тооцох тухай заалт хуульд тусгасан гэсэн. Тэгэхээр авлига, албан тушаалын хэрэгтнүүд төрийн өндөр албан тушаалд томилогдох боломж нээлттэй үлдэж байгаа юм бишүү?
-Өршөөлд гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн хүнийг л хамруулна. Олон түмэнд хийсэн хэрэг нь ил болно гэсэн үг. Ингэхээр энэ хүмүүсийг дахин сонгуульд орох боломжийг хязгаарлах гэх мэт арга хэмжээ авна. Нэр дэвшлээ ч хүмүүс сонгохгүй шүү дээ.
-Хэдэн хоригдол суллагдах вэ?
-Өнөөдөр Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулах асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж, УИХ-аар хэлэлцүүлэх болсон. Энэ комисс хуулийн хүрээнд хэдэн хүнийг өршөөлд хамруулах боломжтой вэ гэдгийг судална. УИХ-ын ажлын хэсгийн урьдчилсан судалгаагаар нийт хоригдлын 30 орчим хувь өршөөлд хамарна.
-Өршөөлд хамарсан хүмүүс дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдол бий юу?
-Өршөөлд хамрагдсан 7000 гаруй хүний 400 орчим буюу 3-4 хувь нь давтан хэрэг үйлдсэн гэсэн судалгаа бий. Энэ бол харьцангуй бага үзүүлэлт.
-Иргэд эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж улсын мөнгө шамшигдуулсан этгээдүүдийг өршөөхийг эсэргүүцэж байгаа. АТГ-т шалгагдаж байгаа хичнээн хэрэгтэн, сэжигтэн суллагдах вэ?
-Хуулийн хэлэлцүүлгийн явц хаалттай болсон учраас ярьсан тоо баримт, мэдээллийг нарийвчлан дэлгэх боломжгүй. Хуулийг хэрэгжүүлэх явцад тоо мэдээлэл нь бүрэн гарах байх. Бидэнд нийт 10 орчим хэрэг л танилцуулсан.
-АТГ-т шалгагдаж байгаа Л.Гансүх, Г.Дэнзэн гэх мэт хүмүүс өршөөлд хамарна гэдэг үнэн үү?
-Өмнө нь Өршөөлийн хууль батлахад хүнд гэмт хэргүүдийг хамруулахгүй гээд хаачихдаг байсан. Энэ удаад дээрх хаалтыг хийгээгүй учраас Л.Гансүх, Г.Дэнзэн нар өршөөгдөнө.
-Өмнө нь өршөөлд хамарч байгаагүй ямар зүйл анги нэмэгдсэн бэ?
-Залилангийн зүйл анги нэмэгдэж, өршөөлд хамруулах болсон.
Ч.Ариунболд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих