“Авьяасыг архиар тэтгэдэггүй”
Монголын архи үйлдвэрлэдэг компаниуд архин далайд хэр олон хүн живүүлж дөнгөхөөрөө өрсөлдөж байна.
Өнөөдөр Монгол Улсад спиртийн 16, архины 93, шар айрагны 21, дарсны 14 үйлдвэр албан ёсны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээр үйлдвэр нь жилд ойролцоогоор 40-60 сая литр архийг үйлдвэрлэж буй гэх баримт байна. Дотоодын үйлдвэрлэл дээр импортын 15-20 сая литр архи, согтууруулах ундааг нэмэхээр цочирдмоор тоо гарч байгаа биз. Энэ бүхнийг Монголчууд шингээж байна.
Ингээд бодохоор архиар угжуулж байгаагаас огт өөрцгүй юм. Архийг Монголчууд идээний дээж хэмээн хүндэтгэсээр ирсэн. Гэтэл энэ хүндэтгэл хүлээсэн эд Монголчуудыг сордог элс шиг л өөртөө живүүлж байна. Ийм элсэнд соруулсан хүн хэчнээн хүчлээд ч нэмэргүй, улам л доош татагддаг гэдэг. Монголчууд архинд яг л үүн лугаа адил татагдах болж.
Бүр шунан дурлаж, амьдралаа сүйрүүлцгээж байна. Чухам хэдийгээ бид энэ хар усанд живүүлснийг баттай хэлж мэдэхгүй нь. Уншигч авхай та яагаад бид живүүлдэг билээ гэж гайхаж байж магадгүй. Гэвч хүмүүс архинд живэх болсон шалтгааны багагүй хэсгийг Монголчууд өөрсдөө хийжээ. Бид санаатай болон санамсаргүй байдлаар цөөнгүй хүнийг архичин нэртэй болгочихож. Монголчуудын зан араншингийн талаар нэг хошин яриа байдагдаа. Тамын тогоонд чанагдаж байгаа үндэстнүүдээс ганцхан Монголчууд л амь гарч чаддаггүй гэнэ.
Учир нь тэд тогооноос гарахаар авирч байгаа нэгийгээ хөлөөс нь татаж унагаж, өөрөө гарахаар тэмүүлж, эцэстээ хэн ч гарч чаддаггүй хэмээх хошин яриа бий. Яг л Монголчуудын атаархуу занг гаргаж ирсэн энэ шог яриа амьдрал дээр хэрэгжсэний нэг нь авьяасыг архиар мөхөөсөн жишээнүүд юм. Олны танил тэр дундаа урлаг, cпopт, яруу найрагчдыг энэ хатуу хувь заяа илүүтэй дайрдаг нь үнэн. Монголчууд амжилт олсон нэгийгээ “Чи үнэхээр авьяастай юм. Чиний авьяасыг биширье” гэх зэргээр хөөргөн архичин болгодог.
Өнөө ч бидний дунд “100 татаад архичин болчихов л гэж” хэмээн өөрийгөө өмөөрч яваа хүмүүс байгааг ч үгүйсгэхгүй. Мөн хэдэн гэр бүлд архинаас үүдэлтэй хэрүүл гарч, хэчнээн нь салж, хэдэн хүүхэд энэ хороос болж өнчирч байгааг, мөн хэд нь архинаас үүдэлтэй шоронгийн хаалга татсан гэх тодорхой тоо алга. Энэ тоог нарийвчлан гаргах боломж ч хомс юм. Дээхнэ үед ч авьяасыг архиар угждаг байжээ. Нэг уран бүтээлч кинонд сайн тоглож олны танил болоход хүмүүс хаа тааралдсан газраа танимхайрч, архи барин гүйлдсээр хэн ч биш болгодог байсан эмгэнэлт түүх бий. Ийм жишээнүүдийг дурдвал урт жагсаалт үүсэх нь тодорхой. Бидний дунд “Алтан үеийнхэн” хэмээн хүндлэгддэг сайхан уран бүтээлчид ч энэ ээдрээт замыг туулж, амьдралаа там болгож байсан жишээ бий.
Тэгвэл атаархлын үндсэн дээр худал хэлж, санаатайгаар хүнд цаасан малгай өмсгөн, магтаалд бялууруулж, улмаар жингүйдлийн байдалд оруулан хүнийг архичин болгох явдал ч бас байдаг гэнэ. Овоо цовоо цолгиун яваа, амжилт дагуулсан, өсөх чадвартай залуусыг зориудаар архинд оруулж, замаасаа зайлуулах явдал байдаг тухай хүнээс сонссон юм. Ийнхүү авьяастай хүмүүс бусдад хорлогдон авьяасаа мөхөөж байна. Авьяасыг архиар угжиж болдоггүйн жишээ энэ.
Монголд архины ил, далд сурталчилгаа хөвөрсөөр. Энэ нь залуусын архины зүг тэмүүлэх сэдлийг улам ихээр өдөөж байна. Телевизийн дэлгэцээр гавьяат жүжигчид, дуучид маань архи сурталчилж, цэнгээнт нэвтрүүлэг хийж байгаа нэрийн дор телевизүүд архины далд сурталчилгааг өнөө ч хийсээр л байна. Архи, авьяас хоёр нэг саванд багтах учиргүй. Гэтэл сүүлийн үед энэ хоёрыг заавал хамт байх учиртай мэтээр ойлгодог болчихжээ. Үнэнийг хэлэхэд Монголд архигүй баяр наадам байхгүй болсон. Шинэ хүн хүлээж авахдаа хүртэл Монголчууд архийг ёс юм шиг хүртэцгээнэ. Хүүхдийн угаалга, төрсөн өдрийн баяр, хурим, цол, тэмдэг авахдаа хүртэл архийг ууцгаана.
Гэхдээ хүн архийг бус архи хүнийг ууж байгааг даанч нэг ухаарах сөхөө алга. Амжилт, алдаа хоёрын аль нь хүнийг архины хамааралтай болгож мэдэх зүйлс. Монголчууд амжилт гаргасан нэгийгээ хөөргөж, харин амьдралдаа алдсан нэгийнхээ сэтгэлийг нь засч байна хэмээн архиар угждаг. Ийм байдлаар авьяасыг архиар мөхөөсөн явдлууд манайд дэндүү гэмээр олон байгаа нь харамсалтай. Гэхдээ аль нөхцөл байдлаар нь архинд орсон байлаа ч архи хүний амьдралд сайныг бус саарыг авч ирдэг гэдгийг ухаарах хэрэгтэй.
Хүн архи ууж эхлэхдээ, орж байхыгаа ч сайн мэддэггүй гэнэ. Уусаар байгаад нэг л өдөр сайхан амьдралаас дэндүү холдсон байдаг байна. Архинд ороод амьдралаа алдсан хүмүүс нэрт яруу найрагч Р.Чойномын Гунигийн дуу бүтээлд өгүүлдэг шиг “авдар авдраар нь сөгнөхгүйгээс хойш архийг юунд амсав даа би” хэмээн харамсаж сууна уу гэхээс бахархаж суусан жишээ нэгийг ч олж хараагүй.
Хэнд ч дийлдэшгүй авьяасыг зөвхөн архиар л нухчин дарж болдог учир энэ бусармаг аргыг хэрэглэхээс одоо татгалзах хэрэгтэй. Хэн нэгний авьяасыг биширсэндээ хүнийг архинд оруулж болохгүй. Бас хүн авьяастайнхаа төлөө архинд орох ёсгүй шүү дээ. Тэгж л их баяр хүргэж, талархсан сэтгэлээ илэрхийлмээр байгаа бол хүндэтгэж явдаг хүн дээрээ явж очоод өөрт нь хэлэхийг хүссэн бүх үгээ хэлэхэд л хангалттай биш гэж үү.
Ж.Тагтаа
URL: