Газпромын Хятадтай хийсэн гэрээ алдагдалд хүрч эхэллээ
ОХУ-ын “Газпром” компаниас Хятад улстай байгуулсан байгалийн хий нийлүүлэх 30 жилийн гэрээ нь огт ашиггүй болсон гэж мэдэгдсэн байна. “The Financial Tunes” сонинд мэдээлснээр, тус компанийн төлөөлөгч “Бид нефтийн үнийг байнга өснө гэсэн өөдрөг үзлээр гэрээ байгуулж байлаа” гэж харамсан ярьсан аж.
2014 оны тавдугаар сард сүр дуулиантай байгуулсан тус гэрээ ёсоор “Газпром” 30 жилийн турш 400 тэрбум ам.долларын байгалийн хийг Хятадад нийлүүлэхээр болсон билээ. Гэвч тэр үеэс хойш нефтийн үнэ 50 хувиар унаад байгаа нь тус гэрээг ашиггүй болгон хувиргажээ.
“Хэрэв нефтийн үнэ унасаар байвал “Газпром”-ыг алдагдлаас аврах ямар нэг заалт гэрээнд тусгагдсан уу” гэсэн асуултад “Газпром”-ын төлөөлөгч ямар ч заалт байхгүй гэж хариулсан байна. Тиймээс хэрэв нефтийн үнэ энэ түвшиндээ байвал Хятадтай хийсэн гэрээ “Газпром”-ын хувьд алдагдал болох юм.
“Гэрээ байгуулж байх үед талууд мянган шоо.метр байгалийн хийн үнэ 350 ам.доллар болно гэж тооцоолж байсан бол нефтийн үнэ буурснаар 175 ам.доллар болно” гэж шинжээчид дүгнэжээ.
Хэдий хохиролтой ч ОХУ-ын Засгийн газар гэрээ ёсоор үүргээ биелүүлнэ гэж судлаачид үзэж байгаа юм. Харин алдагдалд орох “Газпром” компани улсаас тусламж авч магадгүй болоод байгаагаа мэдэгдээд байна. “Сибирийн хүч” байгалийн хийн хоолойг барих зардал 55 тэрбум ам.доллар болно гэж ‘Газпром”-оос мэдэгдэж байсан бөгөөд ирэх есдүгээр сараас барилгын ажил эхлэх юм. Тус компани 2015 оны эхний улиралд зургаан тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллаад байсан юм.
URL: