Японы нэрт эрдэмтэд эдийн засгийн хөгжлийн онолын лекц уншина

-27032014-1395904359-969566748-mongol_bankМонголбанкнаас эдийн засаг, эрх зүйн шинжлэх ухааны суурь судалгаа эрхлэн явуулдаг дэлхийн хэмжээний эрдэмтэн судлаачдыг урьж, Монгол улсын эдийн засаг, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зах зээлийн эдийн засаг, эрх зүйн тогтолцооны хөгжлийн хандлагын талаар лекц уншуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ удаад Япон Улсын алдарт Токиогийн их сургуулийн хууль зүйн профессор Шозо Ота  болон Киотогийн их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Макото Яно нар энэ сарын 28-ны баасан гарагт Монголбанкинд хүрэлцэн ирж, “Зах зээлийн чанар болон эдийн засгийн хөгжлийн харилцан хамаарал” сэдвээр лекц уншина.

Профессор Макото Яно Японы Эдийн засгийн ухааны холбооны ерөнхийлөгч, Киотогийн их сургуулийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, Япон эдийн засгийн тойм (Japanese Economic Review) сэтгүүлийн удирдах редакторын алба хашиж байсан, мөн АНУ-ын Корнел, Ратгерс, Японы Ёкохамагийн Үндэсний их сургууль, Кейо болон Киотогийн их сургуулиудад эдийн засгийн ухаанаар хичээл зааж ирсэн дэлхийд нэртэй эрдэмтэн юм.

Профессор Яно 1977 онд Токиогийн их сургуулийн эдийн засгийн факультетыг дүүргэж, 1981 онд АНУ-ын Рочестерийн их сургуульд докторын зэрэг хамгаалжээ.

Профессор Шозо Ота 1982 онд Токиогийн их сургуулийн хуулийн ангийг магистрын зэрэгтэй төгсөж, АНУ-ын Беркли дэх Калифорнийн их сургууль, Нью-Йорк дахь Колумбийн их сургуулиудад зочин судлаачаар ажилласнаас хойш Иргэний хэргийн процесс, Эрх зүй ба нийгмийн ухаан, Эрх зүй ба эдийн засгийн ухаан, Японы эрх зүй зэрэг сэдвээр Японы Нагоя, Кейо, София, Токиогийн их сургуулиуд, АНУ-ын Колумб, Мичиганы их сургуулийн хуулийн сургуулиудад багшилж иржээ. Профессор Ота нь улс орнуудын хууль, эрх зүйн тогтолцоог нийгмийн ухааны арга хэрэгсэл ашиглан судлан шинжлэх талаар Японд төдийгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон судлаач эрдэмтэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих