Шарилжан дундах нийслэлчүүд

-Өвөл хорт утаагаар, харин зун хорт ургамлаар амьсгална. Дэлхийд ийм хот байдаг болов уу даа-

Өнөөдөр нийслэл хотын дүр төрх ийм л байна. Ийм нөхцөлд амьдарч сууснаас нэг хэсэг нь хөдөө хээр талыг бараадаж, харин мөнгөтэй нь гадаадад нүүдлийн шувуу шиг амьдрах болжээ. Тэгвэл ямар ч хувилбарыг сонгох боломжгүй нь хорт утаа залгилж, хорт ургамлаар амьсгалснаар насныхаа тоог богино болгосоор.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн захирагчийн алба “Шарилж” устгах сэдэвт аяныг долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 22-ны хооронд зохион байгуулж байгаа юм байна. Энэ аяны хүрээнд шарилж зулгаах, устгах үйл ажиллагаа явагдсаар байгаа. Уг ажил өнгөрсөн онуудад мөн л явагдаж, оюутан залуусыг дайчлаад нэмэр болоогүй. Гэтэл өнөөдөр энэ ажил удаан үргэлжилж байгаагаас гадна үр дүн муутай байгаад нийслэлчүүд бухимдуу байна.

Судалгаанаас үзэхэд манай улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд шарилжны харшилтай хүмүүс 50 шахам хувиар нэмэгдсэн статистик үзүүлэлт гарчээ. Одоогийн байдлаар энэ өвчнөөр өвдөж эмчлүүлэгсдийн тоо 450.000-д хүрээд байгаа мэдээтэй. Намрын эхэн cap гарч, ургамлын тоос дэгдэх цагаар “Харшил хөдлөөд…” гэсээр амаа дарж, хамраа шуухитнуулах хүмүүс алхам тутамд таарах нь элбэгшиж байна. Манай улсын таван хүн тутмын нэг нь харшил өвчнөөр өвчилсөн байна гэж тооцоолвоос нийгмийн хамарсан өвчлөл гэж хэлж болмоор.

Хачирхалтай харшил нь хэзээ ч бүрэн төгс эмчлэгддэггүй өвчин гэдэг. Өнгөрсөн онд зохион байгуулсан амьсгалын замын өвчлөл, харшлын эмч мэргэжилтнүүд болон хотын холбогдох албаныхан хамтарсан сургалтын үеэр “Шарилжийг устгаж дийлэхгүй ээ. Хотын хаана, ямар хэмжээгээр ургасныг ч тогтоох аргагүй. Тиймээс хамгийн энгийн, хамгийн найдвартай арга бол бүх нийтийг вакцинжуулах. Ингэж чадвал харшлаар өвчлөгсдийн тоо багасна” гэж байсан удаатай.

Нэг үгээр хэлбэл, вакцин бол зүгээр л харшлаас хамгаалах “өндөр үнэтэй” бамбай. Заавал вакцинжуулахын тулд өч төчнөөн хөрөнгө зарлагдсанд орвол орчноо эрүүл байлгахаас эхлэх нь зүйтэй бус уу. Улаанбаатарт урин дулааны улиралд хамгийн элбэг, тэгэхдээ хэнд ч хэрэгцээгүй юм гэвэл гудамж талбай, айл өрхийн хашаа, цэцэрлэгт хүрээлэн гээд хаа сайгүй өндрөөс өндөр ногоорч ургасан шарилж. Харшил гээчийг бэлэглэгч нь тэр яах аргагүй мөнөөс мөн.

Бидний нэрлэж заншсанаар хогийн ургамал. Холоос харвал үнэхээр гоё ногоорсон талбай. Гэтэл ажлаас, гэрээс гармагц гудамжнаа шууд л шарилжны анхилуун “сүрчиг” сэнхийж орхино. Гудамжнаа хамраа дарсан, хий ханиалгасан нүд нь улайсан хүмүүс зөндөө зөрөн алхан. Тэд харшилд дарлуулан шуухитнаж яваа нь энэ.

Өнгөрсөн намар наймдугаар сард Хот тохижуулахаас шарилж түүх сайн дурын иргэдийг өдрийн таван мянган төгрөгөөр цалинжуулж ажиллуулсан, харин энэ жил хөлс нь нэмэгдэж 9000 төгрөг болсон байсан. Гэвч өнгөрсөн борооны араас цув нөмрөхтэй адил үр дүн муутай ажил хэрэг болж хувираад байна. Учир нь дээрх хогийн ургамлыг нялх үед устгасан нь илүү үр дүнтэй байдаг бөгөөд нэгэнт биежээд, үр тоосоо гөвөөд эхлэх цаг буюу долоо, наймдугаар сард устгаж, зулгаагаад ч нэмэр тус болох нь ховор гэдгийг холбогдох салбарын эмч мэргэжилтнүүд хэлж байна.

1990-ээд оны үед нийслэлийн нэг хүн амд 8-10 шоо метр цэцэрлэгжсэн талбай ногдож байсан бол өдгөө нэг хүнд 3.2 шоо метр талбай ногдож байгаа нь олон улсын жишиг стандартаас зургаа дахин бага аж. Харин мэргэжлийн байгууллагынхан “Хотын ногоон байгууламж тэртээ тэргүй хогийн ургамалд дарагдсан нь ойлгомжтой. Тэгээд ч энэ их хогийн ургамлыг цэвэрлэх хүн хүч хомс, бүгдийг нь зулгаах аргагүй зүгээр л хадаж аваад тэр газрыг нь цементлээд тэгшилсэн нь илүү амархан, гэх маягийн үгс цухалзуулж байсан удаатай. Тэглээ гээд цементээр өнгөлсөн зам талбай нь орчны бохирдол, тоосжилтыг бууруулах нь юу л бол.

Нөгөөтэйгүүр нийслэлийн хөрсийг эрүүлжүүлэхгүйгээр шарилжаас өөр ургамал ургах чадваргүй болтлоо доройтсон гэдгийг ч албаныхан нуухгүй байгаа. Тиймээс эхлээд хөрсөө эрүүлжүүлэх, дараа нь орчноо ногооруулах ажлыг шат дараатай зохион байгуулсан цагт л шарилж гээч хогийн ургамлаас хагацаж, харшил өвчний тархалт ч буурах магадлалтай.

Нөгөө талаас шарилж устгах ажилд бүх нийтээрээ хөдлөх хэрэгтэй байна. Албан байгууллага бүр 50 метрийн доторт, айл өрхүүд байрныхаа орчин тойрноо, хот тохижилтынхан зам дагуу, зуслан болон гэр хорооллынхон өөрсдийнхөө доторх, гаднах хашаагаа хэнээр ч хэлүүлэлгүй тогтмол цэвэрлээд заншвал энэ хогийн ургамал хэзээ нэгэн цагт устаж л таараа.

Энэ энгийн бөгөөд маш боломжийн аргыг хотын мээр анхааралдаа авч, төр төмөр нүүрээ үзүүлэх хэрэгтэй. Хог, ургамлаа цэвэрлэдэггүй албан газрын цахилгааныг таслах, харин цэвэрлэгээнд гардаггүй айл өрхүүдийн сарын байрны төлбөрт цэвэрлэгээний хөлс гэж нэмж авах аргыг хотын эрх мэдэлтнүүд хэрэглэх хэрэгтэй юм. Ингэсэн тохиолдолд хотоос шарилж зулгаах ажлын зардалд одоогоор таван сая гаруй төгрөг зарцуулахгүй л байх шүү.

ХОТЫН ДАРГА АА !!!

Б.Нарас


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих