Шинэ сайдуудын “ханш”
Найр наадмын цагтай зэрэгцэн Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдвэрийн гэх сүржин нэртэй, даржин төрхтэй хамтарсан Засгийн газраас МАН-ын 6 сайд “хөөх” шийдвэрийг АН-ын ҮЗХ гаргаж, үүнийг нь УИХ ёсчлон гүйцэтгэлээ.
Энэ бүхний цаана юу нуугдаж байна вэ?
Үнэхээр АН-ын дарга З.Энхболдын хэлээд байгаачлан МАН, АН-тай Засаг хамтран байгуулах гэрээгээ зөрчсөн хэрэг үү. Мэдээжийн хэрэг МАН-ын сайдуудад сул тал байсан уу гэвэл байсан. Тэдний зарим нь мөнхөд сайд дарга байх юм шиг “хамраа сөхөж”, ихэмсэг аашилж, хавь ойрныхоноо үл тоон, ах дүү амраг садандаа албан тушаал өгсөн явдал цөөн боловч байсан гэдгийг тэмдэглэх нь зүйн хэрэг. Гэлээ гэхдээ энэ асуудал МАН-ын сайдуудыг засгаас хөөх хэмжээний үр дагаварыг бий болгосон гэдэг нь юу л бол.
Тэднийг засгаас хөөх болсон шалтгаан арай өөр, эрс өвөрмөц. АН засаг барихдаа удаа дараа засгаа огцоруулдаг нь тэдний гэм биш зан. Ингэх болсны шалтгаан нь ч тун энгийн. Товчхондоо бол “3 дэх ээлжийнхэнийг хоолонд нь оруулж” байгаа хэрэг гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй л болов уу. Энэ ээлжийнхэний хувьд сонгуулийн өмнө сайд, дарга болох гэж байгаагаараа өмнөх хэдээсээ хэд хэдэн зүйлээр ялгаатай.
Аливаа улс төрийн намын даргын нэг үүрэг бол намаа сонгуульд бэлтгэх, улмаар ялуулах. Үүний тулд тухайн намд сонгуулиар зарцуулах мөнгө хэрэгтэй. Энэ мөнгийг улс төрийн намын дарга “босгох, олох” үүрэгтэй. Парламентэд суудалтай намуудад ч гэсэн энэ зарчим адилхан үйлчилнэ. Хэрэв энэ өнцгөөс харах юм бол АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт буруу өгөх хэцүү.
Өнөө маргаашдаа багтаж Засгийн газрын 6 сайдын асуудлыг парламентаар хэлэлцэх ёстой ч МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл” завсарлага авснаас хамаарч сайдуудын асуудал түр хүлээгдэд байна. МАН-аас “авсан” 6 сайдын 2-ыг МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл”-д, 1-ийг нь ИЗНН-д, 3-ыг нь АН өөрөө авна гэсэн хувиарлалт яригдаж байгаа.
МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл” ганцхан шаардлагыг АН-ынханд тулгаж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой. Мэдээж энэ бол Өршөөлийн хуулийг батлуулах, тэр дундаа Н.Энхбаярыг дахин хууль шүүхийнхэн “оролдохгүй байх” асуудлыг АН-ынханаас баталгаа гаргуулан шийдвэрлүүлэх явдал. МАХН-ын дарга Н.Энхбаяр ч гэсэн хилийн чанадаас ийм л тулган шаардалтыг өөрийн намын Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Оюунбаатар, О.Баасанхүү, Л.Цог, З.Баянсэлэнгэ нарын гишүүдээрээ дамжуулан “шахаж” байгаа. Хэрвээ МАХН засгаас гарахдаа тулвал АН дангаараа засаг байгуулж чадахгүйдээ болж, үндсэндээ Засгийн газар бүхэлдээ огцорох, улмаар төрийн хямрал жинхэнэ утгаараа буй болно. Үүнийг аль эртнээс “тооцоолсон” Н.Энхбаяр одоо л хөдөлж эхэлнэ.Тэрээр энэ бүхнийг далимдуулан өөрийгөө хуулийн дагуу өршөөлд хамруулж, АН төр барьж байгаа үедээ дахин элдэв хэргээр хууль шүүхийн хаалга татуулахгүй байлгах баталгааг гаргуулж авна. Үүний дараа засаг хамтран байгуулахад оролцох эсэх асуудыг ярина.
Харин АН-ын хувьд өөрт нэмж оногдсон гурван яамны сайд болон дэд сайдаар дамжуулж мөнгө босгохыг илүүд үзэж байгаа бололтой. Үүнийг батлах мэт Зам тээврийн сайдад дээд боловсрол эзэмшээгүй ч бэл бэнчингээрээ УИХ-ын гишүүд дотроо толгой цохидог, Ажнай шаргын эзэн гэдгээрээ олны танил Б.Наранхүү гишүүн нэр нь яригдаад эхлэлээ. Албан бус яриагаар Б.Наранхүү гишүүн сайд болохын тулд АН-даа нэг тэрбум төгрөг хандивлаад, өөрийн намын УИХ-ын залуу гишүүдээр өөрийнхөө нэрийг дэмжүүлэхдээ тэдний халаасанд тус бүр 10-50 сая төгрөг “шургуулсан байж болзошгүй” гэсэн хардлага байна. Тэр бүү хэл МАН-ын зарим гишүүдийг өөрийгөө дэмжүүлэхийн тулд “энэ мэтээр гарыг нь хүндэрүүлсэн” байх болох талтай юм билээ.
Дээр нь сайдын ханш АН дотроо 500 саяас 1 тэрбум хүрч байгаа бол дэд сайдын ханш 300-500 сая хүрсэн ч гэх яриа гарах юм. Ингэхлээр Б.Наранхүү гишүүн Зам тээврийн сайд болохын тулд 2 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан болж таарах гээд байна. Хэрэв энэ үнэн бол иргэдийн зүгээс үзүүлж буй ямарваа шүүмжлэл, эсэргүүцлийг үл хайхран Б.Наранхүү гишүүнийг УИХ-аас ногоон гэрлээр дэмжин сайд болгох биз. Мөн ийм хэмжээний мөнгийг намдаа гаргаж чадах хүмүүсийн нэг Фортуна Н.Батбаяр тул түүнийг сайд болговол нэг их гайхаад байх хэрэг биш бололтой. Ямартай ч хамтдаа харж л сууя.
Үнэн худал нь мэдэгдэхгүй энэ яриатай зэрэгцэн МАХН-аас сайдын суудалд “горилогч” нар намын даргадаа 500 сая төгрөг өгөх ёстой болж байгаа сурагтай. МАХН-ын зарим гишүүд энэ мөнгийг нь өгч чадахгүй тул сайдаас нэрээ татая гэж байгаа тухай яриа саарал ордноос дуулдаж байна.
Энэ мэтчилэн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын 6 сайд болон тэд сайдуудын “ханш” өмнө байгаагүйгээр “өндөр өсөж” сайд болохоор санаархавч түрийвч нимгэн улс төрчдийн арааны шүлсийг асгаруулаад өнгөрч байгаа юмдаг уу даа.
А.Гал
URL: