Маргаашийн ирээдүйн төлөө Арын сайхан хангайн эмэгтэйчүүд чууллаа
МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны V бага зөвөлгөөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай аймагт амжилттай болж өндөрлөлөө. Тус зөвлөгөөнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, НАМЗХ-ны Ерөнхийлөгч, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн дэд сайд асан, НАМЭХ-ны Архангай хариуцсан УЗ-ийн гишүүн Ж. Цолмон, Архангай аймгийн МАН-ын дарга Ц.Мөнхнасан тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Өчигдрийн түүхээс өнөөдрийн үргэлжлэл, маргаашийн ирээдүйн төлөө “Эмэгтэйчүүд бид хамтдаа” аянг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нээж үг хэлсэн юм. Тэрбээр
“ Хүмүүн төрөлхтний дотроос
Хүнд ирэхээр дарлагдсан
Хөөрхий бидний бүсгүйчүүд
Хөгжлийнхөө замдаа оров оо хө гэж дуулж бүжиглэдэг болсноос хойш 94 жил болсон байна. 94 жилийн турш боловсрол, жендер, эмэгтэйчүүдийн эрх зэрэг хөгжлийн бүхий л асуудлыг МАН бодлогоороо хэрэгжүүлж тодорхойлж ирсэн түүхтэй. Эрэгтэй хүн, эр цэрэг хил дээр буу барьж, дайн тулаанд оролцож эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалдаг бол эмэгтэйчүүд ариун сав, алтан хэвлийдээ Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хадгалж, хамгаалж, тээж явдаг гэж би боддог. Тиймээс эрхэмсэг гоо бүсгүйчүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж, аз жаргалын дээдийг хүсье. МАН өнгөрсөн хавраас эхэлж орон даяар “Бид хамтдаа” аянг өрнүүлсэн. “Залуус бид хамтдаа”, “Эмэгтэйчүүд бид хамтдаа” “Ахмадууд бид хамтдаа”, “Оюутнууд бид хамтдаа” аянг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж байна. Манай аймагт өнгөрсөн долоо хоногт 1000 залуусын чуулга уулзалт амжилттай боллоо. Хүн амын болон хөдөлмөр эрхлэлтийн 50 гаруй хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт юу тусгах, улс төрийн намын бодлого эмэгтэйчүүд рүү чиглэсэн ямар ажил хийж байгаа зэрэг олон сэдвийн хүрээнд санал бодлоо солилцож байна. Та бүхний ажилд амжилт хүсье” гэв. Хоёр өдрийн турш урд Тамирын голын эрэгт 240 гаруй төлөөлөгч чуулж, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ. Түүнчлэн аймаг, сумын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ажилсаг дайчин эмэгтэйчүүдэд НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа баяр хүргэж, шагнал гардуулсан юм. Энэ үеэр түүнээс V зөвлөгөөнд цаг үеийнхээ нөхцөл байдлыг дагаад ямар сэдвээр голчилж илтгэл тавьж байгааг тодруулахад “МАН-ын дэргэдэх НАМЭХ өөрөө улстөрийн шинжтэй байгууллага. Тийм учраас Архангай аймгийн НАМЭХ-ны V зөвлөгөөнөөр 2016 оны бүх шатны сонгуульд манлайллын төвшинд эмэгтэйчүүдээ бэлтгэх зорилготой. Мөн аймгийнхаа хөгжлийн асуудлыг хэлэлцэхэд хэрхэн оролцох, орон нутгийн иргэдийн хурлын сонгуульд ямар үүрэгтэй ажиллах, нэр дэвших эмэгтэйчүүдийг яаж бэлтгэх вэ зэрэгт анхаарал хандуулж, хамтран ажиллана” гэв. “Эмэгтэйчүүд бид хамтдаа” V зөвлөгөөнд Эрүүл мэндийн дэд сайд асан, НАМЭХ-ны Архангай хариуцсан УЗ-ийн гишүүн Ж.Цолмон 2007-2012 онд ард түмний эрүүл мэндийн төлөө хийж хэрэгжүүлсэн ажлын ололт амжилтыг тайлагнасан юм.
Архангай аймагт АН засаг барьж эхэлснээс хойш ажилгүй иргэдийн тоо огцом нэмэгдэж, улмаар ядуурал газар авсныг зөвлөгөөнд оролцож буй эмэгтэйчүүд онцолж байсан юм. Энэ үеэр тус аймгийн НАМЭХ-ын дарга Б.Амгалангаас цөөн асуултад хариулт авлаа.
-Архангай аймгийн НАМЭХ хэчнээн гишүүн дэмжигчтэй вэ?
-Манай аймгийн эмэгтэйчүүдийн холбоо 2000 оноос хойш үйл ажиллагаа явуулсан. Өнгөрсөн сард НАМЭХ-ны салбар ээлжит чуулганаа хийж, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчиллээ. Манай холбоо бүх суманд салбар зөвлөлтэй. 2500 гаруй гишүүн дэмжигчтэй. Эмэгтэйчүүдийн зөвлөгөөнд бүх сумын эмэгтэйчүүдийг хамруулж байна. Зөвлөгөөнөөр эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдэх гарцыг тодорхойлох зорилготой байна.
-Эмэгтэйчүүдийн холбооноос амьдралын чанарын судалгаа хийсэн. Архангай аймгийн хувьд ямар асуудал зонхилж байна вэ?
-Чанарын судалгаатай бид түүвэр маягаар танилцсан. Малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлэх, өрх толгойлсон бүсгүйчүүдийг хэрхэн ажилтай орлоготой болгох вэ зэрэг асуудал зонхилж орж ирсэн байгаа. Мөн хүүхдээ хоёр нас хүртэл харж буй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлдөг байгаасай гэх хүсэлт их ирсэн. Хөгжилтэй орнуудад тухайн эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс нь төлдөг юм байна лээ. Хүүхдээ эрүүл саруул өсгөснийх нь төлөө тэгж урамшуулдаг юм байна.
-Ажилгүй өрх толгойлсон эмэгтэй олон байдаг гэлээ. Үүнийг шийдвэрлэх талаас ямар ажлыг хийж байна?
-Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар хууль, дүрэм, журамд заасан байдаг ч дорвитой ажил хийсэн зүйл харагдахгүй байгаа. Өрх толгойлсон эмэгтэйчүүд нэлээд их байгаа. Ажил хийе гэхээр ажлын байр олддоггүй. Зээл аваад хувиараа жижиг дунд үйлдвэрлэл, бизнес хийх гэхээр барьцаа хөрөнгө шаарлагатай болдог. Банкны барьцаа хөрөнгө битгий хэл хоногийн хоолгүй хонодог өрх зөндөө бий. Тиймээс бид НАМЭХ-ны удирдлагуудад эмэгтэйчүүдийнхээ төлөө хийж, хэрэгжүүлэх ажлын талаар саналаа илэрхийлж, шийдвэрлэх талаас нь ярилцаж байна.
Хоёр хоногийн турш үргэлжилсэн тус чуулганд алс холоос зорин ирж оролцсон эрхмүүдэд Архангайн бүсгүйчүүд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, аян замын өлзийтэй сайхан ерөөлөөр үдсэн юм.
С.ИЧИНХОРЛОО
URL: