Эдийн засаг хямраагүй!!!
Эдийн засаг хямрлаа гэж амтай болгон ярьдаг болж. Уншигч та эдийн засаг хямарсан гэж бодож байна уу. Үгүй, эдийн засаг хямраагүй. Яагаад гэвэл эдийн засаг хямарч, иргэдийн амьдрал тартагтаа тулсан гэдгийг дарга нар хүлээн зөвшөөрөхгүй байна. Улс орныхоо төлөө зарцуулах ёстой төсөв хөрөнгөө найр наадам, зугаа цэнгэлд зарцуулж байна. Улс орныхоо төр засгийг хүссэн үедээ “нурааж” тоглож байна. Энэ бол эдийн засаг нь ангалын ирмэг дээр тулсан улс орны төрийн түшээдийн хийдэг үйлдэл хэрхэвч биш. Харин байгаагаа үрж ядсан арабын баячуудын хийдэг үйлдэл. Эрх мэдлийн төлөө үхэн хатан тэмцдэг хөрөнгөтнүүдийн хийх үйлдэл.
Н.Алтанхуягаар толгойлуулсан Шинэчлэлийн гэх Засгийн газар гурав хүрэхгүй жилийн дотор тавьсан өр нь өмнөх 20 жилд байгаагүй хэмжээнд хүрсэн. 14хувийн өсөлттэй байсан эдийн засгийн үзүүлэлт өнөөдөр долоо болтолоо доош уналаа. Чингис Самурай нэртэй өрийн бичиг үйлдэж улс орноо ломбарданд тавьж орхилоо. Тэгвэл өнгөрсөн намар уг үйлдэлд нь хариуцлага хүлээлгэж Шинэчлэлийн засгийг унагаж оронд Ч.Сайханбилэгээр тэргүүлүүлсэн Шийдлийн гэх засгийн газрыг байгуулсан юм. Шинэ Ерөнхий сайд гарч ирсэн даруйдаа нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг гэсэн сүржин уриа дэвшүүлж эдийн засаг хямарсан гэдгийг хүлээн зөвшөөрье гэж олон нийтэд уриалсан. Энгээд л эдийн засаг гүн хямралтай байгаа гэсэн төсөөлөл бидний оюун санаанд гүн бат шингэж орхив.
Гэвч өнөөдөр байдлыг харахад эдийн засаг огтхон ч хямраагүй бололтой. Засаг төр нь тогтворгүй болж, өдөр шөнөгүй эдийн засгийн төлөө зүтгэхээр ам тангараг өгөн байж байгуулсан хамтран ажиллах гэрээгээ АН-ынхан дангаараа цуцалж төрөө бусниулчихлаа. Сайд нар огцрсон. Шинээр томилогдох сайдууд өмнөх сайдын хүмүүсийг цомхтгож өөрийн хүмүүсээ тавьдаг сонин зарим хэрэгжиж л таараа. Энэ хэрээр төрийн албан хаагчид ажилгүй болно. Бас л хэдэн зуун хүмүүс ажил амьдралгүй болж ажилгүйдлийн тэтгэмж гэхчилэн баахан мөнгө урсана. Шинэ сайдуудыг их хурлын танхимаасаа тодруул гэсэн даалгаварыг АН-ын бүлэг гаргасан. Хэрвээ зургаан сайд их хурлаас тодорвол гурван жилийн хугацаанд УИХ-ын 30 гишүүн сайд хийж үзнэ гэсэн үг. Цаашид юу ч болж магадгүй. Ч.Сайханбилэгийн Засгийн газар оны өмнөхөн танхимаараа “ойчиж” болох ч талтай. Засаг төр нь ийм тогтворгүй байхад эдийн засгийн сайжирах тухай бодоод ч хэрэггүй. Эдийн засаг хямраагүй гэж хэлэх болсон дараагийн нэг шалтгаан гэвэл дуусашгүй их найр наадам.
Сая л гэхэд даншиг наадам хийж маш их хэмжээний мөнгө үрэн таран хийлээ. Тодруулбал, даншигт зориулж 560 сая төгрөг зарцуулна гэсэн төсөв баталсан. Даншигт уралдсан хурдан морь, түрүү бөх, сурын харвааны шилдэгүүдэд төрийн наадамтай ижил бай шагнал өгсөн. Хотын дарга хэлэхдээ энэ зардлаа 1 сая жуулчин Улаанбаатарт авч ирж нөхнө гэсэн. Саяын даншигт нэг сая байтугай 1000 жуулчин л ирсэн бол их юм. Ингээ л төсвийн мөнгө харамсалтайгаар найр наадам, зугаа цэнгэлд урсах нь тэр.
Үүгээр ч зогсохгүй 70 сая төгрөгийн усан хөшиг хэмээн хүүхдийн тоглоомыг энэ зун барьлаа. Наадмын дараа тууз хайчлан сүртэй нээлт хийсэн Арслантай гүүрийн усан хөшиг иргэдийн шүүмжлэлийг хангалттай амссан. Өмнөд Солонгосын Вапро гүүрийн усан хөшигийг дуурайсан ч харамсалтай нь дөхүүлж ч чадаагүй. Бас л татвар төлөгч бидний хуруу хумсаа хугалан байж цуглуулсан татварын мөнгийг Хотын дарга тэргүүтэй дарга нар үр ашиггүй зарцуулчихлаа.
Одоо дарга нар АСЕМ хэмээх дэлхийн хэмжээн уулзалтад зориулж асар их хэмжээний зардал зарцуулах гэж байна. Зөвхөн зочид хүлээн авах буудлын төсөвт зориулж 197 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан. Үүн дээр нэмэгдээд нэг бүр нь 300 000 еврогийн үнэтэй бенз маркын машин 50 ширхэгийг худалдаж авч 15 сая еврог Герман улсад төлжэээ. АСЕМ бол дэлхийн хэмжээний уулзалт. Спортоор бол “Улс төрийн олимп” л гэсэн үг. Гэхдээ асуудалд хоёр талтай хандаж улс орныхоо нөхцөл байдлыг бодох хэрэгтэй. Баян царайлаад баахан зээл тавиад АСЕМ зохион байгуулдаг. Дараа нь улс орны данс улайж жинхэнээсээ элгээрээ хэвтэх вий дээ.
Г.Ган
URL: