Завхан аймагт бэлгийн замын өвчнөөр халдварлах нь ихэсчээ
Завхан аймгийн хэмжээнд жилээс жилд бэлгийн замын өвчлөл нэмэгдэж байгаа учраас иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж хэвших шаардлагатай байгааг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
ДОХ-БЗХӨ-ний талаар иргэдэд зөвлөгөө өгч, сайн дурын шинжилгээ авах Энэрэл төв Улиастай хотод байгуулагдаад 7 жил болж байна. Анх байгуулагдахад иргэд сайн дураараа ирэх нь тун ховор байсан бол сүүлийн үед энэ төвд хандах иргэдийн тоо эрс ихэсчээ. БЗХӨ-нийг эрт оношлох, нөхөн үржихүйн насны иргэдэд зөв мэдээлэл мэдлэг олгож, эрүүл ирээдүйг бий болгоход анхааран ажилладаг тус төвд зөвлөх, их эмч, бага эмч гэсэн гурван хүн л ажилладаг. Энэ төвд жилд дунджаар 5-7 мянган иргэн хандаж байгаагийн дийлэнх нь 18-35 насны залуучууд байна. Ялангуяа заг хүйтэн, мөөгөнцөр өвчин Завханд их байгаа ажээ.
URL: