Ч.Улаан: Татварын өршөөлийн хуулийг ойр ойрхон гаргадаггүй

8-11-1_700x700Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Энэ төрлийн хууль 2007 онд батлагдаж байсан удаатай. Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодрууллаа.

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталснаар далд эдийн засгийг ил болгох боломж бүрдэнэ гэж тайлбарлаж байгаа. Хуулийн талаар та юу  хэлэх бол?

-Анх Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь далд эдийн засгийг ил болгох зорилготой байсан.

Харин батлагдсан хуулийн маань үндсэн зорилго бол өршөөл үзүүлэх болж хувирлаа гэж дүгнэж байна. Ер нь эдийн засгаа ил болгохын тулд тодорхой хэмжээний хөнгөлөлт, дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, орлогоо нууж, татвараас зайлсхийсэн үйлдэлд нь ял хэлэлцэхгүй байх нь том дэмжлэг, өршөөл болдог. Дээрээс нь татвараа төлөөгүйгээс үүссэн алданги, торгуулиас чөлөөлөх нь эдийн засгийн томоохон дэмжлэг юм. Цаана нь эдийн засгийнх нь агуулгаар аваад үзвэл үндсэн татвараа тодорхой хувь зааж, үе шаттайгаар төлж барагдуулах нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн ашиг сонирхол зөв хослох ийм хувилбараар дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хэрэгждэг. Гэвч манайд хавтгайруулж, бүгдийг нь өршөөдөг. Энэ нь хүнд хэлэхэд сайхан сонсогдох боловч цаанаа эдийн засгийн сөрөг үр дагавар дагуулах вий гэж хувьдаа болгоомжилж байна.

-Тухайлбал болгоомжлох ямар асуудлууд байна вэ?

-Татвараа хуулийн дагуу төлж байсан, татварын хуулиас зайлсхийж  байгаагүй шударгаар явж ирсэн хүмүүсийн урмыг хугалсан алхам боллоо. Энэ нь эргээд ойр ойрхон Өршөөлийн хуулийг хүлээх сөрөг хандлагыг бий болгох вий гэж болгоомжилж байна. Өршөөлийн хуулийг ойр ойрхон гаргадаггүй. Тэр тусмаа 2007 онд батлагдсан хуулийн үр дүнд өнөөдөр би эргэлзээтэй байдаг хүн. Энэ талаар нэг жишээ хэлж болно. Хууль батлагдахын өмнө, батлагдсаны дараа жилийг харьцуулаад үзэхэд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээ буурсан дүн гарсан байдаг. Тиймээс үүнийг нухацтай авч үзэж, анхааралтай хандах асуудал байсан. Харамсалтай нь дэндүү яарч, магадгүй тодорхой зорилгод хөтлөгдсөнөөс ийм хууль гарав уу гэж хувьдаа сэтгэл дундуур байна.

-Өмнөх хуульд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийг энэ удаад хамруулахгүй байх зохицуулалтууд орж чадсан уу. Мөн энэ хуульд хамрагдсан аж ахуйн нэгжийг ил зарлаагүй. Энэ талаарх мэдээллийг ил болгох боломжтой юу?

-Ер нь юм ил тод байх нь зөв. Хэдийгээр ил задлахгүй байгаа боловч нийгэмд нууц зүйл байдаггүй. Аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлддөг аж ахуйн нэгжүүд бие биеэ мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, хэн нь татвараа төлсөн, төлөөгүй гэдгийг сайн мэддэг. Уг нь үүнийг нууцлаад байх шаардлагагүй. Ил тод байх нь илүү сургамжтай байна гэж хувьдаа бодож байсан. Харамсалтай нь хуульдаа нууц байна гээд баталчихлаа.

-Хуульд төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой буюу хөрөнгө оруулгын мэдүүлэгтэй холбоотой бүх заалтууд хасагдсан гэсэн. Энэ нь магадгүй уг хуулийг илүү чангаруулсан байж болзошгүй гэж цөөнгүй хүн хэлж байгаа?

-Чангараад байгаа зүйл байхгүй. Өмнө нь бүрдүүлсэн хөрөнгө оруулгын мэдүүлгээ шинэчилж мөрдөхийг нь зөвшөөрсөн л заалт байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих