Цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөл, гомдлынхоо мэдээллийг гар утаснаасаа авдаг боллоо

Иргэд цагдаагийн байгууллагад өгсөн гомдол, мэдээллээ хэн гэдэг хүн шалгаж байгаа болон, хэрхэн шийдвэрлэгдэж байгаа зэргийг хянах боломжтой болсон байна. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтэн цагдаагийн дэслэгч М.Зоригтбаатараас тодрууллаа.
olloo_mn_1439255848_call-Иргэд цагдаагийн байгуул­лагад өгсөн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгааг мэдэхийн тул цагдаагийн байгууллага дээр өөрийн биеэр очих шаардлаггүй болсон гэсэн?

-Цагдаагийн байгууллага иргэдээс өргөдөл гомдол авахдаа байгууллага дээрээ цаасаар хүлээн авдаг байсан. Өөрөөр хэлбэл, иргэд ямар нэгэн өргөдөл, гомдол өгөх бол цагдаагийн байгууллагын жижүүрт нь эсвэл мэдээлэл судалгааны байцаагчид өгчихдөг. Тэгээд маргааш нь эсвэл нөгөөдөр нь дахин цагдаагийн байгууллага дээр ирж өргөдөл, гомдлыг нь хэн гэдэг алба хаагч шалгаж байгаа зэрэг мэдээллийг авдаг. Шийдвэрлэгдсэн мэдээлэл биш зөвхөн өргөдөл, гомдол нь шалгагдаж байгаа эсэхийг мэдэх гэж л явдал чирэгдэл болдог байсан.

Тиймээс энэхүү үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлж, иргэдийг чирэгдэлгүй болгох ажлын хүрээнд цахим өргөдөл, гомдлын нэгдсэн системийг бий болгосон. Одоо иргэд өргөдөл, гомдлыг шалгаж байгаа үр дүнгийн явц, шийдвэрлэлтийг мэдээллийг бүх байдлаар түргэн шуурхай авдаг болсон. Энэ хүрээнд олон ажил хийгдэж байна.

-Цахим өргөдөл, гомдлын нэгдсэн системийн талаар тодруулаач?

-Улаанбаатар хотын цагдаа­гийн газраас 2014 оны долдугаар сараас иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээллийг цахим хэлбэрээр авах зорилгоор “Ухаалаг цагдаа” гэсэн цахим өргөдөл, гомдлын нэгдсэн системийг ажиллагаанд оруулсан. Энэхүү системийн давуу тал нь цагдаагийн байгууллагад цахим хэлбэрээр өгсөн гэмт хэрэг зөрчлийн талаархи гомдол, мэдээллээ хянах боломжтой болсон. Өмнө нь зөвхөн цахимаар мэдээлэл өгсөн иргэд хянах боломжтой байсан. Харин энэхүү системээ өргөжүүлээд үйлчилгээгээ бүр ойртуулсан.

Тодруулбал, иргэдээс ирсэн цахимаар болон өөрийн биеэр, 102 тусгай дугаарын утсаар өгсөн гомдол мэдээлэл  бүрийн шийдвэрлэлтийн явц, үр дүнгийн талаар мэдэж болно. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлдэг зөвшөөрлийн системийн үйл ажиллагаанууд болох жолооны үнэмлэхний, архивын, ял шийтгэлийн лавлагаа, галт зэвсэг, тамга тэмдэг гээд бүрдүүлэх материалын лавлагаануудыг иргэдэд цахим хэлбэрээр хүргэж байна.

-Цахим хуудсанд хан­даж өргөдөл гомдлын мэдээллийг хэрхэн авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Иргэд эдгээр үйлчилгээг www.service.police.gov.mn ца­хим хуудаснаас хүлээн авах боломжтой болсон.Цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлдэг зөвшөөрлийн үйл ажиллагааг ийнхүү цахим хэлбэрээр хүлээн авахаас гадна цагдаагийн байгууллага газар хэлтсээ сонгоод цахимаар гэмт хэрэг зөрчлийн талаар өргөдөл, гомдлыг өгөх боломжтой. Өргөдөл, гомдол цахимаар өгсөн бол автоматаар дугаар өгнө. 

Харин хэргийн газар дээр очиж ажилласан цагдаагийн алба хаагч дуудлага өгсөн иргэн бүрт дуудлага мэдээллийн хуудас өгч байгаа. Тухайн хуудсанд иргэдийн өргөдөл, мэдээллийг хүлээн авсан цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчийн талаарх мэдээлэл, 12 оронтой бүртгэлийн дугаартай байна. Тиймээс иргэд тухайн дугаараар цахим хуудсанд хандахдаа дугаар, регистрын дугаараа хийгээд цахимаар, амаар, бичгээр, утсаар өгсөн өргөдөл, гомдол нь хаана, хэн гэдэг алба хаагч шалгагдаж байгаа, шийдвэрлэлт, үр дүн нь ямар байгаа зэрэг мэдээллийг авна.

-Утсаар өгсөн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл авахын тулд бүртгэлийн дугаараа яаж авах юм бэ?

-Улаанбаатар хотын цагдаа­гийн газраас энэ оны тавдугаар сараас үүрэн телефоны операторууд болох дөрвөн компанитай хамтран ажиллаж эхэлсэн. Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авсан, шалгасан, тасалбар хуудсаар өгдөг бүртгэлийн дугаарыг SMS-MT буюу мессежээр мэдээлэл өгөх үйлчилгээгээр дамжуулан өгч байгаа. 

Тиймээс иргэд ямар ч хэлбэрээр өргөдөл, гомдлын шийдвэрлэлийн мэдээллийг авч болно. Дашрамд дуулгахад, иргэддээ үйл ажиллагаагаа ойртуулах үүднээс энэ сарын 01-нээс эхлэн www.service.police.gov.mn цахим хуудсанаас авах үйлчилгээг гар утаснаасаа авах боломжийг бүрдүүлэх үүднээс “police” аппликейшнийг гаргасан. Тиймээс тухайн аппликейшнийг гар утсандаа суулгаснаар цахим хэлбэрээр өргөдөл, гомдол өгөх, гаргах боломжтой болсон.

Монголын мэдээ
Ж.Отгонмягмар

URL:

Сэтгэгдэл бичих