Таргалалтын 80 хувь нь хоолтой холбоотой тул сэргийлэх боломжтой

Монгол Улсын хүн амын 31,8 хувь нь илүүдэл жинтэй бөгөөд энэ нь ихэвчлэн хот, суурин газрын амьдралын хэв маяг болон хөдөлмөрийн хэв шинжтэй хамааралтай байдаг талаарх судалгааны дүнг 2010 онд гаргаж байжээ.

-10082015-1439173773-1488550426-targalalt

Харин өнгөрсөн жил Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс явуулсан малчдын эрүүл мэндийн талаарх судалгааны дүнгээр хоёр малчин тутмын нэг нь таргалалттай байгааг мэдээлсэн.

Хүн төрөлхтний чимээгүй тахал хэмээн нэрлэдэг, сүүлийн үед мэргэжилтнүүдийн санааг ихээр зовоож байгаа асуудал болох таргалалт манай улсын хувьд чухал асуудал болоод байна.

Таргалалт гэж …

Бодисын солилцооны удаашралтай холбоотойгоор арьсан доорхи өөхлөг болон бусад эдэд илүүдэл хэмжээгээр өөх хуримтлагдаж, биеийн жин нэмэгдэхийг таргалалт гэнэ. Хүн өөрийн ажлын ачаалалд тохирсон илчлэгийн хэмжээнээсээ илүү хоол хэрэглэснээс үндсэндээ таргалалт үүсдэг.

Тодорхой шалтгаангүйгээр хэт таргалах нь хүний биеийн үйл ажиллагааны нэгдлийг алдагдуулснаас үүссэн өвчин гэж үзэх болсон байна. Учир нь хүний хоногт хоол тэжээлээр олж авсан илчлэг нь мөн тэр хугацаанд амьдрал, ажил хөдөлмөртөө зарцуулсан илч энергитэй яг тэнцдэггүй юм гэхэд ойролцоо байх ёстой. Гэтэл илч энерги ихтэй хоол идэж, түүнийгээ тэр хэмжээгээр нь зарцуулаагүйгээс, өөрөөр хэлбэл хөдөлгөөн багадсанаас илүүдсэн илчлэг бүхий нүүрс ус өөх тос болж, арьсан дор хуримтлагдан, хүн таргалж эхэлдэг байна.

Таргалалт үүсэх шалтгаан:

  • Илүүдэл хоол тэжээл
  • Хөдөлгөөний хомсдол
  • Гадаад орчны нөлөөлөл. Үүнд алхах, зугаалах зам талбай хомсдох, порц ихтэй хоол идэх, хоолны зар сурталчилгаа ихсэх зэрэг орно.
  • Удмын таргалалт
  • Зарим өвчний үеийн гормоны өөрчлөлт
  • Зарим нэг эмийн хэрэглээ
  • Жирэмслэлт
  • Нойрны дутагдал
  • Сэтгэл санааны гутралаас болж зарим хүмүүс хэт их иддэг.
  • Тамхидалтын үед биеийн илчлэг шатаах явц удааширдаг.
  • Нас хөгшрөлт нь булчингийн сулралыг үүсгэдэг тул таргалалт үүсэх нөхцөл бүрдүүлдэг

Таргалалтаас үүсэх өвчин эмгэг:

  • Чихрийн шижин
  • Зүрх судасны өвчин, түүний дотор зүрхний шигдээс
  • Судас хатуурах өвчин
  • Даралт ихдэх өвчин
  • Цус харвалт
  • Хорт хавдар

Эдгээр өвчний эмчилгээний зардал маш өндөр байдаг бөгөөд өвдсөний дараа хөдөлмөрийн чадвар алдагдах магадлал ихтэй байдаг учраас таргалалт нь хамгийн их хор уршигтай өвчинд тооцогддог.

Жишээлбэл зүрхний судасны хатууралтай холбоотойгоор зүрх судасны дутагдал, зүрхний шигдээс өвчин үүсдэгээс үүдэлтэй судас тэлэх мэс ажилбар нь хамгийн багаар бодоход 35000 долларын үнэтэй байдаг. Харин та энэ эрсдэлээс өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой гэдгийг санаарай.

Таргалалтаас урьдчилан сэргийлэхийн тулд

1. Хоолны дэглэм баримтал-Таргалалтын 80 хувь нь хоолтой холбоотой

  • Тогтмол цагт хоолло. Өдөрт 5-6 удаа бага багаар хоолло.
  • Нэг дор их хэмжээгээр идэхгүй бай. Үүний тулд өөрийн гэсэн хэмжүүрийн аягатай байх хэрэгтэй.
  • Унтахаас өмнө хоёр цагийн дотор юм идэхгүй байх ёстой.
  • Амьтны гаралтай өөх тосны хэмжээг багасга.
  • Чихэрлэг хоол хүнснээс зайлсхий.
  • Эслэг ихтэй хүнс хар талх, алим, өргөст хэмх, загас, тахианы мах, хүнсний ногоон ургамал, байцаа зэргийг илүү хэрэглэ.
  • Давс ихтэй хоолноос татгалз.
  • Шарсан, хуурсан хоолноос татгалз.
  • Аль болох олон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэ.
  • Хоол идсэний дараа ногоон цайны халуун ханд хэрэглэх нь маш сайн байдаг.

2.  Идэвхтэй хөдөлгөөнтэй бай-Хоногт 10000 алхам явган яваарай.

  • Биеийн тамираар хичээллэ.
  • Хамгийн багаар бодоход өдөрт 30 минут дасгал хөдөлгөөн хий.
  • Өдөрт 2-3 км явган явж бай.
  • Долоо хоногт гурваас доошгүй удаа дугуйгаар явах, усанд сэлэх, цанаар гулгах, гар бөмбөг тоглох гэх мэт идэвхтэй хөдөлгөөн хийж байх хэрэгтэй.
  • Машинаа орхиод, ажилдаа оч.
  • Гэрийн ойр зах, хүнсний дэлгүүр рүү явган яв.
  • Олон дахин явахын тулд хүнсээ бага багаар даах хэмжээгээрээ ав.
  • Цахилгаан шат бүү ашигла.
  • Өглөөний дасгал тогтмол хийж бай.
  • Оройд хэвлийн булчин хөгжүүлэх дасгал хий.
  • Орой унтахын өмнө 1-2 цаг салхинд алх.
  • Ажил дээрээ 30-40 минут тутам босч,  өрөөн дотуураа яв.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн


URL:

Сэтгэгдэл бичих