“Даншиг наадам-Хүрээ цам-2015” шашин, соёлын наадам болж өндөрлөлөө

143916223255c7df78a5236Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн  Монголын Бурхан шашны сүм хийдүүд, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хүй долоон худаг”-т  энэ сарын 8, 9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.

“Даншиг наадам-Хүрээ цам-2015” наадам нь энэ сарын 8-ны өдөр Чингисийн талбайд 06:00-08:00 цагийн хооронд 600 гаруй лам нийслэлийн иргэд, сүсэгтэн олонд зориулж ном хурах ёслолоор эхэлсэн бөгөөд хоёр өдрийн турш “Хүй долоон худаг”-т Соёмбот туг залах ёслол, Мандал өргөх ёслол, Очирваанийн шүтээний тахилга, Өндөр гэгээний дүрийг залах ёслол, Цам харайх, Маани татах, Хүчит бөхийн барилдаан, Хурдан морины уралдаан, Үндэсний сурын харваа, Лам нарын тэмцээн, Урлагийн тоглолт, Аялал жуулчлалын үзэсгэлэн болж өндөрлөлөө.

Даншиг наадамд 256 хүчит бөх барилдсанаас Архангай аймгийн Булган сумын харьяат улсын Начин Р.Пүрэвдагва түрүүлж, Даншгийн Арслан цол хүртлээ. Харин Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын Гарьд Б.Гончигдорж үзүүрлэв. Хурдан морины Азарга насны уралдаанд түрүү байранд Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Х.Баярбатын Хээр зүсмийн азарга хурдаллаа. Их насны морьдын уралдаанд нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Н.Мөнхбаясгалангийн Зээрд халзан зүсмийн хурдан хүлэг түрүү байр эзэлсэн бол Соёолон насны уралдаанд Төв аймгийн Бүрэн сумын харьяат Ө.Жамаагийн Хул зүсмийн соёолон түрүүлэв. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Д.Арвингийн жижиг зээр жороо морьдын уралдаанд түрүү байр эзэллээ. Үндэсний сурын харвааны төрөлд нийт 369 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс сур харваан эрэгтэй төрөлд улсын мэргэн Б.Батбаатар, эмэгтэй харваачдын төрөлд Спортын мастер И.Цэцэгмаа нар тэргүүлэв.

“Даншиг наадам-Хүрээ цам-2015” шашин, соёлын наадамд түрүүлж, үзүүрлэсэн хүчит бөх, хурд шандсаа сорьж, айргийн тавд хурдалсан морьдын бай шагнал, цэц мэргэнээ уралдуулсан сур харваачдад шагналыг нийслэлийн ИТХ –ын дарга Д.Баттулга, Гандантэгчилэн хийдийн Их Шанзодба Л.Ариунжаргал, Да лам Х.Бямбажав, Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Даншиг наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар гардуулав.

Нийслэлийн ИТХ – ын хурлын дарга Д.Баттулга тус наадмыг хааж хэлсэн үгэндээ “Юуны өмнө Монголчуудын шашин, соёлын уламжлалт “Даншиг наадам-Хүрээ цам”-ыг 100 гаруй жилийн дараа сэргээн тэмдэглэн өнгөрүүлж байгаад таатай байна. Энэхүү наадмыг иргэд, сүсэгтэн олонд зориулан зохион байгуулахаар санаачилга гаргасан Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийд болон бусад хийд, дацангийн удирдлагууд, лам нартаа нийслэлийн иргэдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Уламжлалт ёс заншлаа дээдэлж, сэргээсэн сайхан наадам болж өндөрлөлөө” гэлээ.

Гандантэгчилэн хийдийн Да лам Х.Бямбажав “Монголын Бурхан шашны сүм хийдүүдийн санаачилгыг дэмжиж Даншиг наадмыг хамтран зохион байгуулсан нийслэлийн удирдлагуудад талархалаа илэрхийлье. Уламжлалт шашин, соёлоо дээдлэн сэргээсэн “Даншиг наадам-Хүрээ цам-2015” наадамд Монголчуудын буян заяаг даатган шүтдэг Очирваани шүтээнээ дэлгэн залж, Хүрээ Жахар цамыг уламжлал ёсоор нь сэргээж, эрийн гурван наадмыг зохион байгуулаа. Наадамчид, сүсэгтэн олон Та бүхний маань буян заяа үргэлж өөдөө байх өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

4 / 33

URL:

Сэтгэгдэл бичих