О.Магнай ШӨХТГ-т тунирхсаар явна
ШӨХТГ-ын дарга асан О.Магнайгийн гомдлын мөр өнөөдрийг хүртэл тасраагүй явна.
Гудамны тэмцэгчээс гэнэт АН-ын ах нарынхаа ивээлээр ШӨХТГ-ын даргын албанд заларсан тэрээр “Шийдлийн засгийн газар” байгуулагдахтай зэрэгцэн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн билээ. О.Магнай ажлаа өгөх үедээ хамтарсан засгийн бүтэц, үйл ажиллагаа таалагдахгүй байна гэсэн тайлбарыг хийж байсан хэдий ч АН-ынхан түүнийг хэт бодлогогүй, төрийн ажлыг сэтгэл хөдлөлөөр явуулдгийн улмаас алдаатай шийдвэр гаргаж, эргээд өөрөө уучлал гуйхаас аргагүй байдалд ордог хэмээн шахсаар аргагүй байдалд хүргэсэн гэх бор шувуу нисэж байсан.
Тэрээр одоогоор ямар нэгэн төрийн алба горилолгүй шуудхан ирэх сонгуулиар нэр дэвшихээр зэхэж гэр зуурхан буй гэгддэг О.Магнай ШӨХТГ-ын даргын албанаас бууснаасаа хойш үе үесхэн хуучин газрынхаа бууриар эргэж, ганц нэг матаас бичихээ мартаагүй хэвээр явна.
Тухайлбал, өөрийн твиттер хуудсандаа ШӨХТГ-ын үнэ цайтай номнуудыг шинэ бүтэц нь “шатаасан” хэмээн жиргэсэн ч тус газраас шатаасан гэгдээд буй номууд архивт хадгалагдаж байгаа гэх тайлбарыг хийж байсан.
Тэгвэл энэ удаа мөн өөрийнхөө твиттер хуудаснаа “ШӨХТГ-ын ажилчдын 90 хувийг Т.Аюурсайхан халж сольсон” хэмээн жиргээд амжсан байна. Харин О.Магнайгийн уг өдөөлтөд Т.Аюурсайхан ямар нэгэн тайлбар хийсэнгүй.
О.Магнай ч мөн анхлан уг газрыг түшихдээ баг бүрэлдэхүүнээ шинэчлэх бодлого барьж, зарим ажилчид нь гэнэт халагдсан асуудлаар гомдол мэдүүлээд амжсан нь бий.
Гэтэл Т.Аюурсайхан албаны гурван даргыг хүсэлтээр нь чөлөөлж, О.Магнайгийн хууль бусаар халсан нь тогтоогдсон 9 хүнийг эргүүлж авсан гэдгээ мэдэгдсэн нь сонирхол татна.
Түүнчлэн О.Магнайгийн ажлаас нь халсан хүмүүсийн дунд ахуйн газ дэлбэрэх үеэр дүүгээ аварч, биеийнх нь 90 хувь түлэгдсэн А.Цэрэнтогтох хүүгийн аав Б.Амарбат байсныг ажилд нь эргүүлсэн авсан талаар хүүгийн эцэг уламжилсан ч бий.
Дашрамд сонирхуулахад, ШӨХТГ-ын албан хаагчдын өнөөгийн бүрэлдэхүүн дунд ахуйн газ дэлбэрэх үеэр дүүгээ аварч, биеийнхээ 90 хувийг түлэгдүүлсэн А.Цэрэнтогтох хүүгийн аав Б.Амарбат ажилладаг аж. Тэрээр шинэхэн даргаа амьдралыг нь ойлгож, жирийн нэгэн жолооч гэж үл тоолгүй, хатуу бэрх цагт тусалж дэмжиж байгаад нь талархлаа илэрхийлжээ.
Ингэж О.Магнайгийн зүгээс ажилчид халж сольсон, ном шатаасан зэрэг маргаан өрнүүлсээр нэлээд удав.
Ямартай ч цагийн юм цагтаа үлдэж, эзний алба ээлжтэйн жишгээр О.Магнай ажлаа өгч, ШӨХТГ одоо Т.Аюурсайханаар толгойлуулж байна. О.Магнай энэ мэтээр ШӨХТГ-ыг муулан, пиардаа нэмэх оноо цуглуулах гэж байгаа бол андуурсан хэрэг болох мэт.
Ажлаа нэгэнт өгсөн бол атаархах сэтгэл агуулгалгүйгээр хийж бүтээж байгааг нь хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй юм биш үү, О.Магнай экс дарга аа.
URL: