АНУ-тэргүүтэй эвсэл “Лалын улс”-д 27 удаа агаараас цохилт өгчээ
АНУ тэргүүтэй эвслийн хүчин Сири болон Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн байрлалуудад 27 удаа агаараас цохилт өглөө гэж АНУ-ын Төв командлал өчигдөр мэдэгдэв. “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх кампанит ажлын хүрээнд АНУ тэргүүтэй эвсэл тус бүлэглэлийн байрлалуудад 5600 гаруй агаарын цохилт өгсөн байна.
Сөнөөгч, бөмбөгдөгч, алсын удирдлагатай онгоцоор агаарын цохилтуудыг өгчээ.
Сирийн Кобани, Алеппо, Хасеке, Ракка хот дахь “Лалын улс” бүлэглэлийн байрлалуудад 11 удаа агаараас цохилт өгч, тус бүлэглэлийн байлдааны байрлал, тактикийн нэгж, дэд бүтцийг устгасан бол Иракийн найман хот дахь “Лалын улс” бүлэглэлийн байрлалуудад 16 удаа агаараас цохилт өгч, тус бүлэглэлийн машин, байлдааны байрлал, тактикийн нэгж, зэвсгийн агуулах, цэргийн баазыг устгасан байна.
“Агаарын цохилт өгөх эвсэл болон түнш орнуудын хуурай замын цэргүүд Ирак, Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн босогчдыг бүсэлж, шахалт үзүүлж байна. Тус бүлэглэлийг устгахад эвслийн гишүүн орон болгон чухал үүрэг гүйцэтгэж байна” гэж уг эвслийн Штабын удирдагч, бригадын генерал Кевин Киллеа мэдэгдэв.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: