Долоон сарын настай МАНАН ариллаа
-МАН засгаас гарлаа-
МАН-ын зургаан сайд ажлаа муу хийсэндээ биш хамтран байгуулсан гэрээгээ биелүүлээгүй гэдгээр суудлаасаа огцорлоо. Өөрөөр хэлбэл, нэг намын буюу АН-ын улс төрийн шийдвэрээр МАН засгаас гарлаа, өчигдөр. Энэ УИХ-ын хувьд анхнаасаа буруу хөл дээрээ босч олонхи, цөөнхийн давхаргыг илүүтэй гаргасан. “АН хүч түрсэн шийдвэрийг удаа дараа гаргаж байна” хэмээн сөрөг хүчин бишгүй олон удаа ярьсан. МАН-ынхны хувьд зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөөгүйг эсэргүүцэж, чуулганы танхимын үүдэнд буйдантай суулт зарлаж байсан удаатай. Энэ үйл явдал 2012 оны аравнэгдүгээр сарын 28-нд болж, улс төрийн хүрээнд тэмдэглэгдэн үлдсэн.
Тийм ээ, энэ бол 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын хамгийн том хар бараан зүйл. Нөгөөтэйгүүр Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрыг сөрөг хүчин шүүмжилж, сайд нарыг нь хариуцлагагүй ажиллаж байна гэдгээр огцруулах асуудлыг хоёр ч удаа УИХ-аар оруулсан. Мөн Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг тавьж байсан. Гэвч бүгд суудалдаа үлдэж чадсан юм. Гэвч АН-ынхан өөрсөдөө Н.Алтанхуягийнхаа Засгийн газрыг унагааж, улс төрд бас л хар бараан түүхийг өгүүлсэн үйл явдлыг долоохон сарын өмнө гаргасан. Ингээд Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдох үед нийгэм, эдийн засаг хүндэрсэн гэдэг шалтгаанаар МАН-ынхнаасаа аврал эрж, тэднийг Шийдлийн Засгийн газартаа урьж оруулсан явдал бий. Гэтэл өнөөдөр урьсан намаа голж, тэр байтугай гэрээгээ биелүүлээгүй гэдгээр зөвхөн өөрсдийн эрх ашгаас хандан хөөчихлөө. Зургаан сайдыг нь ч огцруулчихлаа. Харин тэднээс аврал гуйж буй эдийн засгаа өөд татаж, сэхээрүүлэх том амлалтаа хэрэгжүүлж чадах эсэхийг харах үлдлээ.
Харамсалтай нь улс төрийн тогтворгүй байдал монголчуудыг юунд хүргэх бол, АН-ынхаан. Гадныханд Монголын нэр хүнд өсөх үү. Үүнд санаа зовсон олон хүн байхад эрх баригч намынханд энэ бүхэн хамааралгүй мэт аашилж байна. Тэд харин эсрэгээрээ гомдол мэдүүлж “МАН зургаан сайддаа ажиллах хийх боломж олгоогүй, намын даалгавраа биелүүлэхийг шаардсан. Сайд нарыг огцруулах үйл явцад үнэн хэрэгтээ МАН-ын дотоод зөрчил ихээхэн түлхэц үзүүлсэн” хэмээн үгэн дайралтуудыг ар, араасаа урсгаж байна. Ямар ч байсан улс төрийн ертөнцөд хэрүүл маргаанаар тэмцэлдэж ирсэн МАНАН-гийн засаг уналаа, ариллаа. Түүнчлэн энэ хоёр нам хэзээ ч хамтарч чадахгүй гэдэг нь үүгээр эцэс болох биз.
С.БАЯСГАЛАН
www.newscom.mn
URL: