Хэрэгтэн гадаад хүн бол дээшээ Монгол хүн бол доошоо

527-1438906743olloo_mn_1438907758_yondonМанайхан аль ч шатандаа гадаадынхан гэхээр өлмийд нь сөгдөж, монгол хүн гэхээр муухай хардаг. Цаадуул нь хэд гурван цаас өгдөг болохоор тэгдэг нь нууц биш. Ингэсээр сүүлдээ цагаандаа гарч буруу хэрэг хийж, хууль зөрчсөн гадаадын иргэнийг уучлаад явуулчихдаг, газар шороо, гол усаа аврахаар тэмцсэн өөрийн иргэнээ шоронд хорьдог ийм л тогтолцоонд хүрэв.
Төрийн тэргүүнээсээ өгсүүлээд хууль хяналтын байгууллага нь хүртэл ийм болчихсон. Ерөнхийлөгч биеэрээ тэгж үлгэрлэж байхад бусад нь ч яалтай билээ. Монгол Улс дотроо монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж, нэр хүнд, цаашилбал амьд явах эрх, амьдрах боломж, бололцоо бүх юм улам бүр унаж байна.
Гажиг тогтолцооны ганц нэгээхнээс жишээ болгож сонирхуулахад, саяхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Ц.Ёндон гэгч манай улсын түүх, соёлын ховор дурсгалуудыг хилээр гаргах гэж байгаад баригдав.
Тэр дотор нь Өндөр гэгээн Занбазарын 21 Дарь эх болон Нархажидын гap бичмэл зэрэг 30 орчим эртний судар, мөнгөн савхтай хийжүү хээгээр чимэглэсэн хэт хутга, цаа бугын эврээр хийсэн гар хийцийн хутга байсан байна.
Гэмт хэргийн тухай мэдээллийг холбогдох газрууд өөрсдийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд өгөхдөө зураг дээрх хүний дүр төрхийг танигдахгүй болгож, нүдийг нь тагласан байна. Тэгэх ч ёстой энэ буруу биш л дээ.
Хамгийн гол нь манайхан дотооддоо бол хэн ч байсан нүдтэй, чихтэй нь зургийг нь нийтэд тараагаад цацчихдаг. Ямар сайндаа л жил тойрон шүүхээр явж байгаа Д.Буяндоржийн шүүх хуралдаан дээр байгаа зургуудыг цахим хуудсаас олж харсан бяцхан үрс нь уйлж нулимсаа барах вэ дээ.
Гадаадын хүн хэрэг хийсэн тохиолдолд зургийг нь танигдахгүй болгож мэдээлдгээс тэд л ийм давуу эрхтэй. Монгол хүң Монголдоо ийм эрхээр хязгаарлагддаг гээд хэлчихэд хилсдүүлсэн болохгүй нь.
Бас нэг жишээ байна. Тэр бол Бурхан Халдунд хууль бусаар “халдаж”, хайгуулын ажлын зураг гаргаад явж байсан Францын зургаан жуулчныг барьсан атлаа ямар хариуцлага тооцсон талаараа ТЕГ одоо болтол ус балгасан мэт байгаа явдал.
Дотооддоо ийм хэрэг зөрчил гаргасан бол шалгаж дууссан ч юм уу, үгүй ч юм уу сүр дуулиан болгож, нөгөө нүдтэй, чихтэй нь, тухайн хүний дүр төрхийг далдалсан юмгүй олон нийтэд шууд цацдагаараа цацчих байсан биз. Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ийм л тэнгэр, газар шиг ялгаатайгаар үйлчилж байна.
Л.Хэрлэн
Эх сурвалж: Зууны мэдээ

URL:

Сэтгэгдэл бичих