Хятадын технологийн эрин асуй

167300-07082015-1438906807-1609887056-1-Хятад улс 2050 он гэхэд дэлхийн технологийн өнгийг тодорхойлно-

Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэнд болох “Apple”-ийн хувьцааны ханш мягмар гарагт 3.8 хувиар суларлаа. Ердөө нэг өдрийн өмнө “Аpple” компани Хятадын зах зээл дэх манлайллаа дотоодын компаниудад алдаж, гуравдугаар байр руу гулссан гэх мэдээлэл гарсан юм. Дэлхий даяар нийт 500 сая хэрэглэгчтэй “Аpple”-д ганцхан зах зээл ингэж хүчтэй нөлөөлсөн нь гайхаж болохуйц шалтгаан. Гэхдээ АНУ, Их Британи, Япон, Австралийн хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэхүйц Хятадын зах зээл гэхээр эргэлзээ тайлагдаж байна.

Тиймээс “Apple”, “Samsung” зэрэг гар утасны томоохон компаниуд энэ зах зээлийн төлөө өрсөлдөж байна. “Apple”-ийн гүйцэтгэх захирал Тим Күк өнгөрсөн тавдугаар сард урд хөршид айлчилж, нэг сая акр буюу 304 мянган га талбайг ойжуулна гэдгээ амласан. Энэ нь “Apple” тус зах зээлд ямар их ач холбогдол өгч буйн илрэл.

Хятад улс “Цахиурын хөндий” шиг найман төв байгуулахаар судалж эхэлжээ.

Харин Хятадын “Xiaomi”, “Huawei” зэрэг компаниуд оны эхний хагаст дотоодын зах зээлээ тэргүүллээ. “Xiaomi” компани л гэхэд эхний зургаан сард 34 сая гар утас борлуулжээ. Өнгөрсөн онд орлогоо 135 хувь өсгөсөн тус компани 2015 онд амжилтаа ахиулахаар төлөвлөөд буй. Мөн “Huawei” компани оны эхний хагаст орлогоо 67 хувиар өсгөжээ.

Эдгээрээс гадна өвөрмөц стратеги баримталдаг “Oneplus” компанийг онцолж болно. Тус компанийн саяхан гаргасан “Oneplus 2” утас 72 цагийн дотор нэг сая захиалга авлаа. Хэрэглэгчид энэ утсыг хүссэн үедээ худалдан авах боломжгүй бөгөөд заавал урьдчилан захиалга өгснөөр урилга авч байж, “Oneplus 2”-ыг эзэмших учиртай. Өнөөг хүртэл хэрэглэгчид ээлжээ хүлээсээр байна. Ийнхүү Хятадын гар утас үйлдвэрлэгчид амжилт олж буйн нууц нь юу вэ? Нэгдүгээрт, өмнөд хөршийн тэрбум хэрэглэгч олон тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нэгжид ногдох зардлаа бууруулах боломж олгож байна.

Мөн гар утас үйлдвэрлэх бааз, суурь энэ улсад бэхэжсэн. Хэрэв анзаарсан бол таны “iPhone”-ийн ард “Калифорнид зохион бүтээж, Хятадад үйлдвэрлэв” гэсэн бичиг бий. Мөн тус улсын далайн эргийн хотууд техник, технологи хөгжүүлэх хамгийн тохиромжтой цаг ууртай. Түүнчлэн бүтээгдэхүүнээ дэлгүүрээр бус онлайнаар худалддаг, хямд ажиллах хүчтэй зэрэг нь урд хөршид хямд үнэтэй гар утас үйлдвэрлэх боломж олгож байна. Ийм утсаа тэд дотооддоо борлуулаад зогсохгүй Энэтхэг, Индонезод худалдаалж эхэллээ. Энэ хоёр улсын хүн ам нийлээд 1.4 тэрбумыг давна. Тэгэхээр тэднийг Хятадтай адил зах зээл, хаалгаа нээгээд хүлээж байна.

УХААЛАГ МАШИНЫ “УРАЛДААН”-ААС ХОЦРОХГҮЙ

Дэлхийн автомашины тэргүүлэх зах зээл болох Хятадад Герман болон Японы компаниуд түлхүү өрсөлддөг. Тиймээс барууны томоохон компаниуд тус улсад автомашины үйлдвэрээ байгуулаад байгаа. Өнгөрсөн улиралд BMW-ийн Хятад дахь борлуулалт буурснаар тус компанийн орлого буурсан. Мөн “Huandai” компанийн Хятад дахь борлуулалт буурсан тул SUV ангиллын хоёр загварынхаа үнийг арван хувиар хямдруулснаа мягмар гарагт мэдээллээ. Ийнхүү борлуулалт буурч буй нь эдийн засгийн удаашралаас үүдэлтэй гэж шинжээчид дүгнээд байгаа. Үүнтэй зэрэгцэн “Geely” зэрэг Хятадын компаниуд барууны томоохон брэндийг “хуулаад”, хэрэглэгчдэд хямд үнээр санал болгож эхэлсэн. Мөн Хятадын хөгжил шинэтгэлийн хороо “Daimler”, “Audi”, “Toyota” зэрэг компанид монополийн эсрэг шалгалт хийсэн нь эцсийн дүндээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжжээ. Энэ дунд Си Зиньпиний авилгын эсрэг тэмцэл ч нэмэр болсон тал бий аж.

Дэлхийн автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудын инновацийн өрсөлдөөнөөс Хятадын компаниуд дутсангүй. Тухайлбал, интернет хайлтын системийн “Google” компани ухаалаг автомашин үйлдвэрлэхээ зарласан. Тэгвэл Хятадын “Google” гэгддэг “Baidu” ч жолооны хүрдгүй автомашин бүтээхээ өнгөрсөн сард мэдэгдээд байна.

САРЫГ ЭЗЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Тэд сансарт хөлөг хөөргөх төлөвлөгөөгөө 2008 онд биелүүлсэн. Цаашид ОХУ, АНУ-аас урьтаж сарыг “эзлэх”-ээр төлөвлөж байна. Жил гаруйн өмнө Хятадын нисэгчид сансраас дунд сургуулийн сурагчидтай шууд холбогдож, огторгуйн талаар хичээл зааж байсан. Энэ нь тус улс сансар судлалын салбарт хэрхэн анхаарч буйн илрэл юм. Энэ ч утгаараа 2020 онд гэхэд саран дээр бууж, хөрснөөс нь дээж авахаар төлөвлөөд байна.

Үүнээс гадна Хятадад онлайн худалдаа эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд интернет идэвхтэй хэрэглэгчдийн тоо 500 саяыг давжээ. Энэ нь АНУ-ын хөрөнгийн зах зээлээс 25 тэрбум ам.доллар босгосон “Alibaba” шиг компаниудыг бий болгоод байна.

Эцэст нь, 2050 он гэхэд Хятад улс дэлхийн технологийн өнгийг тодорхойлно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тус улс шинжлэх ухаан, технологийн 2050 он хүртэлх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа. Мөн үйлдвэрлэл, экспортод бус шинэ санаачилга, дотоодын эрэлтэд тулгуурласан улс болохоор зорьж байгаа юм. Тиймээс Хятад улс “Цахиурын хөндий” шиг найман төв байгуулахаар судалж эхэлжээ. Одоогоор урд хөршийн технологийн компаниудын эдийн засагтаа үзүүлж буй нөлөө эрчим хүч, уул уурхай, банк санхүү зэрэг томоохон байгууллагаас бага. Гэхдээ тэд хэдхэн жилийн дараа АНУ-ын ДНБ-ий 0.5 хувийг бүрдүүлдэг “Apple” шиг болоход ойрхон байна.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих