Маргааш аавуудын өдөр тохионо
Монголын Эрэгтэйчүүдийн холбооноос санаачлан 2005 оноос эхлэн гэр бүлийн ноён нуруу, өмөг түшиг, хайрт аавыгаа энэрэн хайрлаж, хүндлэн бахархаж, тэдний нэр хүнд, үүрэг хариуцлага үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор “Аавуудын өдөр”-тэй болгож, энэ жил улс даяар “Аав нараа хайрлая, хүндэтгэе” уриан дор 11 дэх жилдээ тэмдэглэж байна.
Энэ өдөр бол гэр бүлийн өдөр. Аав хүүхэд хоёрыг ойртуулах, ёс зүй хүндэтгэлийн өдөр. Тийм ч учраас Монголын эрэгтэйчүүдийн холбоо, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газартай хамтран бүх дүүргүүдэд “Хүүхэд хамгаалалд аавуудын оролцоо” гэсэн сэдвээр аав болон хөвгүүдийн дунд хэлэлцүүлгийг амжилттай өрнүүлээд байна.
Хэлэлцүүлгийн үр дүнгээс гарсан саналуудаас үзэхэд төр засгийн түвшинд гэр бүл рүү чиглэсэн арга хэмжээг идэвхтэй явуулж, аав хүний эрхэм чанар, үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарч, бодлогоор дэмжих, иргэдийн хууль эрх зүй, ёс суртахууны мэдлэгтэй болгоход анхаарах, хүүхэд хамгааллын чиглэлээр явуулж буй бүхий л үйл ажиллагаанд аавуудыг хамтад нь идэвхтэй оролцуулах зэрэг зөв зүйтэй саналууд дэвшүүлсэн юм.
Түүнчлэн “Аавуудын өдөр” арга хэмжээний хүрээнд Монголын эрэгтэйчүүдийн холбоо, Мөнхийн залуу нас ахмадын холбоотой хамтран аавуудад зориулсан цэнгүүн зохион байгуулж байгаа бөгөөд тэдний эрүүл мэндийг дэмжих, идэвх санаачлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
URL: